Гүний усны идэр нас 10-12 жил үргэлжилнэ, цаашид…

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Гүний усны идэр нас 10-12 жил үргэлжилнэ, цаашид…

“Говь нутаг цөлийн бүс гэж хэлэгдэх цаг айсуй” хэмээх үгийг байгаль орчны мэргэжилтнүүдийн саяхан болсон зөвлөгөөний үеэр сонслоо. Үзэсгэлэнтэй, үнэ цэнтэй газар хэмээн хэдхэн жилийн өмнө бичиж суусан юмсан, говь нутгийг. Гэтэл  удахгүй “түүнийг” цөл гэж нэрийдэхээс өөр аргагүй болох хэрэг үү  гэсэн бодол зурсхийв. Харин өдгөөгийн хээрийн бүс одоогийн байдлаараа үргэлжилбэл мөн л хэдхэн жилийн дараа цаг уур, байгалийн тогтцын хувьд говь гэх ангилалд багтах гэнэ. Хараа шилжихийн аргагүй тэнэгэр уудам, элсэн манхан, хааяадаа сэтгэл баясган таарах баянбүрд, тосоод авмаар ойрхон нар, туйлж давхих зээр, хулан,  товор товор гишгэлэх тэмээн сүргийн нутгийг түүхийн түмэн он жилүүдэд авгайлж ирсэн шигээ  “ГОВЬ” гэж нэрлэмээр байх юм, ирээдүйд ч мөн адил.

Байгалийн өөрийнх нь хувьсал болоод хүний буруутай үйл ажиллагаа хангайг хээр, хээрийг говь, говийг цөл болгож байна. Угаас уур амьсгал ийнхүү хурдацтай өөрчлөгдөхийн зэрэгцээ Монгол орны өмнөд говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй эхэлж буй нь байгаль орчны мэргэжилтнүүдийг дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж буй. Өдгөө Монгол орны нийт  нутаг дэвсгэрийн 94.7 хувь нь цөлжилтөд өртсөнөөс 72.5 хувь нь хүчтэй нэрвэгдсэн гэх үзүүлэлт байна. Ялангуяа өмнөд говийн бүсийн Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уур амьсгалын эл өөрчлөлт эрчимтэй ажиглагдаж байгаа юм. Энэ бүс нутагт нүүрс, алт, зэс, молибден, жонш, уран зэрэг эрдэс баялгийн арвин нөөцтэй. Гэсэн хэдий ч ашигт малтмалыг олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн хүндрэлтэй асуудал бол усны олдоц. Хур тунадас улирлын чанартайгаар туйлын бага унаж, түүнээс үүдэн газрын гүний усны хуримтлал маш удаан бий болдог, байнгын урсгалтай гол, горхи байхгүй зэрэг говь нутгийг хэт халуун, хуурай, ширүүн нөхцөл рүү түлхэх олон шалтгаан бий. Дээрээс нь тус бүс нутаг дахь эрдэс баялгийг нээн илрүүлж, олборлохын тулд гадаргын усны жаахан байгаа нөөцийг шавхаад бараг дуусч байгаа. Говийн аймгуудын хэмжээнд  одоо том, жижиг олон уурхай ажиллаж байгаагаас усыг хамгийн их хэмжээтэйгээр хэрэглэгч нь зэс-молибдений Цагаан Суварга, хүрэн нүүрсний Шивээ-Овоо, чулуун нүүрсний Овоот Толгой, Нарийн Сухайт зэрэг орд байрладгаас усны асуудал нэн хүндээр тулгарч буй нь Оюутолгой, Тавантолгойн орд газрууд болж байна.

Уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд говийн гүний усыг авч ашиглах үзэгдэл хаа сайгүй таарч байна. Тухайлбал, Шивээ-Овоогийн уурхайн орчим нь тогтмол усгүй бөгөөд ширүүн бороо орох, цас хайлах үед бага зэргийн ус хатаж ширгэсэн гол, нуурын сайранд тогтдог байна. Гэсэн хэдий ч хэт давсархаг учир ашиглах аргагүй гэж үздэг. Улмаар уурхайн хөрсөн доорх гүний усыг цооногоор авч, унд болон үйлдвэрлэлийн шат дамжлагад ашиглаж байна. Цооногоор секундэд дунджаар 5-13 литр ус ундардаг ба энэ байдлаар ашигласаар байвал 27 жилийн дараа гэхэд Шивээ-Овоогийн уурхайн орчмын гүний ус шавхагдаж дуусна гэх тооцоог Дэлхийн банкны мэргэжилтнүүд өнгөрөгч 2010 онд хийсэн байх юм. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Мардайн орд орчимд мөн л гадаргын ус байхгүй.  Хайгуулаар ойролцоох Улз, Сэвсүүл голуудад ундарга тогтоож, 20 км үргэлжлэх шугаман хоолойгоор дамжуулан хэрэгцээт усаа авч ашигладаг байна. Эл хоёр жишээнээс гадна хууль бус, далд байдлаар говийн гүний усыг үйлдвэрлэлдээ зөвшөөрөлгүй авч ашигладаг уурхай, компанийн тоон хяналтаас гарсан гэхэд хилсдэхгүй.

Нүүрсний хувьд олборлолтын дөрвөн үе шатанд ус шаардлагатай. Үүнд, нүүрс угаах, тоос дарах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цахилгаан эрчим хүч болон ажилчдын хэрэгцээнд ус чухал хэрэгцээтэй. Нэг тонн нүүрс олборлоход 100-200 лирт ус зарцуулдаг гэх албан бус тоо байна. Харин ийм хэмжээний нүүрс угаахад 400-600 литр ус нэмэлт байдлаар хэрэгтэй.  Энэ байдлаар жилд 11 сая тонн нүүрс олборлоод, түүнийгээ угааж, баяжуулна гэвэл  зарцуулах усны хэрэглээ хоногт 9000 метр куб буюу есөн сая литр болох нь. Нөгөө талаас зайлшгүй хэрэглэгч болох хүн амын төвлөрлийг тандахад, ахисан түвшний хөгжлийн үед өмнөд говийн бүсэд 800 мянга орчим иргэн оршин сууна гэх тооцоо бий. Улмаар говийн усны хэрэгцээ 2020 он гэхэд жилдээ 400-450 мянган куб метр буюу 450 орчим сая литр болж өсөх гэнэ.

Тавантолгой ба Балгасын улаан нуур

Зөвхөн өмнөд говийн бүс төдийгүй улс орны эдийн засгийг өөд татах томоохон найдлага бүхий Тавантолгойн орд газар. Уурхайн үйл ажиллагаанд ус мөн л тулгамдсан асуудал болоод буй.  Гидрогеологийн нөхцөлийн хувьд Тавантолгойн орчмын эрдэс баялгийг ил аргаар олборлоход тохиромжтой гэж дүгнэдэг. Улмаар эхний ээлжинд олборлолтод шаардлагатай усыг уурхайд урсан орох усаар хангах боломжтой гэж дүгнэх хүмүүс байна. Энэ эх үүсвэр нь хур тунадас болон хөрсний дээд хэсгийн газрын доорх уснаас бүрэлдэх гэнэ. Эл хоёр эх үүсвэрээр уурхайд хоногтоо 2000 метр куб буюу хоёр сая литр ус урсан орж ирэх боломжтой гэж үзжээ. Олборлолтын хэрэгцээг дээрх байдлаар хангаж, харин ундны усны хэрэглээг Балгасын улаан нуурын цэнгэг усны ордоос авч ашиглах ёстой гэх байр суурьтай хэсэг бий. Тэгвэл уурхай жилд 30 сая тонн нүүрс олборлох үед өдөр тутам 50 мянган метр куб буюу 50 сая литр ус шаардлагатай гэх урьдчилсан тооцоо байна. Товчхондоо уурхайн олборлолтод хэрэгцээтэй 50 сая литр усыг  хур тунадас болон газрын гүний дээд хэсгийн нөөц болох хоёр сая литр усаар хангана гэх төлөвлөгөө нэг байтугай нэжгээд хуруу хол зөрсөн тооцоолол болж таарлаа. Үнэн гэвэл, Тавантолгойн орд газрын ундны болон үйл ажиллагааны бүхий л шат дамжлагын усны хэрэгцээг Балгасын улаан нуураас хангаж таарна.

Тавантолгойн ордоос баруун урагш 70 км-т байрлах Балгасын улаан нуурын уст үе дунджаар 60-80, зарим газартаа 130 метрийн гүнээс эхэлдэг байна. Усны ундарга нь секундэд 0.01-0.09 лирт гэж сүүлийн судалгаагаар тогтоожээ. Нуурын нийт нөөцийн хувьд хоногт 40 мянга гаруй  метр куб, секундэд 465 литр. Гэвч энэ бол одоогоос 25 жилийн өмнөх судалгааны дүгнэлт. Нэг үгээр тухайн үед Балгасын улаан нуур орчмын 199 ам км талбайгаас секундэд 465 литр ус ундрах боломжтой гэж үзсэн бол 2008 онд ус ундрах талбайн хамрах хүрээ нь 60 гаруй км болж багассан ба секундэд авч болох усны хэмжээ 150 литр болтлоо буурсан байгаа юм. Нөгөө талаас, Балгасын улаан нуурын газрын доорх уснаас хоногт 10 сая литрээр авч ашиглавал 25 жилийн дараа гэхэд төдийлөн буурахгүй гэх эрдэмтдийн дүгнэлт байдаг. Гэхдээ ордын олборлолтын ид үед өдөртөө 50 сая литр ус шаардлагатай гэдгийг дахин сануулах нь илүүц. Тиймээс Тавантолгойн сав газрын төрийн мэдлийн хэсэг болох 68 мянган га талбайд олборлолт явуулахын тулд Балгасын улаан нуурын цэнгэг усны ордын өдгөөгийн нөөц байдлын талаар дорвитой судалгаа хийж, байгаль орчинд нөлөөлөх байдлын стратегийн үнэлгээг боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч буй.

Оюутолгой ба Гүний хоолой

Ордын төлөвлөсөн олборлолт ирэх 4-5 жилд өдөртөө 11 мянган тоннд хүрч, үйл ажиллагаанд шаардагдах усны хэмжээ хоногт хамгийн ихдээ 63 мянган метр куб буюу секундэд 729 литр ус ашиглахаар байна. Харин үйл ажиллагааны эхний жилүүдэд секунд тутам дунджаар 430-518 литр шаардлагатай гэх урьдчилсан тооцоо бий. Оюутолгойн орчимд гадаргын усны нөөц мөн л байхгүй учир усны хайгуул судалгаа хийсэн.

Улмаар ордоос 60 км зайд орших Галбын говьд усан хангамжийн АММИ компани Гүний хоолойн ордыг илрүүлсэн ба газрын доорх ус секундэд 810 литрээр ундаргах боломжтой гэж үзсэн байдаг. Ус агуулагч давхаргын зузаан нь 120 метр, нийт эзэлхүүн нь 510 орчим ам км. Ордын усыг Оюутолгой руу 67 км үргэлжлэх 900 мм голч бүхий ган яндан хоолойгоор дамжуулж, уурхайн ойролцоох хиймэл нуурт байршуулахаар төлөвлөжээ.

 Эндээс  эхний жилүүдэд секунд тутам 430 литр, хамгийн ихдээ 518 литр ус авч ашиглах боломжтой гэж үзсэн байна. Харин АММИ компанийн хийсэн дүгнэлтээр секундэд 812 литр ус авах байдлаар Гүний хоолойн ордыг 25 жил ашиглах нөөцтэй гэжээ. Улмаар ордыг Оюутолгойн ашиглалтын төлөвлөж буй хугацаа болох 40 жилийн турш ашиглахаар тооцоо судалгаа хийж, ус татах худгуудын байршил, тоо хэмжээг төлөвлөж буй. Мөн усны нэмэлт эх үүсвэр болгож Галбын говийн гүний усыг секундэд 130 литрээр авч ашиглахаар төлөвлөжээ.

Гүний ус хуртай жилд 1 мм-ээр нөхөн сэргэдэг

2020 онд говьд хэрэгцээтэй 450 мянган метр куб усны 300 мянга нь зөвхөн уул уурхайн үйлдвэрлэлд зарцуулагдана. Секунд тутам хэдэн зуун литрээр нь ховх сорох  гүний ус өнөөдрийг хүртэлх хэдэн мянган жилийн хугацааг туулан говийн элсэн доор хуримтлагдсан байж таарна. Гэтэл эргэж нөхөн сэргэхдээ бүтэн жилийн хугацаанд 1 мм-ээр л түвшин нь нэмэгдэж, төлждөг байх юм. Хур бороо багатай жилд бол хуримтлал огтоос үүсдэггүй байна.
Угаас олборлолт явуулж буй аль ч уурхайн эргэн тойрны таван км радиус бүхий талбай усгүйддэг гэх олон улсын тогтсон тоо бий. Тодруулбал уурхай бүр ойр орчмынхоо 7850 га газрыг усгүйжүүлдэг гэсэн үг. Усгүйжүүлэлтийн энэ нөлөөнд газрын гүний ус ч мөн автдаг байна. “Газрын доорх усан сангуудын ус нь дахин нөхөгдөх боломжгүй учир тэдгээрийг хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой байх хэрэгтэй” гэж Дэлхийн банк судалгаандаа онцгойлон сануулжээ. Нөгөө талаас, газрын гүний ус нь хөрсний өнгөн хэсгийн дээд давхаргын усан сангуудтай судлан холбоотой байдаг учир хэчнээн болгоомжтой ашиглалаа ч сөрөг нөлөөлөл нь байгаль экологид шууд тусна гэжээ. Тухайлбал гүний усны түвшин багасах, шавхагдах үед газрын дээд давхарга аяндаа хатаж, говьд хааяадаа үзэгдэх бага зэргийн хур борооноос өөр тэжээлгүй болсноор хүрээлэн буй орчин үхжиж эхэлдэг нь хүссэн хүсээгүй бий болох эрсдэл гэнэ.  Өмнөд говийн бүсийн газрын доорх ус дараагийн 10-12 жилийн хугацаан дахь уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг  хангалттай нөхөж чадна, харин түүнээс хойшх хугацаанд байгаль эхийн он удаан жилд хуримтлуулж хадгалсан нөөц хэр хүрэлцээтэй байхыг одоо тааж тооцоолох аргагүй хэмээн олон улсын судалгааны байгууллага дүгнэжээ.
Нэг үгээр, өнгөрсөн он жилүүд говь нутаг дахь гүний усны өсөх нас байжээ гэж үзэхэд ирэх 10-12 жил идэр нас, түүнээс цаадах хугацаа хижээл, өтөл, өндөр нас, цаашлаад мөхлийн үе болж таарах нь. Говийн хөрсөнд мянга мянган жилээр “бойжсон” гүний усыг бид өнөө цагт ийм амархан мөхөөх учиргүй. Авч ашиглахаас аргагүй цаг үе тулж ирсэн ч гэлээ арвитай хэрэглэх нарийн тооцоо судалгаа, төлөвлөлтөөр говийн гүний усыг арай удаан амьдруулах юмсан. 

Э.Сайхантуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж