Ардын намынхан 52:24 хувилбараа өөрчлөв үү

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Ардын намынхан 52:24 хувилбараа өөрчлөв үү

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслийг дуншин байж хэлэлцэн холимог хувилбар дээр УИХ дахь намын бүлгүүд тохирсон. Гэвч холимог дотроо пропорциональ, мажоритари хоёрын аль нь давамгайлах эсэхээс хамаарч ирэх сонгуулиар парламентад сонгогдох, эс сонгогдох нь шийдэгдэнэ. Тиймээс л Ардын нам, Ардчилсан нам, парламентад суудалтай жижиг намын төлөөлөл өөр, өөрсдийн байр суурийг хатуухан илэрхийлж буй. Ардын на­мынхан анхандаа 50:26 буюу пропорциональ хувилбар давамгайлах хэрэгтэй гэж үзэж байсан бол МАХН нэрээ өөрчлөн МАН болс­ноос хойш тэдний байдал 360 градусаар өөрчлөгдөв. Тэд Ардчилсан намынханд “Улс төрийн байдал өөрчлөгдсөн учир бид 50:26-аас татгалзлаа. Харин үүний оронд 52:24 нь манай намын хувьд илүү ашигтай байгаа болохоор энэ хувилбарыг хатуу сонголоо” гэх нь тэр. Сонгосноосоо ухарчихаад бас болоогүй шинэ хувилбар гаргаж ирсэн нь Ардчилсан намынханд таалагдсангүй. Тиймээс ч тэд дургүйцлээ УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд оролцохгүй байх замаар илэрхийлсэн юм. Гэхдээ Ардчилсан намынхан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд завсарлага авахаас өмнө намын бүлгүүд зөвшилцөх ажлын хэсэг гарган хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй. Учир нь Ардын намынхан төр барьсан хугацаа, олон жилийн түүх энэ тэрээрээ “далайлган” “52:24 хувилбараас бид ухрахгүй” гэсэн нь гал дээр тос нэмэх шиг болсон юм. Үүнээс болж Ардын намын бүлгийн дарга, дэд дарга нар дараагийнхаа дарга нарт байраа тавьж өглөө. Энэ мэт улс төрийн бужигнааны гол зорилго нь улс оронд хэрэгтэй, ирэх сонгуулийн үр дүнг 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн шиг болгохгүй байх тийм л хувилбараар сонгууль явуулах юм. Гэтэл намууд өөрсдийн хүнээ парламентад хэрхэн оруулах талаар л толгойгоо гашилган, өөр хоорондоо муудалцаж байна гэж зарим хүн дүгнэдэг. Оргүй үг биш л байх. Ямартай ч УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлэг хуваарийн дагуу өчигдөр хуралдлаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ардын на­­мын бүлгийн даргаар сонгогдсоныхоо да­раа Ардчилсан намын бүлгийн тавьсан са­налын эсрэг нэг санал тавьсан. Гэхдээ хоёр тал чухам ямар санал тавьсныг хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр цацахгүй, асуудлыг шийд­вэрлэсний дараа нийтэд мэдээлэхээр шийд­вэрлэсэн юм. Үүний дагуу Ардчилсан намын бү­лэг Ардын намынхны тавьсан саналыг бүл­гийн хуралдаанаар хэлэлцэн гаргасан шийдвэрээ үдээс хойш хуралдах ажлын хэсэгт танилцуулахаар болсон. Ийнхүү хаалттай мэдээллийн цаана Ардын намынхан Ардчилсан намынханд сонгуулийн холимог тогтолцоо буюу 50:26 хэмээх хувилбарыг санал болгожээ. Гэхдээ 26 нь пропорциональ байх хэрэгтэй гэж тэд үзэж байгаа бололтой. Харин тэдний тавьсан саналыг Ардчилсан намынхан зөвшөөрч, зөвшилцөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Намын бүлгүүд 50:26, 52:24, үүнээс огт өөр ч байж болох хувилбарыг сонгосны дараа хүнийг дугуйлах уу, намыг дугуйлах уу гэсэн томоохон асуудал бий. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу ирэх сарын 1-нд чуулганы нэгдсэн хуралдаан завсарлах ёстой. Хэрэв Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлаж амжихгүй бол хуралдааныг 14 хоног сунгах эрх нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж