Монгол үзэгчдийн өмнө дахин дахин бүжиглэмээр

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Монгол үзэгчдийн өмнө дахин дахин бүжиглэмээр

Зургадугаар сарын 25-ны бямба гариг. 15.00 цаг. Олон улсын балетийн наадамд оролцож буй бүжигчид орой 17 цагаас гала тоглолттой тул өдийд түр амсхийн амарч байгаа гэж бодсон минь эндүүрэл байжээ. Тэд ДБЭТ-ын бүжгийн танхимд бэлтгэл хийж байлаа. Наадмыг зохион байгуулж байгаа Д.Алтанхуяг тэднийг удирдан дасгал хийлгүүлж харагдана. Орон орны шилдэг балетчид энд ийнхүү цуглан нэг багийн гишүүд шиг хамтдаа бүжиглэж байгааг харах үнэхээр гайхалтай. Хөлс дуслуулах дасгал дуусах болоогүй шинжтэй.

15.45. Танхимын нэг буланд хэн нэгэн хөлөндөө шархны лент нааж сууна. Тэр бол Аргентиний бүсгүй, АНУ-ын Бостоны театрын гоцлол бүжигчин Эрика Карнеха. Хөлд нь цэврүү үсэрчээ. Ямар ч өө сэвгүй, яг л төгс төгөлдөр балетчин хэмээн түүнийг манай театрынхан үнэлсэн.

-Монголд ирээд сэтгэгдэл ямархуу байна даа?

-Танай бүжигчдийн ур чадварын түвшинг хараад үнэхээр гайхсан. Энд ийм гайхалтай театр байдгийг мэдээгүй. “Хунт нуур” балет үзсэн.

Монголын “Хунт нуур” ямар санагдав?

-Янзтай гоё. Мэргэжлийн өндөр түвшинд. Оросын гайхамшигт школыг олж харсан. Би өөрөө нутагтаа орос школоор суралцсан. Манай гала тоглолтын эхэнд бүжиглэж байгаа бяцхан хүүхдүүд үнэхээр хөөрхөн. Тийм жаахан хэрнээ аль хэдийнэ мундаг бүжигчид болсон байна билээ.

Хамгийн ихээр таалагдсан зүйл гэвэл?

-Үзэгчид. Үнэхээр халуун дотно хүлээж авдаг, чин сэтгэлээсээ мэдэрдэг үзэгчид юм билээ. Бас танай театр. Дуурь, балет, найрал хөгжим гээд бүх зүйл байна.

16 цагт тэдний дасгал дууслаа. Одоо тэд ганцхан цагийн дараа болох тоглолтондоо бэлтгэх ёстой. Манай үзэгчдийг хамгийн ихээр гайхуулж, хэтэрхий төгс гүйцэтгэлээрээ бишрүүлсэн хүн бол Куба улсын иргэн, АНУ-ын “Синсинати” театрын гоцлол бүжигчин Родриго Алмаралес. Долоотойгоосоо балетийн урлагаар хичээллэж эхэлсэн түүний ээж Кубын балетийн шилдэг гоцлоочдын нэг байсан гэсэн. Тэр өрөөндөө үсээ янзлаад сууж байлаа.

-Манай орон таалагдаж байна уу?

-Монголд үнэхээр сайхан байна аа. Нээрээ шүү. Энд ирэхээс өмнө Алтанхуяг Монголын тухай ярьж өгсөн. Ирж үзэхийг үнэхээр хүссэн. Хүрээд иртэл бүр бодсоноос ч хамаагүй сайхан газар байна.

Яг ямар төсөөлөлтэй ирсэн юм?

-Юу төсөөлөхөө сайн мэдэхгүй л байлаа. Улаанбаатар хөгжиж буй хот гэдэг нь харагдаж байна. Харин хөдөө нутаг үнэхээр дуу алдмаар юм билээ. Хот, хөдөөгийн асар том ялгааг харсан.

Манай театрын тухай юу хэлмээр байна?

-Сайхан театр. Үзэгчид нь их халуун дотно. Жүжигчид, үзэгчдийн хооронд амьд харилцаа, амьд мэдрэмж байдаг юм билээ. Зарим театрт үзэгчид биднээс хол, хөндий байдаг. Харин энд бол өөр. Монгол үзэгчдийн сэтгэлийг ярих ч юм биш. Итгэмээргүй. Манай Кубад үзэгчид их халуухан. Тэд балетад дуртай. Монголд бас ижилхэн юм байна. Дахин дахин л бүжиглэмээр байна.

Родриготой хамт нэг өрөөнд Өмнөд Африкийн иргэн, АНУ-ын Вашингтоны театрын гоцлол бүжигчин Андилье Ндлову түр төвхнөжээ. “Хунт нуур”-т тэр бүжиглэсэн. Тун хөгжилтэй салбадайн дүрийг чадварлаг бүтээсэн.

Вашингтонд бүжиглээд удаж байна уу?

-Өнгөрсөн жилээс Америкт бүжиглэж эхэлсэн. Харин өнөөдөр Монголд ирчихсэн Алтанхуягтай бүжиглээд байж байна.

Өмнө нь төсөөлж байгаагүй өвөрмөц аялал болж байна уу?

-Хэзээ ч төсөөлж байгаагүй. Очиж үзнэ гэж толгойдоо огт бодож байгаагүй газраа ирчихээд байна. Энд хүмүүс балет сонирхдог гэж бодоогүй шүү, үнэндээ. Хүрээд иртэл шал өөр байлаа. Танай уран бүтээлчид тун шаргуу хөдөлмөрлөдөг, хатуу дэг журамтай хүмүүс юм байна.

Анх Алтанхуяг Монголд ирэхийг урихад юу бодогдсон бэ?

-Надад санаандгүй аз таарсан юм шүү дээ. Би Родриготой уулзахаар ажил дээр нь ирчихсэн байж байгаад Алтанхуягтай танилцсан. Бид хэсэг ярилцсаны дараа тэр намайг Монголд очихыг урьсан.

Нээрээ л аз таарчээ.

-Тэгсэн шүү. Би ч дуртайяа зөвшөөрсөн. Нэг их тээнэглзэж бодоод байх шаардлагагүй санал гэж байдаг даа.

“Хунт нуур”-ын салбадайд бүжиглэхийг чинь харсан. Их таалагдсан.

-Баярлалаа. Би энэ дүрд хайртай. Өмнө нь нутагтаа нэг удаа бүжиглэсэн юм. Харин хоёр дахь удаагаа Монголд бүжиглэлээ.

Үзэгчдэд тун их таалагдах шиг болсон.

-Танай үзэгчид үнэхээр ер бусын. Би ийм үзэгчдийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй. Газар газрын үзэгчид адилгүй. Зарим нь хүйтэн, ихэмсэг. Зарим нь яг шүүгч шиг. Харин танайхан урлагт үнэн сэтгэлээсээ хайртай үзэгчид.

Тэдний өрөөнөөс гарч яваад хонгилд Колумб улсын иргэн, Америкийн балетийн театрын гоцлол бүжигчин Карлос Малинатай тааралдлаа. Гала тоглолтон дээр түүний Эрикатай хамт бүжсэн түүний “Спартак” дэндүү гоё, төгс төгөлдөр байсан билээ.

-Монголчууд их дотно, дулаахан хүмүүс юм. Тийм болохоор гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрж байгаа. Үнэндээ ийм театр биднийг угтана гэж бодоогүй. Дуурь, балет, хөгжим гээд бүгд нэг дор цогцолсон гайхалтай газар. Тийм ч олон орон ийм театртай биш шүү. Танай театр мэргэжлийн өндөр түвшний театр юм байна. Монгол орон сонгодог урлагийн театраа энэ хэвээр нь авч яваасай гэж хүсэж байна. Энэ бол агуу том өв хөрөнгө.

Бүжигчин бүсгүйчүүдийн байрлаж байгаа өрөөг сэмхэн заалгаж аваад явлаа. Турьхан бүсгүйчүүд нүүрээ будан, үс зүсээ гоёж сууна. Дөнгөж саяхан дасгалаас гарч ирсэн гэмээргүй, хөгжилтэй, эрч хүчтэй харагдана. “Хунт нуур”-ын цагаан хунд бүжиглэсэн Япон улсын иргэн, АНУ-ын Бостоны театрын гоцлол бүжигчин, Нью-Йоркийн төв театрын хүндэт бүжигчин Миса Куранагаг танилаа. Товчхондоо тэр техник сайтай бүжигчин. Гэхдээ гүйцэтгэл нь 100 биш бүр 200 хувь гэмээр.

-Алтанхуяг энэ арга хэмжээг үнэхээр сайн зохион байгуулж байгааг хэлэх хэрэгтэй. Биднийг маш чадварлаг зохион байгуулж, энд байх бүх асуудлыг зохицуулж байна. Ийм халуун дотно хүлээж авдаг үзэгчдийн өмнө бүжиглэх сайхан. Танай үзэгчид балетад дуртай, балетийн урлагийг сайн мэддэг үзэгчид юм билээ.

Мисагийн хажууд АНУ-ын иргэн, АНУ-ын Бостоны театрын гоцлол бүжигчин Уитни Женсон сууна. Балетийн тодотголтой дэлхийн томоохон тэмцээнүүдээс долоон алт, нөг мөнгөн медаль авсан гэсэн. Варнагийн тэмцээний 44 жилийн түүхэнд дөрөвхөн удаа олгогдсон “Хамгийн шилдэг бүжигчин” хэмээх шагналын нэг түүнийх гэхээр бахархмаар. Яах аргагүй авьяастай бүжигчин юм байна гэдгийг нь Д.Алтанхуягтай “Корсар” бүжиглэхэд нь яруу тодоор үзэгчид харсан.

-Анх Алтанхуяг намайг урихад үнэндээ юу төсөөлөхөө мэдээгүй. Монголын тухай зөндөө ихийг сонсож байсан ч ийм өндөр мэргэжлийн театр, ийм уран бүтээлчид, ийм үзэгчдийг огт төсөөлөөгүй.

Цаг 16.30. 30 минутын дараа тоглолт эхэлнэ. Одоо үлдсэн хоёр бүжигчинтэй уулзахад хэтэрхий оройтож. Эртхэн үзэгчдийн танхимд орж, суудалдаа тухлаад энэ залуусын гайхалтай тоглолтыг сэтгэл догдлон хүлээж сууя. Өчигдрийн үзэгчид нүдэндээ нулимстай харьцгаасан гэсэн. Сэтгэл хөдлөлийг нь барометрээр хэмжсэн бол хага үсрэхээр халуухан байсан гэсэн.

Б.ЦАЦРАЛ

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж