Ерөнхийлөгч дөрвөн зүйл санал дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч дөрвөн зүйл санал дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин,  дэд дарга Су.Батболд, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нар бараалхаж, УИХ-д үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Ерөнхийлөгч эхлээд МАН-ын бүлгийн шинэ удирдлагад баяр хүргэж ажлаа эрчтэй хийхийг ерөөлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын сонгуулийн хуулийн хэлэлцүүлгээс шалтгаалж гацаанд орсон УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хоёр намаас шаардлагатай бүх арга хэмжээг авахыг сануулаад үүний зэрэгцээ зайлшгүй анхаарах ёстой дөрвөн зүйл санал дэвшүүлсэн юм.

Үүний эхнийх нь “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төсөл гэдгийг хэллээ. Энэ хуулийн төслийг хаврын чуулганд багтаан хэлэлцэж шийдэх ёстой. Учир нь монголын нийт өрхийн 60-аас илүү хувь нь оюутантай. Тиймээс иргэдийн хувьд амин чухал асуудлуудын нэг гэдгийг хэлсэн юм.

Хоёрт, Шүүхийн шинэтгэлийн чиглэлээр таван хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Шүүхийг шинэтгэх чиглэлээр ихийг хийх ёстой, шинэчлэлт шаардсан салбар гэдгийг хэлээд хаврын чуулганд багтаан эдгээр багц хуулийн төслийг хэлэлцэж эхлэх  боломжтой юу гэдгийг Ерөнхийлөгч намын бүлгийн дарга нараас асууж байв.

Гуравт, өнгөрсөн тавдугаар сарын 20-доор нефть бүтээгдэхүүн, бензин шатахууны хангамжтай холбоотой асуудлаар ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнд хоёр намын бүлэг анхаарч, нэгэнт стратегийн бүтээгдэхүүн учраас төр энэ салбарын худалдааг хариуцаж компаниуд харин жижиглэн худалдааг хийж болох юм гэж байлаа. Нэгэнт 100 хувь энэ салбар гаднын хамааралтай учир төрийн асуудал болж хувирч байгааг ч хэлэв. Олборлолттой зэрэгцээд нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг чухалчилж үзэх ёстой гээд ОХУ-ын Засгийн газарт байр сууриа маш сайн илэрхийлсэн гэдгээ хэллээ. Дөрөвт, Сонгуулийн хуулийг анхаарч, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх ёстой гэлээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн хуулийг өөрчилж шударга болгоё хэмээн намын дарга нартай уулзаж гарын үсэг зурцгааж байсныг санууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэлснээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл  хуралдаж дараагийн долоо хоногт хэлэлцэх асуудлаа ярилцсан байна. Хаврын чуулган долдугаар сарын 1-нд завсарлах хуулийн заалттай. Тиймээс түүнээс наана Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батална гэдгээ ярилцжээ. Уг хуулийн хэлэлцүүлэг 97 хувьтай, холимог тогтолцоог тохирсон. Харин мажоритар давамгайлах уу, пропорциональ давах уу, хүний нэрийг дугуйлах уу, намын нэрийг дугуйлах уу гэдэг дээр саналын зөрүү байгаа гэлээ. Чуулган Сонгуулийн хуулийг баталж байж завсарлана гэдэг тодорхой болжээ. Зөвшилцөх ажлын хэсэг амралтын өдрүүдэд ч хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэх болно гэдгийг Ө.Энхтүвшин дарга хэлэв.

МАН-ын бүлэг нефть бүтээгдэхүүний асуудлыг хоёр удаа ярьсан, Удирдах зөвлөлөөр ч хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон юм байна.

Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг  “Хоёр намын бүлгийн ажлын хэсэг амралтын хоёр өдөр  ажиллаж зөвшилцөнө. Шийдэлд хүрч чадвал ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганы ажил хэвийн явна. Чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүнд “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төсөл байгаа. Нефть бүтээгдэхүүний чиглэлээр ч ярилцаж байна”  гэдгийг илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Чуулганыг долдугаар сарын 8-нд завсарлуулах боломж байна. Чуулган өндөрлөсөн ч УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах боломжтой. Гэхдээ ажлыг аажууруулмааргүй байна” хэмээгээд бүлгийн дарга нарт амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж