NBA-д шинэ аварга төрлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

NBA-д шинэ аварга төрлөө

Ахмад тоглогч Дирк Новицкигээр ахлуулсан “Даллас Маверикс” NBA-ын аварга боллоо. Өнөөдөр нарлаг Майамид болсон аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолтод Жейсон Терри 27 оноогоор багаа тэргүүлж, Новицки 21 оноо авснаар “Маверикс” үндсэн цагт 105:95 харьцаатай ялалт байгуулж, 1980 оноос түүхээ бичиж эхэлсэн тус баг 31 жилийн түүхэндээ анх удаа NBA-ын аваргын цом хүртэх эрхтэй боллоо. Мөн л Майамид болсон цувралын эхний тоглолтод хожигдсон ч сүүлийн таван тоглолтын дөрөвт нь илүүрхсэн Далласын баг ийнхүү орчин цагийн шинэ их гурвалын хүсэл мөрөөдлийг үгүй хийж, аваргын бөгж гартаа гялалзуулахаар болж байна.

“Майами Хит”-ээс “Хаан” Жеймс 21 оноогоор багаа манлайлсан бол Крис Бош 19, Марио Чалмерс 18, Двейн Уейд 17 оноо авсан ч өрсөлдөгчөө буулган авч чадсангүй. Тоглолт өндөрлөсний дараа “Маверикс”-ийн эзэн Марк Кубан талбайд гүйн гарч ирээд дасгалжуулагч Рикийг тэврэн авч, баяр хүргэж буй нь харагдав. Харин NBA-ын супер оддын нэг Леброн Жеймс хэдийнэ есөн улирлыг NBA-д үдсэн ч анхны аваргын цомоо наанадаж дахин нэг жил хүлээх хэрэгтэй боллоо.

NBA-ын түүхэн дэх шинэ аваргуудад, тэдний үнэнч фенүүдэд баяр хүргэе.

С.Цэлмэг

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

Аваргын цомоо гардаж байгаа цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж