Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхэм

   Нэр: Дэвид Роберт Жозеф Бэкхэм

   Төрсөн он, сар, өдөр: 1975 оны 2-р сарын 2

  Төрсөн газар: Лейтонстоун, Лондон, Англи

   Өндөр, жин: 183 см, 75 кг

   Спортын төрөл: Хөлбөмбөг

Английн хөлбөмбөгч Дэвид Роберт Жозеф Бэкхэм Хойд Америкийн MLS-ийн “ЛА Галакси” багт хүчин зүтгэж буй дэлхийд данстай шилдэг тамирчин билээ.

Тэрбээр FIFA-гийн оны шилдэг хөлбөмбөгчийн төлөөх өрсөлдөөнд хоёр удаа хоёрдугаарт бичигдэж байсан бөгөөд 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогчоор тодорч байсан юм. Тэрбээр мөн Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт 100-аас дээш тоглолтод оролцсон Британийн анхны тоглогч бөгөөд 2003, 2004 онд “Google” хайлтын системээр хамгийн олон давтамжтай хайгдсан спортын алдартан болжээ. Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн супер оддын нэг тэрбээр мөн томоохон загварын орднуудтай хамтран ажиллаж, тэдний нүүр царай болж, улмаар хөлбөмбөгийн хүрээний загварын бэлгэ тэмдэг гэх албан бус нэртэй болсон юм.
 
Дэвид Бэкхэм 2000 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн 2006 оны ДАШТ өндөрлөтөл Английн шигшээ багийн ахлагчийн алба хашиж, энэ хугацаанд 59 тоглолтод эх орныхоо нэрийн өмнөөс хөлбөмбөгийн ногоон талбайд гарчээ. Дэлхийн аваргаас хойш ч гэсэн тэр Английн шигшээг төлөөлж, тоглолтод оролцсоор байсан ба 2008 оны гуравдугаар сарын 26-нд Францын шигшээ багийн эсрэг тоглож, 100 дахь тоглолтдоо оролцсон байна. Өдийг хүртэлх хугацаанд тэр эх орныхоо төлөө 115 тоглолтод оролцон, Английн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Тэрбээр 1992 онд 17 настайдаа “Манчестер Юнайтед” клубтэй гэрээ байгуулснаар мэргэжлийн хөлбөмбөгчийн карьераа эхлүүлж, “МанЮ”-гийн хамт зургаан удаа Премьер лигт түрүүлснээс гадна FA Cup-ын алтан цомыг хоёр удаа хүртэж, 1999 оны Аваргуудын лигт алтан цом өргөжээ. 2003 онд Бэкхэм Испанийн эзэн хаан “Реал Мадрид” клубт зарагдаж, “Оддын цуглуулга”-д багтсан бөгөөд тэнд дөрвөн жилийг өнгөрүүлэхдээ сүүлийн жилд нь Ла лигийн аваргын цом хүртсэн байна.
Харин 2007 оны нэгдүгээр сард Бэкхэм “Реал”-ыг орхих гэж буй тухай мэдээлэл цацагдах болж, улмаар Хойд Америкийн хөлбөмбөгийн дээд лигийн “ЛА Галакси” багтай таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Түүний гэрээ 2007 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөржиж, Бэкхэм MLS-ийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болсон юм.

Тэрбээр нэгэн үе дэлхийн поп урлагийн ертөнцийг атгаж байсан Британийн алдарт “Spice Girls” хамтлагийн гишүүн Виктория Адамстай гэрлэсэн бөгөөд хосууд өдгөө гурван хүүгийнхээ хамт Калифорни мужийн Беверли-Хиллст амьдарч байна.

БАГА НАС

Дэвид Бэкхэм 1975 оны тавдугаар сарын 2-нд Английн нийслэл Лондон хотын Лейтонстоун дүүрэгт Дэвид Эдвард Алан Бэкхэм болон Сандра Жоржина нарын цорын ганц хүү нь болон мэндэлжээ. Аав нь гал тогооны тоног төхөөрөмжийн засварчин, харин ээж нь үсчин байв. Балчир хүү байхаасаа л Чинфорд дахь Рижвей Паркт бөмбөг өшиглөж, тус дүүргийн Чейс Лейний хувийн сургуульд суралцах болжээ. Хожим нь, 2007 онд өгсөн нэгэн ярилцлагадаа Бэкхэм “Намайг бага сургуульд байхад багш маань надаас чи том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ гэж асуухад нь би бодох ч юмгүй хөлбөмбөгч болно гэдэг байлаа. Гэтэл багш маань үгүй ээ, бүр ажил мэргэжил чинь юу байх вэ гэхэд нь би хөлбөмбөг л миний хийхийг хүсдэг ганц зүйл гэж хариулж байсан юм” хэмээн дурссан байдаг. Дэвид христийн шашинтай, өвөөгөө “Есүс”, харин аавыгаа “хагас Есүс” хэмээн тодорхойлдог бөгөөд 2003 онд хэвлэгдэн гарсан “Both Feet on the Ground” намтарчилсан номондоо бага байхаасаа л эхлэн аав, ээж болон эгч Линн, дүү Йоанныхоо хамтаар христийн сүмд тогтмол очдог байсан тухайгаа бичсэн байдаг юм. Түүнчлэн хөлбөмбөгт хайртай англичуудын жишгээр Дэвидийн аав, ээж нь “Манчестер Юнайтед”-ын үнэнч фанатууд байсан бөгөөд тэдний тоглолтыг үзэхийн тулд Лондонгоос Манчестерийг зорьж, Олд Траффорд цэнгэлдэхэд очдог байжээ.  Бяцхан Дэвид ч аав, ээжийнхээ нөлөөгөөр “Улаан чөтгөрүүд”-ийн хөгжөөн дэмжигч болсон байна. Тэрбээр бага байхдаа Манчестер хотод орших алдарт Бобби Чарльтоны нэгэн хөлбөмбөгийн сургуульд элссэн бөгөөд хөлбөмбөг тоглох авьяасаараа тэмцээнд түрүүлж, Испанийн “Барселона” клубын бэлтгэлд оролцож, дэлхийн шилдгүүдийн хамт хэсэг хугацааг өнгөрүүлэх завшаан тохиосон байна. Тухайн үед Дэвид “Рижвей Руверс” гэх залуучуудын багт тоглодог байв.

ХӨЛБӨМБӨГИЙН ЕРТӨНЦӨД

1992 онд “Манчестер Юнайтед” FA Youth Cup-т түрүүлэхэд Дэвид Бэкхэм тэдний бүрэлдэхүүнд байлаа. “Кристал Палас”-ын эсрэг хийсэн финалын тоглолтын хариу тоглолтод Бэкхэм гоолдсон юм. Улмаар тэр жилдээ Бэкхэм анх удаагаа “МанЮ”-гийн үндсэн багт багтаж, лигийн цомын тэмцээний “Брайтон энд Хув Албьон” багтай хийсэн тоглолтод сэлгээгээр талбайд гарч, тун удалгүй мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар гэрээнд үзэглэжээ.

1994 оны хоёрдугаар сарын 7-нд Дэвид Бэкхэм UEFA-гийн Аваргуудын лигт анх удаагаа тоосоо өргөж, хэсгийн сүүлийн тоглолтод “Улаан чөтгөрүүд” Туркийн “Галатасарай”-г 4:0-ээр бут ниргэхэд тэрбээр хувь нэмрээ оруулж, нэг гоол оруулсан байна. Гэхдээ энэ ялалт хангалттай байсангүй, тэд хэсгийн тоглолтод онооны зөрүүгээр “Барса”-д ялагдаж, хэсэгтээ гуравт бичигдсэнээр тэмцээнээ дуусгажээ. 1994/95 оны улиралд Бэкхэм багийн туршлага хуримтлуулахаар “Престон Норт Энд” клубт зээлийн гэрээгээр очив. Тэнд Бэкхэм чадвараа харуулж, таван тоглолтод хоёр ч гоол оруулж, хамгийн гайхалтай нь булангийн цохилтоос шууд гоол оруулсан юм. Дараачийн улиралд нь Бэкхэм “МанЮ”-д эргэн ирж, 1995 оны дөрөвдүгээр сарын 2-нд анх удаагаа Премьер лигийн тоглолтод оролцжээ. Дасгалжуулагч Сэр Алекс Фергусон багийнхаа залуу тоглогчдод хэнээс ч илүүтэйгээр итгэл найдвар хүлээлгэж байсан бөгөөд 1990-ээд оны үед Сэр Алекс Пол Инс, Марк Хьюз, Андрей Канчельскис нарын архаг туршлагатай тоглогчдын оронд Бэкхэм, Ники Батт, Гари болон Фил Невиль нарыг багтаа авч үлдсэн юм. Тухайн үед Сэр Алекс үнэтэй, од тоглогчдын оронд залуу авьяастнуудад гялалзах боломж олгох нь зүйтэй гэж үзсэн нь олон хүнээс шүүмжлэл хүртэж байв. Лигийн нээлтийн тоглолтод “МанЮ” 3:0-ээр “Астон Вилла”-д ялагдсан нь шүүмжлэлийг улам ч хурцатгасан боловч нас залуу, цус шингэн тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Улаан чөтгөрүүд” лигийн таван тоглолтод дараалан хожиж, ингэхдээ залуу тоглогчид гойд сайн тоглолт гаргаж байлаа. Бэкхэм чадвараа харуулж, баруун жигүүрт салхи мэт хурдлах болсон бөгөөд тэр жил “МанЮ” Премьер лиг болон FA Cup-аас хос цом хүртсэн байна.

Хэдийгээр Бэкхэм “МанЮ”-гийн бүрэлдэхүүнд тогтмол жигд тоглолт гаргаж байсан ч 1996 оны Европын аварга шалгаруулах тэмцээн хүртэл Английн шигшээ багт багтаж чадаагүй юм.

1996/97 оны улирал эхлэхэд Дэвид Бэкхэм алдарт Марк Хьюзийн залгааг авч, 10 дугаартай өмсгөлийн эзэн болсон бөгөөд шинэ улирлын анхны тоглолтод “Уимбльдон”-ы хаалганд үнэхээр байж боломгүй гайхамшигт гоолыг оруулжээ. Энэ улиралд Бэкхэм автоматаар “МанЮ”-гийн гарааны 11-т багтаж, тэд Премьер лигт дахин түрүүлсэн бөгөөд харин залуу Бэкхэм PFA буюу Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг залуу тоглогчоор тодорсон байна.

1997 оны тавдугаар сарын 18-нд Эрик Кантона их спортоо орхиж, хадааст гутлаа ханандаа өлгөх шийдвэр гаргаснаар Бэкхэм алдарт “7” дугаарыг эзэмших болов. Тухайн үед хөлбөмбөг сонирхогчид “7” дугаартай өмсгөл Кантонагийн хамт үүрд мөнхрөх ёстой гэж үзэж байсан ч өдийг хүртэл эзэнтэй байсаар байна.

1998/99 оны улиралд “МанЮ” Английн хөлбөмбөгийн түүхэнд цөөхөн тохиосон гурвалсан цомын эзэн болов. Тэд Премьер лиг, FA Cup болон Аваргуудын лигт алтан цом өргөжээ.

FA Cup болон Аваргуудын лигийн финалд Дэвид Бэкхэм төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглосон бөгөөд Аваргуудын лигийн финалд “Баейрн Мюнхен”-тэй хийсэн тоглолтын үндсэн цагт 1:0-ээр ялагдсан боловч нэмэлт цаг “Улаан чөтгөрүүд” хоёр гоол оруулснаар аваргын цом хүртсэн юм. Харин ялалт, цом, нэр хүнд авчирсан хоёр гоол хоёулаа Бэкхэмийн гүйцэтгэсэн булангийн цохилтоос дамжиж оржээ. Энэ гайхалтай авьяасынхаа ачаар тэрбээр 1999 оны Европын шилдэг хөлбөмбөгч болон FIFA-гийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн төлөөх өрсөлдөөнд Ривальдогийн дараа хоёрдугаарт бичигдсэн юм.

2000 он гарахад Дэвид Бэкхэм болон дасгалжуулагч Сэр Алекс Фергусон нарын харилцаа хөндий хүйтэн болж, магадгүй үүний шалтгаан нь Бэкхэмийн алдар хүндийн оргил, хөлбөмбөгийн ертөнцөөс гадуурх элдэв асуудал байж болох юм
.
2000 онд нэгэн бэлтгэлийн үеэр Дэвидийн хүү Бруклин хүнд өвдсөн учир бэлтгэлээс чөлөө авсан бөгөөд харин энэ үеэр эхнэр Виктория Лондонгийн загварын долоо хоногт оролцож яваа гэрэл зураг сонин сэтгүүл, телевиз радио болон интернэтээр хангалттай цацагдсан тул Сэр Алекс энэ байдлыг шүүмжилж, хэрэв Виктория хүүгээ асраад гэртээ байсан бол Дэвид бэлтгэлд оролцох боломжтой байсан талаар шүүмжилжээ. Улмаар Алекс Фергусон Бэкхэмийг торгуулын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ болох хоёр долоо хоногийн цалингаар нь торгож, “Лийдс Юнайтед”-тай хийсэн чухал тоглолтод оролцуулаагүй байна. Хожим нь Бэкхэм өөрийн намтар номондоо Сэр Алексийг бүх тоглогчидтой шударга харьцаагүй хэмээн шүүмжлэн бичсэн юм. Гэхдээ тэр жилд Бэкхэм багийнхаа төлөө бүхнээ зориулж, тэд Премьер лигт дахин түрүүлж, рекорд тогтоожээ. Харин Сэр Алекс Фергусон 2007 онд өгсөн ярилцлагадаа энэ асуудлын талаар “Дэвид гэрлэхээсээ өмнө ямар ч асуудалгүй байсан. Шөнийн цагаар байсан ч хамаагүй тэр академийн дасгалжуулагчидтай хамт бэлтгэлээ базааж, үнэхээр үлгэр жишээ, шилдэг тоглогч байсан. Харин алдартай, од бүсгүйтэй гэрлэсэн нь үнэхээр элдэв асуудлын эх ундарга болсон юм. Тэр мөчөөс эхлээд л Дэвидийн амьдрал урьдынхаасаа огт өөр болсон. Тэр бол том од, харин хөлбөмбөг ердөө өчүүхэн хэсэг нь л болж хувирсан” хэмээн дурджээ.
1999/2000, 2000/01 оны улиралд “МанЮ” дараалан Премьер лигт түрүүлэв. Бэкхэм ч мөн амжилт дагуулсаар байв.

Харамсалтай нь, 2002 оны дөрөвдүгээр сарын 10-нд Бэкхэм Аваргуудын лигийн тоглолтын үеэр зүүн хөлийнхөө өлмийний ясыг хугалж, хүнд бэртжээ. Гэмтлийн улмаас Бэкхэм “МанЮ”-гийн улирлын үлдсэн тоглолтуудад оролцоогүй бөгөөд тэд Премьер лигийн аваргын цомоо “Арсенал”-д алдаж, Европын цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод ялагдсан байна. Гэхдээ 2001/02 он Бэкхэмийн хувьд эргэлзээгүй “МанЮ”-д өнгөрүүлсэн хамгийн гайхалтай мөч байсан бөгөөд тэрбээр лигийн 28 тоглолтод 11 гоол, улирлын туршид нийт 42 тоглолтод оролцож, 16 гоол оруулсан нь түүний карьерын хамгийн том амжилт байв.

Гэмтлээс эргэн ирсний дараа 2002/03 оны улирлын эхэн үед Бэкхэмийн баруун жигүүр дэх байрыг Уле Гуннер Сульшер эзэлсэн байлаа. Дасгалжуулагч болон түүний хоорондын харилцаа илт дордож, 2003 оны хоёрдугаар сард FA Cup-ын тоглолтод “Арсенал”-д ялагдаж, уурандаа шатсан Сэр Алекс  хувцас солих өрөөнд Бэкхэм руу гутал шидсэн нь түүний нүдийг онож, нүүрийг нь шалбалснаар тэдний харилцаа үндсэндээ төгсгөл болсон гэж болно. Сонин хэвлэлээр шуугиан дэгдэж, Сэр Алекс, Бэкхэм хоёрын хэн нь клубыг орхих талаар таамаг дэвшүүлэх болов.. Хэдийгээр шинэ улирлыг тааруухан амжилтаар эхлүүлсэн ч “Улаан чөтгөрүүд” яван чангарч, лигийн алтан цом өргөсөн байна.

 “Манчестер Юнайтед”-ын зүгээс Бэкхэмийг “Барселона”-д зарах гэж байсан ч тэрбээр “Реал Мадрид”-тай 35 сая еврогоор үнэлэгдэх дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Гэрээ 2003 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болсон юм. Мадридад очсон Бэкхэм “7” дугаартай өмсгөлөө хадгалж үлдэхийг хүсч байсан ч багийн ахлагч Раулын мэдэлд байсан учир тэрбээр “23” дугаарыг сонгожээ. Шалтгаан нь домогт сагсан бөмбөгч Майкл Жордантой холбоотой юм. 2003-2007 он хүртэл дэлхийн шилдэг тоглогчдын хамт “Реал Мадрид”-д хүчин зүтгэсний эцэст 2007 оны нэгдүгээр сарын 11-нд Бэкхэм “Реал Мадрид”-ыг орхиж, MLS-ын “ЛА Галакси” багт тоглох болсон тухай мэдээ чих дэлсэв. Улмаар Бэкхэм долдугаар сарын 13-нд “Галакси”-гийн талбайд “23” дугаартай өмсгөлтэйгээр гарчээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

1997 онд “Манчестер Юнайтед”-ын тоглолтыг үзэж суусан Виктория Адамстай Бэкхэм тоглолтын дараа танилцаж, тэр цагаас хойш хосууд нууцхан болзох болжээ. Виктория тухайн үед “Spice Girls” хамтлагийн гишүүн байсан бөгөөд “Posh Spice” нэрээрээ алдартай байсан юм. Дэлхийн поп урлагийн ертөнцийг байлдан дагуулж байсан “Spice Girls” хамтлагийн дуучин бүсгүй, амжилтынхаа оргилд хүрээд байсан “Манчестер Юнайтед” клубын тоглогч хоёрын хайр сэтгэлийн харьцаа, хэвлэл, мэдээллийн салбарынхны анхаарлын төвд байсан бөгөөд тэднийг “Posh and Becks” хэмээн нэрлэх болжээ. 1998 оны нэгдүгээр сарын 24-нд Английн Шечунт хотын нэгэн тансаг ресторанд Дэвид дурлалт бүсгүйдээ сүйн бэлзэг барин сөхөрч, түүнийг гэргийгээ болгох санал тавьсан юм. Хосууд 1999 оны долдугаар сарын 4-нд Ирландын алдарт Люттрелстоун цамхагт гэрлэж, Виктория Адамс нөхрийнхөө овгийг авч, нэрээ Виктория Бэкхэм болгон өөрчилжээ. Хуримын ёслол хэвлэл, мэдээллийнхэн төдийгүй тэдний сая сая шүтэн бишрэгч, олны нийтийн анхаарлыг эрхгүй татаж байлаа. Хуримын гэрч нь Бэкхэмийн багийн анд Гари Невиль байв. Хуримын ёслолд 437 хүн ажилласан бөгөөд 500 мянга орчим фунтын үнэтэй тансаг зэрэглэлийн хуримын ёслол болж өнгөрчээ.

1999 онд хосууд хамгийн алдартай байшин болох Лондонгийн хойд зүгт Хертфордшайэрт байрлах “Beckingham Palace” хэмээн албан бус нэртэй болсон тансаг харшаа 7.5 сая фунтээр худалдан авсан юм. Дэвид, Виктория нар гурван хүүтэй: Бруклин Жозеф Бэкхэм /1999 оны дөрөвдүгээр сарын 4-нд Лондонд төрсөн/, Ромео Жеймс Бэкхэм /2002 оны есдүгээр сарын 1-нд Лондонд төрсөн/, Круз Дэвид Бэкхэм /2005 оны хоёрдугаар сарын 20-нд Мадридад төрсөн/. Сонирхуулахад, Бруклин, Ромео нарын загалмайлсан эцэг нь Британийн алдарт дуучин Элтон Жонн, харин загалмайлсан эх нь Элизабет Харли юм. Гурван сайхан хүүтэй ч гэсэн хосууд дахин хүүхэдтэй болох хүсэлтэйгээ нэг бус удаа илэрхийлж байсан, ялангуяа охинтой болохыг.

2007 оны дөрөвдүгээр сард Бэкхэмийнхэн Калифорнийн Беверли Хиллст дэндүү тансаг итали маягийн харш худалдан авсан юм. Дэвид “ЛА Галакси” багт тоглох болсонтой холбоотойгоор хосууд шинэ сууц худалдан авсан нь 22 сая ам.долларын үнэтэй ажээ. Тэд Холливудын алдарт жүжигчин Том Круз, Кейти Холмес, мөн ток-шоуны хөтлөгч Жей Лено нартай хөршлөн амьдардаг юм.

Гэр бүлээс гадуурх асуудал

2004 оны дөрөвдүгээр сард Британийн “Дэлхийн мэдээ” сэтгүүлд  шуугиан дэгдээсэн гарчиг бүхий мэдээлэл хэвлэгдэн гарсан нь Дэвид Бэкхэм хувийн туслах асан Ребекка Лустэй явалдсан гэх мэдээ байв. Дэлхий дахиныг шуугиулсан энэ мэдээнээс хойш долоо хоногийн дараа Малайзад төрж өссөн Австралийн модель Сара Марбек хоёр ч тохиолдлоор Дэвидтэй “унтсан” тухайгаа дэлгэжээ. Харин Дэвид эдгээр хэргийг үнэхээр инээд хүргэсэн хөгийн хэрэг гэж тодотгосон бөгөөд үнэн хэрэгтээ Дэвидтэй холбоотой энэ гэр бүлээс гадуурх асуудалд баримт нотолгоо олдоогүй юм. Хожим нь, W Magazine-д өгсөн ярилцладагаа Виктория “Би худлаа хэлэхгүй ээ. Тэр үе миний хувьд үнэхээр хүнд хэцүү цаг мөч байсан. Манай гэр бүлийнхэнд бүгдэд нь маш хүндээр туссан” хэмээн дурссан байдаг.

Хөлбөмбөгөөс гадуурх нэр алдар

Дэвид Бэкхэм зөвхөн хөлбөмбөгийн талбайд бус олон салбарт дэлхийд алдартай. Тэрбээр Coca-Cola, IBM зэрэг дэлхийд данстай томоохон компаниудтай хамтран ажилладаг. Виктория, Дэвид нарын хувийн харилцаа, гэрлэлт тэдний хэн хэнийх нь нэр хүндийг өндөрт өргөсөн.
Дэвид эхнэр Викториягийн хамт загварын ертөнцийн нөлөө бүхий алдартнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Тэд бэлэн хувцасны алдартай дизайнерууд, эрүүл мэнд, фитнессийн мэргэжилтнүүд, загварын сэтгүүлүүд, үнэртэн сүрчиэг болон гоо сайхны бараа үйлдвэрлэгчид, мэргэжлийн, оддын үсчин зэрэг олон салбарт алдартай. Хамгийн ойрын жишээ гэвэл саяхан “David Beckham Instinct” нэртэй эрчүүдэд зориулсан сахлын ус болон үнэртэн гарсан билээ.
2007 онд Бэкхэмийн брендийн сүрчиг АНУ-д гарч, 13.7 сая ам.долларын орлого олжээ. Тэрбээр мөн загварын алдартай сэтгүүлийн нүүр хуудсанд гарч амжив.
Тэр жилийн долдугаар сарын 12-нд Бэкхэмийн гэр бүл Лос-Анжелест нүүж ирэхийн өмнөх өдөр Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудал папарацци, хэвлэл мэдээллийнхнээр пиг дүүрч, тэднийг үнэхээр сүр дуулиантайгаар хүлээн авсан юм. Улмаар долдугаар сарын 22-нд дэлхийн шилдэг хосуудыг угтаж авах хувийн үдэшлэг Лос-Анжелес хотын Орчин үеийн урлагийн музейд болж, Стивен Спилбер, Жим Керри, Жорж Клуни, Том Круз, Кейти Холмес, Уилл Смит, Жада Пинкетт Смит, Опра Уинфри нарын А-зэрэглэлийн одод оролцжээ.

Штвээс

Дэвид Бэкхэм биедээ нэлээд хэдэн шивээстэй. Хамгийн алдартай нь хинди үсгээр эхнэрийнхээ нэрийг сийлсэн шивээс юм. Түүний шивээснүүдийг жагсаавал:
–    1999 оны дөрөвдүгээр сар – Ар нуруундаа Бруклин хүүгийнхээ нэрийг
–    1999 оны дөрөвдүгээр сар – Ар нуруундаа “Guardian Angel” буюу сахиусан тэнгэр
–    2000 он – Зүүн гартаа хинди үсгээр “Виктория” гэх нэрийг
–    2002 оны дөрөвдүгээр сар – Баруун гартаа VII гэх ром тоог
–    2003 оны тавдугаар сар – Баруун гартаа латин үсгээр “Perfectio In Spiritu”
–    2003 оны тавдугаар сар – Зүүн гартаа латин үсгээр “Ut Amem Et Foveam”
–    2003 он – Ар нуруундаа хүү Ромеогийн нэрийг
–    2003 он – Баруун мөрөндөө сонгодог зураг
–    2004 он – Шилэн хүзүүндээ далавчтай загалмай
–    2004 он – Баруун гартаа “In the Face of Adversity” гэх уриа бүхий сахиусан тэнгэр
–    2005 оны гуравдугаар сар – Нуруундаа хүү Крузын нэрийг
–    2006 оны зургадугаар сар – Баруун гар болон мөрөндөө дахин сахиусан тэнгэр, үүл
–    2008 оны нэгдүгээр сар – Зүүн гартаа эхнэр Викториягийн хөргийг
–    2008 оны хоёрдугаар сар – Зүүн гартаа “Forever by your side” гэх бичиг
–    2008 оны гуравдугаар сарын 9-нд – Цээжин биеийнхээ зүүн талаар 生死有命 富貴在天 гэх ханз үсгийг
–    2009 оны долдугаар сар – Хуримынхаа 10 жилийн ойд зориулж, зүүн гараа тойруулан сарнай
–    2010 оны нэгдүгээр сар – “Man of Sorrow” гэх бичиг

Бэлтгэсэн С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж