Ерөнхийлөгч “Bloomberg”-т ярилцлага өгөв

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Bloomberg”-т ярилцлага өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нарын АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлал Нью Йорк хотод үргэлжилж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээллийн “Bloomberg” агентлагийн хүсэлтийг хүлээн авч тус агентлагт зочиллоо. “Bloomberg” агентлагийн эрхлэгч Норм Пеарлстон Ерөнхийлөгчийг угтан авч “ Хэдийгээр дэлхийн хамгийн том мэдээллийн агентлаг ч бидэнд  сэтгүүлч байсан Ерөнхийлөгчтэй уулзах завшаан бол ховор тохиолдох зүйл” гээд, уул уурхайн арвин баялагтай, эдгээр баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байгаа, эдийн засгийн өсөлт тогтворжиж, хувийн хэвшлүүд хүчирхэгжиж байгаа зэрэг нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн зүгээс Монгол Улс руу анхаарлаа хандуулах шалтгаан мөн. Тийм учраас таныг бид ярилцлагадаа урьсан юм гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уул уурхай, хөрөнгийн бирж, банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн 5 сэтгүүлч асуулт асууж харилцан ярилцлав.

Сэтгүүлчид, Таван толгой, Оюу толгой төслүүд, хүний хөгжил сан, хөрөнгийн бирж, төмөр зам тойрсон асуудлуудаар асуулт тавьж байв.

Дараа нь мөн “Bloomberg”-ийн телевизийн хэсэгт зочилж, ярилцлаа.

“Bloomberg” бол санхүү бизнес, эдийн засагтай холбоотой бүх төрлийн мэдээллийг сонин, сайт, радио, сэтгүүл, ном, телевизээрээ түгээдэг дэлхий даяар 135 оффистой, 10 мянга гаруй сэтгүүлч сурвалжлагчтай дэлхийн тэргүүлэгч мэдээллийн  агентлаг юм.

“Bloomberg”-ийг дэлхийн хамгийн үнэн зөв, чухал, тодорхой, хариуцлагатай мэдээлэлтэй гэж зүй ёсоор тооцдог бөгөөд, мэдээллийн үйлчилгээг маш шуурхай, ямар ч алдаагүй хийдгээрээ онцлог юм.

Тус агентлаг Нью Йорк хотын одоогийн захирагч М.Блүүмбергийн өмч юм.



Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж