Хоёрны нэг үү, гуравны нэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Хоёрны нэг үү, гуравны нэг үү?

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх, тэр тусмаа пропорционалиар өөрчлөх хуулийн төслийг санаачлагч Д.Лүндээжанцан.

Мажоритари
тогтолцооноос хамгийн ихээр хожиж ирсэн МАН-ынхны дундаас өөрчлөлт,
шинэчлэл рүү түрүүлж алхсан нь түүний нэр хүндийг байг гэхэд имижийг
өргөж байв.

Далайд гарсан хойно завинаасаа буух тэнэг хүн хаана
байх билээ дээ, дараа нь тэрбээр намынхныхаа нэг адилаар мажоритарийг
хамгаалах болсон юм. Аль ч талд нь орсон үндэслэл олддог нь аз юм шүү,
нүүрээ нуух газартай… Гэвч үүнийг Ардчилсан намынхан байтугай бүгд
мэдэж байгаа.

Хоёр намын бүлгийн саналын зөрүүг ойртуулах, өөд
өөдөөсөө зөрүүлсэн сэлэм дундуур орох ялаас Д.Лүндээжанцан мултрахыг
хүслээ. Урд нь хөндөлссөн Ардчилсан намынхан “Пропорционалийг дэмжээд
хууль санаачлаад байсан хүн та мөн үү” гэж нүүр түлнэ. Ард нь өрсөн
Ардын намынхан нь “Дарга хүн байж байр сууриасаа ухрах ёсгүй шүү” гэж
шахна. Өндрөө аван улстөржиж байгаа асуудал анхаарал татаж буй энэ мөчид
Д.Лүндээжанцан албан тушаалаа өгч олны сонирхлыг өөр дээрээ дуудав.
Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн асуудал Д.Лүндээжанцанг хоёр дахиа
анхаарлын төвд аваачив. Тэрбээр МАН-ын байр суурь ийм байгаа нь надаас
шалтгаалахгүй байгаа шүү гэсэн санааг чулуудсанаараа харин өөртөө нэмэх
оноо авчрах шиг боллоо. Тэрбээр МАН-ын баримталж буй байр суурийг
аядуулан зөөлрүүлж, Ардчилсан намын тавьж буй дундын хувилбар руу
буулгахыг хувь улстөрчийнхөө үүднээс дэмжиж байгаагаа илэрхийлэн ийнхүү
албан тушаалаа өглөө гэсэн таамаглалыг олон хүн хийлээ. Тэгэхээр нөгөө
талаас нь харвал МАН шийдвэрээсээ буцахгүй шүү гэдэг хатуу даалгаврыг
бүлгийн даргадаа өгсөн тул тэрбээр нүүрээ ширлэхийг хүссэнгүй гэж
уншигдаж байна. 

Өнгөрсөн даваа гаригт хоёр намын бүлгийн ажлын
хэсгүүд хэлэлцээрт орж, нэлээн ширүүхэн уур амьсгал дор яриа өрнүүлсний
дараа “пүрэв гариг гэхэд шийдэлд хүрнэ” гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тэр
тусмаа дундын 38х38 хувилбар дээр тохирох магадлал өндөр гэж байв.
Хэрэв МАН мажоритариар санал хураах тойргийн тоог багасгавал Ардчилсан
нам хариуд нь пропорционалиар явуулах тойргийн тоог бууруулна гэж
харилцан ойлголцоод байсан юм. Одоогоор ойлголцлын үр дүн харагдахгүй
байна.

Сонгуулийн тогтолцооны талаарх зарчмын зөрүүтэй байр
сууриа нэгтгэтэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн Ардчилсан
намынхны санал болгож буй дундын хувилбар нь 38х38 гэсэн харьцаа юм.
Өөрөөр хэлбэл, парламентын 50 хувийг пропорционалиар бүрдүүлнэ гэсэн үг.
Харин МАН-ын хувьд УИХ-ын гуравны нэгийг пропорционалиар сонгоно гэдэг
том дэвшил хэмээн өөрийн байр сууриа хамгаалж байгаа. Аль нь илүү дэвшил
вэ?

Эл асуултад хариулах эрх ердөө хоёр намд л байна. Энэ бол
тэдний эрх гэхээс илүү иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх үүрэг,
хариуцлага нь юм.

Хариуцлагын тухай хамгийн их ярьдаг, ард түмэн
гэдэг үгийг ишлэх дуртай эрх баригчдын мөн чанар, хэн нь хэн бэ гэдгийг
жинхэнэ утгаар ялгаж салгаад өгөх нэг завшаан нь сонгуулийн тогтолцооны
талаарх эл маргаан болж байх шиг.
Хамтарч Засгийн газар
байгуулснаасаа хойш олон асуудлыг ойлголцлоор шийдэж ирсэн АН, МАН бараг
анх удаа нуруугаа харалцаад байгаа нь энэ байх. Засгийн газрын
гэрээндээ тусгасан зарчмын том асуудлуудынх нь нэг болсон Сонгуулийн
тогтцолцооны өөрчлөлт эх орны хишиг, хувь тараах, хувьцаа олгохоос ч
илүү чухал үр дагавартай нь ойлгомжтой.

Монгол Улсын аюулгүй
байдлын баталгаа нь ардчилал, ардчиллын баталгаа нь парламентын засаглал
юм бол түүнийг байгуулах дүрэм нь эрүүл байх ёстой. Энэ зарчмаас ухрах,
өөрсдийн эрх ашгийг урьд нь тавих эрх өнөөгийн хоёр том намд байхгүй.
Тэгэхээр цаг үеийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, олон нийтийн хүсэл
шаардлагад нийцсэн шийдлийн төлөө хоёр тал чармайна гэдэгт найдаж байна.

З.БОРГИЛМАА

2011.06.24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж