Уурхайчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Уурхайчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг шүүхэд өгнө

“Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөний тэргүүн Б.Агваандондовыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-“Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнийхөн Зас­гийн газарт шаардлага хүр­гүүлэхдээ зургадугаар сарын 9-өөс үйл ажиллагаагаа зэ­рэг эхэлнэ гэсэн байсан. За­рим компани үйл ажил­лагаагаа эхэлчихээд байна. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна вэ. Засгийн газраас та бүхэнд ямар хариу өгсөн бэ?

-Засгийн газар тодорхой хариу өгөөгүй. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд биднийг болон хуулийн төсөл шинээр санаач­лагчдыг ихээхэн эсэр­гүүцэж байна. Тиймээс уур­хайчид УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнийг шүүхэд өгөх ёстой гэж үзэж байгаа.

-Ямар үндэслэлээр шүү­хэд өгөх гэж?

-Хэрэг хуучирдаггүй шүү дээ. Тужийн нарсыг огтлон устгаж, Хятад руу ачуулаад, шатаагаад дуусгасныг Сэлэн­гийнхэн бүгдээрээ мэднэ. УИХ-ын гишүүн ч байсан хэ­рэг хийсэн л бол хүлээх ёстой. Тиймээс уурхайчид энэ асуудлаар Б.Бат-Эрдэнэ ги­шүүнийг шүүхэд өгнө. Б.Бат-Эрдэнэ гишүүн одоо ярьж байгаа шигээ бай­га­ль дэлхийдээ үнэн сэт­гэ­лээ­­сээ хайртай хүн биш шүү дээ. Хэзээ тийм байгаль хам­гаалагч болчихсон юм бэ. Нөгөөтэйгүүр тэрбээр Мон­голын парламентын түүхэнд хамгийн бүдүүлэг, тооцоо судалгаагүй хууль санаачлан олон хүнийг хохироолоо. Хэрэв хэвийн, стандарт хууль байсан бол өдийд маргаангүй хэрэгжээд явж байх ёстой. Аливаа хууль хүн бүрийн санаанд нийцдэггүй ч хэрэгжүүлж болдог. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, алхам бүртээ саад бэрхшээлтэй тулгарч байна.Засгийн газар, уурхайчид, иргэд хүртэл энэ хуулийн хор хохирлыг нэгэн дуугаар хэлж байна шүү дээ. Өөрөө болохоор уул уурхайд хүнийг ч, үйлдвэрийг ч ашиглаж, мөнгө олох хэрэгсэл болгож чаддаг. Бусад хүн ашиглах гэхээр саад хийдэг байж болохгүй.

-Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ гишүүн уул уурхайн салбарт өөрөө бизнестэй, ашиг сонирх­лын зөрчилтэй гэсэн үг үү?

-Лицэнзээ цуцлуулсан 254 компа­ниас 50 орчим нь л үйл ажиллагаа явуулж байгаа. Бусад нь зөвхөн төрөөс нөхөн олговор авах гэж байгаа, үйл ажиллагаа явуулдаггүй. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулахгүйгээр нөхөн олговор авах гэж байгаа хэсэгт үйлчлээд, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нухчин дарж байна. Тиймээс л нийтэд нь нөхөн олговор олгох гэж үхэн хатан тэмцээд байгаа нь хардлага төрүүлж байна. УИХ-ын гишүүд ямар өөрийнхөө нэрээр бизнес хийдэг биш. Бид энэ талаар хардах бүрэн эрхтэй. Нөхөн олговор авах аль нэг компанийн ард нэр бүхий гишүүд байгаа учраас бидний үйл ажиллагааг хааж, нөхөн олговрын төлөө улайраад байгаа ч юм билүү. Б.Бат-Эрдэнэ аварга улсын наадамд арван удаа түрүүлэхдээ хэдэн төгрөг олсон юм бэ. Гурван өрөө байр ч худалдаж авах хэмжээний мөнгө олоогүй. Бөхчүүдийг “Эрдэнэт” үйлд­вэрт шахаа хийх  аргад Б.Бат- Эрдэнэ аварга л сургасан.  Шохойгоо “Эр­дэнэт”-д ша­хах гээд, авахгүй болохоор нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дар­гыг солих гээд хөөцөлдөөд явж байсныг нь олон хүн мэднэ. Өвсийг хүртэл Хятад руу гаргах гээд явж байсан. “Хэрлэн Говь” төслийг мөн л ийм аргаар унагаасан нь Монгол Улсын эсрэг хийсэн гэмт үйлдэл билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч зөн­дөө бичиж байсан. Тэ­гээд яагаад өнөөдөр усанд хайр­тай гэж яриад байгаа юм бэ. Гэтэл Б.Бат-Эрдэнэ гишүүн яагаад төрийн сайдыг “дотор санаатай, хужаа аргаар ажил­лаж байна” хэмээн гүтгэн доромжилж болдог юм бэ. Тэдний эцсийн зорилго нь сонгуульд ялах, эрх мэдэл олж авах явдал. Эрх мэдлээрээ л мөнгө хийдэг хүмүүс шүү дээ.

-Та уул уурхайн ком­паниуд байгаль сүйтгэж бай­на гэдгийг ер нь хүлээн зөвшөөрөх үү?

-Лицензтэй талбайдаа үйл ажиллагаа явуулснаар байгаль сүйтгэчихсэн компани хаана байгаа юм бэ. Газар шороог хөрсөн дороос баялгийг хөндөж байж л авна. Дараа нь нөхөн сэргээнэ. Дэлхий нийтээр ингэж ажиллаж байгаа. Өнөөдөр уул уурхай нь өндөр хөгжсөн гээд байгаа улс оронд цагтаа манайхаас аймшигтайгаар байгалиа сүйтгэж байсан. Бүх арга, технологи нь одоогийхоос хавьгүй бүдүүлэг байсан шүү дээ. Гэвч нөхөн сэргээсэн. Тэгж байж хөгждөг. Дэлхий нийт өнөөдөр алт, бусад баялгаа усан дор олборлож, ашиглаж байна. Монголд л сөрөг нөлөөтэй, бусад оронд тийм биш байдаг юм уу.

-Тухайлбал, өнгөрсөн баа­сан гарагт УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй. Нөхөн сэргээсэн ч анх байсан шигээ хөрс шороо нь эдгэхгүй” хэмээн бухимдан хэлсэн. Та бүхэн нөхөн сэргээлт хийсэн га­зар­­таа урьж харуулаад, тайл­барлаад ойлголцож болохгүй гэж үү?

-Нөхөн сэргээлттэй танил­цуулахад бид үргэлж бэлэн байдаг. Харамсалтай нь тэд үнэхээр нөхөн сэргээлтийн ажил ямар байгаатай танил­цах хүсэлтэй байдаггүй юм. Миний бодлоор сонгууль дөхөж байгаа учраас л тэд чанга дуугарч, хүмүүст таалагдахын тулд ингэж ярьж байна. Үнэн хэрэгтээ нөхөн сэргээлтийн явцат очиж үздэггүй.Энэ талаар судалдаггүй. Кадастрын газ­рын дарга саяхан телевизээр ярьсан. Тэрбээр “Ашиглалтын лицензтэй талбай нь манай нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлж байна. Тэр 0.3 хувийн хөндөгдсөн хэсэг нь 0.0001 хувь байгаа. Үүний 50 орчим хувь нь нөхөн сэргээгдсэн” гэдгийг тайлбарласан. Эн­дээс үзэхэд улстөрчид нам хоо­рондоо улс төр хийдэг байсан бол одоо улс орны тэргүүлэх салбараар улс төр хийдэг болжээ.Уул уурхайгүйгээр Монгол Улс хэдэн жил хөгжиж ирсэн юм бэ. Өнөөдөр эмнэлэг, сургууль, ахмадууд, хүүхдүүд гээд төрөөс халамж үзүүлж буй бүх салбар уул уурхайн салбараас олсон орлого дээр тогтож байна. Үнэхээр уул уурхайн салбарыг хааж байгаа бол байгальд халтай гэж үзэж байгаа бүх салбарт ижил хандах хэрэгтэй. Мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбар байгаль орчинтой холбоотой. Арьс ширний үйлдвэрлэлээ ч зогсоох хэрэгтэй.  Ялгаварлах хэрэггүй. Тэгээд яаж хөгжих вэ. Бидний үзэж байгаагаар хууль бүх салбарт тэгш үйлчлэх ёстой. Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу уул уурхайн салбарыг хөгжүүлье л гэвэл үйл ажиллагааг нь хуулийн дагуу үргэлжлүүлж, нөхөн сэргээлтээ ч хийж, хөгжиж дэвшихээс өөр аргагүй.

-Нөхөн олговрыг олгох та­лаар Засгийн газар шийд­вэрээ гаргасан. Энэ нь та бүхэнд хангалтгүй санагдаж байна уу?

 -Нөхөн олговрыг олгох нь улс орны эдийн засагт хүнд, хохиролтой шүү дээ. Өгөх хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй.Гэхдээ нөхөн олговрыг тэд өгч, бид автал шүүх, хуулийн байгууллагаар олон жил дамжсан маргаан үүсэх нь дамжиггүй. Дэлхий нийтийн жишгээр өгвөл олох байсан орлогыг, зарцуулсан зардалтай нь нөхөж өгөх ёстой. Иргэд УИХ-ын гишүүдийг сонгохдоо тэдэнд компаниудыг дарамтлах эрх олгоогүй юм шүү. Зөвхөн тэдэнд ярих эрх олгоогүй. Бид ч бас учир байдлаа хэлэх эрхтэй. Уул уурхайн компаниуд төрийн шийдвэрт ч, гаргасан алдаанд ч асар хүлээцтэй хандаж байгааг ойлгох хэрэгтэй.

-Та бүхэн УИХ-ын нэр бүхий гишүүдэд бухимдаж байгаа болохоос Монголын төрийг буруутгаагүй биз дээ. Монгол хүмүүс байна, ямар нэг байдлаар учраа ололцъё гэж оролдож байсан уу?

-Бид хэлэлцээрийн ши­рээний ард сууя.  Телевизээр хам­тарсан ярилцлагад оръё гэж олонтаа хэлж байсан.Биднийг хүлээж авдаггүй. Б.Бат-Эрдэнэ  тэргүүтэй ги­шүү­­дээс гадна асуудлыг хоёр талтай авч үзэх, хангалттай ухамсартай хүмүүс байгаа учраас бид тэдэнд найдаж байна. Тийм учраас л хүлээцтэй хандаж байна. Түүнээс биш цөөн хэдэн гишүүнээр Монголын төрийг төлөөлүүлж, бухимдаад байж болохгүй л дээ. Тухайлбал Хөвсгөлийн тайга сөнөж байхад тойргийн гишүүд нь энд “Байгаль хамгаалах хэрэгтэй” гэж яриад сууж байх хэрэг байна уу. Үнэхээр эх оронч юм бол хурлаа хаяад газар дээр нь очиж байгалиа хамгаалах хэрэгтэй биз дээ. Б.Бат-Эрдэнэ аварга цагаан сарын барилдаанаар гурав даваад түрүүлэн ард түмнийг доромжилж байсан. Түүн ши­гээ өнөөдөр биднийг юу ч гэж хэлэхээс буцахгүй, элдвээр хэлж байгаа.

-Одоогоор хэдэн компани үйл ажиллагаагаа эхлээд байна вэ?

-Бүх компани үйл ажил­­лагаагаа эхэлсэн. Эх­лэх­гүй байх аргагүй. Яагаад ком­­паниудаар ингэж тог­лож байгаа юм бэ. Бид улс­төрч­дийн амны зугаа биш. Зас­гийн газраас уулын ажлын тө­лөв­лөгөөг нь баталж, тоног төхөөрөмж захиалуулан, сэл­бэг хэрэгслийг авахуулаад, хү­мүүсийг нь ажилд гаргаад, банкны болон лизенгийн зээ­лийн гэрээ хийгээд яг ажлаа эх­лэхээр үйл ажиллагааг нь хаачихлаа. Ийм төр байдаг юм уу.

-Үйл ажиллагаагаа эхэл­сэн компаниудад дарамт шахалт ирж байна уу?

-Өдөр болгон цагдаагийн бай­гууллага, мэргэжлийн хянал­тын байгууллагаас хү­мүүс ирж, тойрч явж үзээд ажил хийлгэхгүй байна. Бид нэг босвол боссон шиг босно.

-Уучлаарай, бослого гар­гана гэсэн үг үү?

-Бүх амьдрал, эд хөрөн­гө, хүч хөдөлмөр, цаг хуга­цаагаараа хохирсон би­дэнд өөр алдах юм байхгүй.  Хэрэв ажил хийлгэхгүй л бол хүмүү­сээ аваад ирж тэмц гэж уриалах болно. Уул уурхайн компанитай хамаг амьдралаа хол­босон, хамтарч ажилладаг хэдэн зуун мянган хүн бий. Бид улсад ямар хэмжээний татвар төлдөг билээ. Тэгэхэд биднийг эсэргүүцэж байгаа гишүүд улсад ямар татвар төлдөг вэ. Хамгийн гол нь бид тэдний цаана төр гэж бий. Төр ухаалгаар шийдэж, иргэдээ, бизнесмэнүүдээ хохироохгүй гэдэгт итгэсэндээ хүлцэн тэвчиж байгаа.

-Хуулийн шинэ төслийг тэд­гээр гишүүн бас эсэр­гүүцэж байгаа. Та бүхэн тэр төслийг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Шинэ хуулийн төслийн гол агуулга нь өмнө нь олгосон лицензүүдээр үйл ажиллагааг явуулах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналтыг чангатгах, шинээр лиценз олгохгүй байхад чиглэж байна. УИХ дотор илүү эрүүл саруул сэтгэлгээтэй хүн олон бий. Уул уурхайгүйгээр хөгжих аргагүй гэдгийг тэд ойлгож байна. Төрийн өндөрлөгүүд нь гадаад орнуудад айлчлахдаа “Манайд зэс, алт, бүх баялаг байна. хөрөнгө оруулаач” гэдэг. Ирээд гэрээ хэлцэл хийгээд хөрөнгө оруулахаар нь “Байгаль сүйтгэлээ,  явц­гаа” гэдэг энэ байдал манай улсын нэр хүндэд ч сөрөгөөр нөлөөлж байна.

-Гадаадын хөрөнгө оруу­лалттай компаниуд энэ нөх­цөл байдалд хэрхэн хандаж бай­на вэ?

-Маш их гайхаж байгаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд гадны хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг зог­соогоогүй. Үндэсний хэ­дэн компанийг л лацадсан. Тэ­гэхээр хэний захиалгаар, ямар бодлого хэрэгжүүлээд байгааг нь Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдээс асуумаар байна. Ард нь хэн байгаа юм бэ. Монголын хэдэн компанийг хаалгаад, цаашаа юунд хүрэх гээд байгаа нь хардлага төрүүлдэг. Биднийг эсэргүүцэж буй нэр бүхий эрхэм гишүүдэд “Өөр зүйлээр шоу­даж сонгуульдаа оролц. Заа­вал улс орныхоо ганц амьд салбараар оролдох хэрэггүй” л гэж хэлмээр байна.

-Салбарын сайдын байр суурь үйл ажиллагаанд та бү­хэн ямар дүгнэлттэй бай­на вэ. “Урт нэртэй” хуу­лийг хэрэг­жүүлэхгүй,  хэ­рэг­­жүү­лэхийг хүсэхгүй бай­на хэмээн буруутгагдаж байна. Зарим гишүүний түүнийг дээрх үндэслэлээр огцруулах болно гэж хэлсэн шүү дээ?

-Ухаантай л хүн бол энэ асуудлыг хоёр талтай авч үзнэ. Улс орныг мөнгөгүй үед нь уул уурхайн салбар, тэр тусмаа алт олборлогчид хөрөнгө босгож, төсөвт их хэмжээний мөнгө төвлөрүүлж байсан. Гэтэл өнөөдөр “Та нар хэрэггүй. Үйл ажиллагааг чинь хааж байна” гэж төрийн яам, УИХ тэр чигээрээ хариулахгүй байх. Энэ бол эрүүл шийдвэр биш. Гэтэл салбарын сайдыг ийм шийдвэр гаргасангүй гэж улс төр хийх гэж байгаа нь мөн л увайгүй үзэгдэл гэж бид үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа

Б.ЭНХЦЭЦЭГ
 

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж