Мэдээллийн ил тод байдлын тухай хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдлын тухай хэлэлцлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай болон Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Тухайлбал, хуулийн төслийн нэрийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай гэж өөрчлөх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад Байгууллагын нууцын тухай хууль үйлчлэхгүй гэсэн заалтыг хасахаар болов. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат “Төсөлд байгаа цахим хуудас гэсэн үгийг нийтэд нээлттэй интернэтэд байрлуулсан цахим баримт бичиг гэсэн утгаар ойлгох”, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Төслийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн Тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бодитой үндэслэл байгаа бол” гэсэн заалтыг хасах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар байнгын хорооны гишүүдээс ямар нэг асуулт, санал гарсангүй. Улмаар энэхүү тайлантай холбоотой саналаа  УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болж шийдвэрлэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж