Хамгийн энгийн, ойлгомжтой нь мажоритари тогтолцоо

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хамгийн энгийн, ойлгомжтой нь мажоритари тогтолцоо

 “ХАМГИЙН ЭНГИЙН, ОЙЛГОМЖТОЙ НЬ МАЖОРИТАРИ ТОГТОЛЦОО” ГЭВ

УИХ Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тиймээс эрхэм гишүүдийн байр суурийг сонирхлоо.


Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Олон түмэн хүнээ сонгодог нь мажоритари тогтолцооны давуу тал

-УИХ дахь Ардын намын бүлэг олон түмнийхээ санаа бодлыг хүндэтгэж, холимог тогтолцоог сонгон авч байгаа. Намын Удирдах зөвлөл “Мажоритари давамгайлсан холимог тогтолцоог сонгох нь зүйтэй” гэдэг чиглэл өгсөн. Ер нь мажоритари тогтолцоог илт үгүйсгэх шаардлагагүй. Учир нь монголчууд энэ тогтолцоогоор олон удаа санал өгсөн. Тиймээс хүн болгонд энгийн ойлгомжтой, тухайн тойрог дээр хэнийг сонгох вэ гэдгээ иргэд чөлөөтэй шийдэх боломжтой. Тэгээд ч иргэд “Хэнийг сонгохоо бид өөрсдөө шийдье” гэдэг хүсэлт их тавьдаг. Тийм учраас ард түмэнд мажоритари тогтолцоо л тун ойлгомжтой хэлбэр юм. Ард түмний санаа бодлыг байнга судалж, сонсон хууль тогтоох үйл ажиллагаандаа тусгахад ч энэ нь давуу талтай. Намын нэрсийн жагсаалтаар санал хураахад олон түмэнд таалагдаагүй, сонгохыг хүсээгүй хүмүүс нэлээд их орж ирдэг учраас сонгогчид “Хүнээ сонгоё” гэсэн байр суурьтай байгаа. Ийм учраас бид хүн сонгох гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Учир нь Ардын нам бол олон түмний нам. Тиймээс мажоритари давамгайлсан тогтолцоог сонголоо. Тэгээд ч өрнөдийн ихэнх орон мажоритари тогтолцоогоор сонгууль явуулдаг. Сүүлийн үед зарим улс пропорциональ тогтолцооноос мажоритари тогтолцоонд шилжих болсон.

Б.БАТБАЯР: Мажоритари давамгайлсан холимог тогтолцоо нь боломжтой хувилбар

-Энэ бол хэрэгжүүлэх бо­ломжтой шийдвэр. Яагаад гэ­вэл, нэг тогтолцооноос нөгөө тог­толцоонд шууд шилжих хэцүү. Пропорциональ тогтолцоог сонгоход үүсэх олон асуудал бий. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд багаас нь эхлэх нь зөв. Мэдээж хэрэг, улам гүнзгийрүүлэх ёстой. Манай намын бүлгээс пропорциональ давамгайлсан байх шийд гаргасан ч би “Хуучнаараа явсан ч яадаг юм” гэсэн хувийн байр сууриа илэрхийлж байгаа нь энэ. Томоохон өөрчлөлтийг гэнэт хийх нь эрсдэлтэй.

СУ.БАТБОЛД: Сонгогчийн эрхийг булааж болохгүй

-Манай нам “Мажоритари давам­гайлсан холимог тогтолцоогоор явъя” хэмээх шийдвэр гаргасан. Ингэснээр сонгуулийн тогтолцоог шинэчлэх алхам хийж чадлаа. Ер нь шинэчлэл хийнэ гэдэг нь өмнө байснаа 100 хувь өөрчлөхийн нэр биш шүү дээ. Тэгээд ч сонгууль бол улс төрийн нам болон улстөрчдөд зориулагдсан биш, сонгогчид Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд  зориулагддаг. Сонгогчид хэнийг сонгохоо өөрсдөө мэддэг байх ёстой. Энэ бол тэдний эрх. Тиймээс тэрхүү эрхийг нь сонгогчдод үлдээмээр байна шүү дээ. Харин аль нэгэн улс төрийн нам булаан авч “Улстөрч бидэнд ашигтай юм байна” гээд пропорциональ тогтолцоог сонгож болохгүй. Сонгогчдод сонгох эрхийг нь хадгалж үлдэж байгаагаараа мажоритари давамгайлсан холимог хувилбар хамгийн зөв алхам, бас шинэчлэл юм. Түүнээс биш “Манай намд саналаа өгчих. Хэнийг УИХ-д сонгохоо бид мэдье” гээд сонгогчоос эрхийг нь булааж болохгүй.

Ц.ДАВААСҮРЭН: Нэрсийн жагсаалтаар шууд сонговол Үндсэн хууль зөрчихөд хүрнэ

-Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх нь гишүүдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас дор бүрнээ өөрийн гэсэн бодлоор хандах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэг тойрог болбол олонд танигдаагүй хүмүүс болгоомжилж “Жижиг тойрог өөрт нь ашигтай” гэсэн хувилбарыг илүүд үзэх жишээтэй. Тиймээс гишүүд үүнд янз бүрээр хандаж байгаа болов уу. Холимог пропорциональ элемент оруулна гээд байгааг нам, нэр дэвшигчийн нэрийг хамтад нь дугуйлаад хамгийн их санал авсан нь намын авсан хувь дээр гишүүнээр сонгогдоно гэж ойлгож байгаа. Харин “Тэд манай намыг төлөөлнө” хэмээн хэдэн хүний нэр жагсаагаад шууд сонгоно гэвэл Үндсэн хууль зөрчихөд хүрнэ.


Д.ОДБАЯР: Сонгуулийг будилаангүй, шударга явуулах хэрэгтэй

-Үүнийг олонхиороо шийдэх учиртай. Улстөрч хүн сонгуулийн тогтолцоо ямар байхаас айх хэрэггүй. Улсын хөрөнгө завшчихаад хуулийн ард нуугдах хүсэлтэй л биш бол сонгуулийн ямар ч тогтолцоо байсан шалгуураар нь орох бэлтгэлтэй байх ёстой. Миний хувьд, “Сонгуулийн тогтолцоо ийм, тийм байх нь надад ашигтай” гэж харахгүй байна. Харин парламентыг хэрхэн үр дүнтэй байлгах, иргэдийн сонголтыг хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд яавал зөв, шударга тусгах вэ, сонгуулийг будилаангүй, шударга явуулах вэ гэдэгт анхаарч байна. Тиймээс холимог тогтолцоонд ач холбогдол өгч байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж