“Хуруун шилний” хүүхдүүд мэндэлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Хуруун шилний” хүүхдүүд мэндэлж эхэллээ

Хорвоод эмэгтэй хүн болж төрөөд үрийн зулай үнэрлэж чадахгүй байна гэдэг хяслантай. Ээж аавдаа эрхлэн тоглох бяцхан үрсийг хараад хорвоо надад үрийн заяа хайрласангүй хэмээн харуусах хүн энэ хорвоогийн хамгийн зовлонтой нэгэн бизээ. Үргүйдлийг эмчлэх нь манай орны хувьд ч биш дэлхий дахинд эрүүл мэндийн бус тухайн улс орны нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг олон улсын эрдэмтэд хэлжээ.

Монгол Улс хүн ам цөөн тул нөхөн үржихүйн асуудал эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд тавих чухал асуудлын нэг гэдгийг ч эмч нар ярьдаг.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ судалгаагаар залуу гэр бүлийн 15 хувь нь үргүйдэлтэй бай­даг гэсэн дүн гарчээ. Үргүйдэл нь тухайн гэр бүлийн гишүүдийн али­наас ч шалтгаалж болно. Мөн ор­ганиз, сэтгэлзүйн, мэргэжил болон нийг­мийн хүчин зүйлс нөлөөлдөг гэнэ. Үргүйдлийн шалтгааныг эмэг­тэй­­чүүдэд 40 орчим хувь, эрчүү­дэд 30 орчим хувь тохиолддог гэж оношилдог бол хосуудын аль алинаас нь 20 хувь хамаардаг гэж үздэг байна. Өдгөө дэлхийд дунджаар долоон гэр бүл тутмын нэг нь хүүхэдтэй болж чадахгүй байгаа бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг эрдэмтэд судалжээ. Тиймээс эрдэмтэд хүн төрөлхтөний ургийн алтан хэлхээг таслахгүйн тулд анагаах ухааны хөгжлийн нэгэн сэжмийг энэ асуудлыг шийдэхэд зориулжээ.

Монгол Улсад үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийдэг хоёр ч эмнэлэгтэй болсон байна. “Сонгдо” эмнэлэгт 300 эмэгтэй үр суулгуулахаар хандсан бөгөөд одоогоор 40 эмэгтэйд амжилттай суулгаж, тэд үрийн зулай үнэрлэхээ хүлээж суугаа гэнэ. Тус эмнэлэгт өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үр тогтоох мэс ажлыг хийж байгаа юм байна. Үүнийг Солонгосын эмч Чой  тус эмнэлэгт хийж байгаа. Үр шилжүүлэн суулгах хүсэлтэй олон эхчүүд  тус  эмнэлэгт ханддаг гэнэ.
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар-Сонгдо” эмнэлэг манайд үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил шахам болж байна. Солонгос улсаас нарийн мэргэжлийн эмч нар ирж ажилладаг, шинжилгээний сорьцыг тус улс руу илгээж хариуг нь авдаг зэрэг давуу талтай учир тэднийхээр үйлчлүүлэх сонирхолтой хүмүүс олон бий. Зөвлөгөө мэдээлэл авахын тулд 20 хоно­гийн өмнө дараалал бичүүлж үзүүлж байна гэж нэгэн өвчтөн ярьж байсан. Түүний хэлсэнээр бол “дурангийн хагалгааг амжилттай хийж бай­гаа гадаадын эмч нарын сургаар үйлчлүүлж яваа өвчтөн. Гадагшаа явж олон сая төгрөг үрэхийн оронд бо­ломж олдож байгаа дээр нь үзүүлэх гэсэн хүн олон байна” гэж байсан. Мөн  дээрхи гадаадын эмч нараар үйлч­лүүлж байгаа хүмүүсийн дунд “юм хөгжихийн ухааныг магтан дуулж” байсан.  Бүхнийг гадаадаас байсан үе моодноос гарч байгаа бололтой.

Судалгаагаар 25-30 насны эмэгтэйчүүдийн 10 эмэгтэй бүрийн нэг нь үргүй байдаг гэсэн байна. Мөн нэгэн хувийн эмнэлэгт хандсан эмэгтэйчүүдийн 27 хувь нь 25 хүртэлх, 55 хувь нь 25-35, 18 хувь нь 35-аас дээш насныхан байжээ. Сонгдо эмнэлэгт үр шилжүүлэн суулгахаас гадна дэлхийн алдартай “Mayо” клиникийн эмч нар дурангийн хагалгааг долоо хоногийн хугацаатай хийж байгаа. Дурангийн хагалгааг “Mayо” клиникийн  эмч  Марк, Жонн Дэвит нар өдөрт 30-40 өвчтөн үзэж 3-4 хагалгааг амжилттай хийж байгаа гэдгийг өвчтөнүүд нь талархан ярьж байсан. Дурангийн хагалгаа гэдэг нь бага хэмжээний зүсэлт хийж, үүнийгээ дурангаар гүйцэтгэхийг хэлнэ. Энэхүү арга нь зүсэлт хийх хуучны аргыг бодвол хагалгаанаас үүсэх сорви, хэвтэн эмчлүүлэх хугацаа бага, хэвийн амьдралдаа эргэн орохдоо хурдан зэрэг давуу талуудтай  юм.

Сонирхолтой баримт

-Хамгийн анх 1987 онд Францын эмэгтэйчүүдийн эмч Moure гэдэг хүн энэхүү хагалгааны аргаар цөсний хагалгааг хийсэн ба үүнээс хойш мухар олгой зэрэгт туршиж, хожим өргөнөөр хэрэглэх болсон байна.

Дурангийн тусламжтайгаар мухар олгойг авах хагалгааг анх Германы эмэгтэйчүүдийн эмч Semm 1982 онд амжилттай хийсэн гэх болов ч албан ёсоор мэс заслын эмч нар хийж эхэлсэн нь 1987 он. Харин 1990 оны эхээр албан ёсны мэдээллүүд гарч  эхэлсэн байдаг. Саяхныг хүртэл хэвлийн хөндийн эрхтэнүүдийн мэс заслыг хийхдээ хэвлийн хэсгийг хагалгааны хутгаар 20-30 см орчим зүсэлт хийх замаар хагалгаа хийж ирсэн билээ. Сүүлийн үед дуран хагалгааны арга өндөр хөгжиж байна. Хэвлийн хөндийн мэс заслыг хийхдээ 1см-0,5 см-тэй хоёр ширхэг байхад л хангалттай гэнэ.

Харин доорх тохиолдлуудад дурангийн хагалгааг хийхийг хориглодог.

  • Хурц хэлбэрийн цөсний үрэвсэл болон peritonitis хавсарсан үед
  • Нойр булчирхайн хурц үрэвсэл хавсарсан үед 
  • Даралт өндөр ба цус алдах зэрэг хүнд хэлбэрийн цусны өвчтэй хүмүүс
  • Цээжний хөндийн хагалгаанд орч байсан хүн
  • Жирэмсэн эх

Гэхдээ зарим тохиолдолд жирэмсэн эхэд дурангийн галгаа хийхэд хүрдэг ч анхаарал болгоомж, мэргэжлийн ур чадвар их шаардсан хүнд мэс засалд ордог байна.

-Үр шилжүүлэн суулгах ажлыг анх 1978 онд Англи улсад хийж эхэлсэн байна. Үүнийг хэрэглэж эхэлсэн даруйд 700 мянга гаруй хос үр хүүхэдтэй болжээ. Судалгаанаас үзэхэд жилд дунджаар  30 мянган “хуруу шилний хүүхэд” төрдөг юм байна. 2002 онд хуруу шилэнд үр тогтоох аргаар бий болсон нэг сая дахь хүүхэд төржээ.

Үр шилжүүлэн суулгахын тулд ЭХО, ДОХ, БЗХӨ болон цусан дахь дааврийн шинжилгээг өгнө. Мөн эрэгтэй нь үрийн шингэний шинжилгээ өгдөг. Шаардлагатай тохиолдолд удамшил зүйн болон бусад нарийн шинжилгээг өгдөг гэнэ. Шинжилгээ өгснөөс хойш хоёр долоо хоногийн дараа хосууд тус бүр дээр эмчилгээ хийж эхэлдэг.

Ш.ЧИМЭГ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж