Олимпийн аварга заалны барилдаанд шөвгөрөв

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга заалны барилдаанд шөвгөрөв

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг үндэсний бөхийн аймгийн арслан цолтойг бөхийн хорхойтнууд андахгүй биз ээ. Их спортоор хичээллэхээсээ өмнө үндэсний бөхөөр чамгүй сайн барилддаг байсан түүнийг улсын цол хүртэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг байв. Харин олимпийн аварга болсноосоо хойш үндэсний бөхийн бэлтгэл хийж, заал танхимын барилдаанд зодоглоогүй байсан аймгийн арслан Н.Түвшинбаяр сүүлийн нэг сарын хугацаанд хоёр ч удаа заалны барилдаанд зодоглолоо. Үүний нэг нь өчигдөр болсон “Мөнхийн үсэг” группийн 20 жилийн ойн нэрэмжит барилдаан юм.

Монгол дээл, малгайгаар гоёж, үндэсний бөхийн ёс заншлаа хүндлэн “Бөхийн өргөө”-нд ирсэн олимпийн аварга энэ барилдааны шөвгийн наймд үлдэж, үзэгчдийн талархал хүлээв. Үүний өмнө тэрбээр олимпиос хойш анх удаа заалны барилдаанд хүч үзсэн нь тавдугаар сарын 22-нд “Аса” циркт болсон, “Дээд төрөлтөн” үндэсний бөх судлалын төвөөс зохион байгуулсан багийн барилдаан байсан юм. Энэ барилдаанд Н.Түвшинбаярын багийнхан түрүүлсэн байдаг.

“Жүдо бөхөөр амжилт гаргахад үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт нь том хөшүүрэг болсон” хэмээн ярьдаг Монголын анхны олимпийн аварга ийнхүү зүлэг ногоон дэвжээнээ үндэсний спортоороо хүч үзэж эхэллээ. Албан ёсоор наадмын бэлтгэлд гараагүй байгаа ч олон түүхэн ой давхацсан өнөө жилийн баяр наадамд түүнийг зодоглож магадгүй юм хэмээн үзэгчид харуулдаж суугаа бололтой. 

Б.Баясах

Гэрэл зургийг  WWW.INET.MN сайт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж