Төрийн далбаанд стандарт мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Төрийн далбаанд стандарт мөрдөнө

Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс өчигдөр Төрийн далбааны стандарт баталсан юм. Энэ талаар Төрийн ёслолын албаны дарга А.Батсайхан, Стандартчилал, хэмжил зүйн газрын хэлтсийн дарга О.Отгонсайхан нар мэдээлэл хийлээ. Төрийн далбаанд стандарт тогтоох ажлын хэсгийг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулж дөрвөн сарын турш судалгаа хийжээ.

Дэлхийн олон оронд Төрийн далбааны стандарт мөрддөг бөгөөд гадаад, дотоодод далбааг буруу зөрүү үйлдэхээс сэргийлдэг ач холбогдолтой ажээ. Монгол Улсын Төрийн далбааны улаан, цэнхэр өнгө, соёмбоны харьцаа зэргийг стандартаар тогтоож, олон улсын өнгөний нийгэмлэгээр далбаанд орох өнгүүдийг кодлохоор болжээ.

Сүүлийн жилүүдэд иргэд Төрийн далбаагаа хүндэтгэх, хэрэглэх нь ихэссэний зэрэгцээ буруу зөрүү үйлдэх, цахим хуудас дээр буруу байрлуулах зэрэг зөрчил гардаг болсон. Мөн гадаад орнуудад Монгол Улсын Төрийн далбааг стандарт бусаар үйлдэж байрлуулсан тохиолдол ч байдаг. Төрийн далбааны тогтсон стандарттай болсноор ийм зөрчил арилж, өнгөний хувьд ч нэгдсэн код мөрдөх юм байна. Соёмбоны галын дөлийн оронд цэцэг зурах, загасыг нар буруу эргүүлэх зэрэг зөрчил арилна гэж Төрийн ёслолын албаны дарга А.Батсайхан мэдээллээ. Мөн далбааг гадаа байрлуулахад ямар материалаар хийхийг тодотгон заажээ. Чанаргүй материалаар хийснээс гандах, салхи, бороонд урагдах зэргээс үүгээр сэргийлэх юм байна. Төрийн далбаанд гал улаан, тэнгэрийн хөх өнгө хэрэглэнэ гэснийг тусгайлан кодод оруулсан байна. Тухайлбал, улаан өнгө гэхэд CMYK гэсэн кодын С 010 хувь, М 100 хувь, Y 090 хувь, К 000 хувь гэхчлэн тодотгосноор аль ч улс оронд нэг ижлээр үйлдэх боломжтой болох ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж