“Хархорум” музей нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

“Хархорум” музей нээлтээ хийлээ

Монгол Японы найрамдалт харилцааны үндсэн дээр түмэн дурсгалт Орхоны хөндийд “Хархорум” музей үүд хаалгаа нээлээ. Тус музей нь Дэлхийн өв Орхоны хөндий дахь түүх дурсгалыг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Музейн нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 4-нд болж, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Япон улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такуо Кидокоро, ХБНГУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пиус Фишер нар болон улс төр, нийгэм, соёлын томоохон төлөөлөгчид оролцлоо. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг 1971 онд улсын хамгаалалтад авсан бөгөөд 2004 онд ЮНЕСКО Хархорум хотын туурийг багтаасан “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг Дэлхийн өвд бүртгэсэн билээ.

Хархорум музей нь гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд үзмэрийн хэсгийг чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, эртний улсууд, монголын эзэнт гүрэн гэж ангилаад тэдгээр түүхэн үеүдтэй холбоотой эд өлгийн зүйлүүдийг дэлгэн үзүүлжээ. Үүнд, Чингис хааны үед 1221 оны орчим гүйлгээнд хэрэглэгдэж байсан мөнгөн зоос багтсан ба тус зоосны  нүүрэн талд “Аугаа их Чингис хаан” гэж арабаар бичжээ. Бас Өгөдэй хааны үеийн мөнгөн зоос, Хубилай хааны үеийн пайз буюу гэрэгэ зэрэг олон сонирхолтой соёлын өв үзмэрт тавигдсан байна. Засгийн газраас Хархорум музейг дохиолол хамгаалалт, хяналтын системээр бүрэн тоноглох, шаардлагатай тавилгаар хангах, музейнгадна талбайг тохижуулах зэрэг ажилд улсын төсвөөс 450 сая төгрөгийг зарцуулаад байна. Хархорум хотын туурийн дэргэд Хархорум музейг байгуулж байгаа нь үзэгчдэд газар дээр нь бодит хэрэглэгдэхүүнийг үзүүлж үнэн мэдээллийг өгөх нь түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж