”Чонон сүлд” сануулж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

”Чонон сүлд” сануулж байна

Хүн байгалийг танин мэдэх ухааны сор нь, дээж нь тухайн ард түмний байгалийг шүтэх, хайрлах уламжлалт зан заншилд шингэсэн байдаг. Бага гэлтгүй энэ зан заншлаас уламжлан мөшгивөл, байгалийн их нууц, том нээлт цаана нь агуулагдаж байж болох юм.
Миний өөрийн тэмдэглэлээс

Би харамсч байна. Багаасаа Хятад аюултай дайсан гэж ойлгож, Хятадын эсрэг үзлээр хүмүүжсэний гороор хятад зохиолчийн  бичсэн энэ номыг үл хүндэтгэн уншихаас хойш тавьж, алгуурлаж байсандаа маш их харамсч байна. Зохиолд болж буй үйл явдлууд бидний мэддэг, бидний  амьдралд байдаг, бидний харж, сонсч байдагтай тун их нийцжээ. Харин заримдаа амьтдын араншин болон үйлдлийн талаар уран зохиолын хэтрүүлэг, дүрслэл, уянгын халил хэрэглэсэн нь номыг гутаасангүй, харин ч улам хүч нэмэн чимэж, бодит байдалд ийм л байдаг болов уу гэж итгэхээр болсон байна. Үүнийгээ ч зохиолч Зян Рун монгол орчуулгын өмнөх үгэндээ: ““Чонон сүлд” уран зохиолын бүтээл болохоос биш амьтан судлалын сурах бичиг биш юм шүү гэдгийг тайлбарлан хэлэхийг хүсч байна” гэжээ. Гэхдээ энэ ном хүний хийсвэр санаанаас төрсан зөгнөл биш жинхэнэ бодит амьдралын үнэнийг үзүүлсэн сургаалтай ном юм.  Хүн байгальтай зохицон амьдарч ирсэн уламжлал, туршлагын сүүлийн төлөөлөгчид болох Билэгт өвгөн, түүний хүү Батынхан, Өлзий дарга болон хэдийгээр өөрсдөө суурин иргэншлийн төлөөлөгчид боловч нүүдэлчдийн байгалиа хамгаалах зан заншлыг зүрхний угаас хүлээн авч учир шалтгааныг бясалгагч хоньчин Чень Шень, Ян Кө, адуучин Жан Зи Юань нар нөгөө талаас хэдийгээр монгол боловч нүүдэлчний гүн ухаанаас өнөө маргаашийн мөнгөн ашгийг илүүд үзэх Бао Шүнь Гүй дарга болон Дорж тэргүүтнүүдийн (цаашид Доржтонгууд гэе) үзэл бодол, амьдралын үйл явдлын тэмцэл дунд номын үйл явдал өрнөнө. Харин зохиолын үйл явдлыг уншигчиддаа үлдээгээд гол үзэл санаа,  сургамжийн талаар хэдэн үг хэлхэе.

Ус ундрага нь цэнгэг тунгалаг, уул толгодоор нь ургамал ногоо тэгширсэн, ан амьтад сүлжилдсэн  онгон дагшин тал Өвөрмонголын тал нутагт байжээ. Энэ бол үлгэрт гардаг шиг эрт урьдийн цагт биш юм шүү. Дөнгөж 30 гаруйхан жилийн өмнө буюу нэгэн жарны хагас, нэгэн хүний өсөх нэгэн настай л адил хугацаа юм. Олонбулагийн тал энэ хугацаанд яаж өөрчлөгдсөнийг зохиолын төгсгөлд зохиолч “Талын тэнгэр бараг л цөлийн тэнгэр болон хувирчээ. Гандуу халуун тэнгэрийн дор өтгөн саглагар өвс ногоо үзэгдэхээ байгаад, армаг тармаг дэрс бударганы хооронд хатаж хагарсан элсэрхэг хөрс л зай завсаргүй үргэлжлэнэ” гэж дүрсэлжээ. Танил зураг байгаа биз. Хүний нас богино байгалийн нас урт. Хүн дэлхийд зочин болж ирдэг хэдий ч зочны биш, эзний сэтгэлээр эх байгальдаа хандаж байх, хүн бүр олон мянган жил амьдарсаар ирсэн хүн төрөлхтөний нэг гэдгээ хатуу санаж түүнийг зөвхөн өөрийн богинохон амьдралдаа зориулж, хэрэглэж болохгүй гэдгийг хэлж өгч байна. Олон зуун жилээр тогтвортой байсан байгалийн тэнц­вэрийг нураахад баян хангайн хиш­гийг уралдан хүртэхийн төлөө хү­мүү­сийн шунал, тэмцэл хамгийн гол шалтгаан болсон юм. Үүнийг  Дорж­тонгуудын олон үйл явдлаар нүдэнд харагдаж, гарт баригдтал дүрсэлжээ.

Харин зохиолч нүүдэлчдийн өв уламжлалаа авч үлдэж байгаа газар бол ар Монгол гэдэгт найдаж, хамаг итгэлээ хойд зүгт илгээсэн байдаг. Үүнийг нэг бус удаа энэ номноос уншиж болно. Харамсалтай нь,  Зян Рун  бидний ямар­хуу байдалтай эх байгалтайгаа харьцаж байгааг мэдсэн бол дахиад нэг дэлхийд гайхагдах суут бүтээл туурвих байсан нь дамжиггүй. Ердөө л хорь, гучин жилийн өмнө л хотын захаас гарав уу, үгүй юү тарвага, зурам, туулай, хярс замд тааралддаг байсан сан. Богд ууланд буга нутаглаж, нийслэлийн хаяагаар явж байна, чоно Гачууртад хүртэл орж ирлээ гэсэн ам дамжсан яриа ч бас байдаг сан. Энэ бүхэн одоо зөвхөн дурсамж болон үлдэж, удах ч үгүй үүнд хэн ч итгэхээ байж дурсамжнаас ч арчигдах буй заа. Нийгэм солигдсон 90-ээд оны хүнд үеээс тарвага, зурамны арьснаас эхлээд бугын эвэр чив, согоон сүүл авна гэх зараар байгаль орчны тэнцвэрийг мэдэрдэг, зохицуулдаг амьтдыг хомроголон авлаж эхэлсэн. Захиалдаг эзэд нь бидний урд хөршүүд. Хангагдчид нь Монголын Дорж­тонгууд. Монголын эмзэг экосис­темийг эвдэн сүйрүүлэх эхний алхам байжээ.

Нөгөө талаас, зохиолч монголчуудын оршин тогтнох үндэс нь нүүдэлчин амьдрал, нүүдэлчдийн ухаан хэрэв монголчууд суурьшвал, хятадуудаас ялгарахгүй гэж.Үнэндээ энэ номонд хятад яаж Өвөрмонголыг эрхшээлдээ оруулсан үнэн түүхийг дэлгэрэнгүй үзүүллээ. Хэдийгээр бүхэлдээ байгаль орчны тухай боловч түүгээр дамжуулан шинэ колоничлол яаж түрж орж байгааг харуулжээ. Энэ колоничлолын эхний арга бол нүүдэлчдийн амьдралын орчинг устгах. Үндэстэн олон зуун жилээр дассан амьдралын хэв маягаа алдахаараа амархан устдаг. Бид ч ингэж мөхсөн үндэстнүүдийг индиануудаас эхлээд жишээлэн ярих дуртай. Гэвч энэ байдал бидэн дээр ирж байгаа гэдгийг зохиолч бидэнд анхааруулжээ. Үнэхээр орчин үед суурин амьдрал хөгжлийг илэрхийлэгч, хөгжлийн хэмжүүр болж байгаа ч Монголд нүүдлийн болон суурин амьдралыг хослуулах боломж байгаа юм.Энэ нь монголчуудын оршин тогтнох арга зам, баталгаа болно. Суурин амьдрал зөвхөн том хотуудаар, үлдсэн нутагт нүүдлийн уламжлалт аж ахуйгаар амьдрах боломжтой, тэгэх ч ёстой. Гэхдээ энэ зөвхөн байгаль орчин эрүүл дагшин байж чадсан тохиолдолд юм шүү. Үүнийг эвдэн суурьшихаас өөр аргагүй болгож байгаа нь колоничлох бодлогын хариу юм.

Саяхан бэлчээр нутгаа хамгаалсан малчин Мэргэнийг машинаар дайрсан хэрэг Хятадад гарлаа. Тэнд эх нутагтаа цөөнх болсон монголчууд уусахгүйн тулд, устахгүйн тулд тэмцэл хийж байна. Харин энд яаж байна?  Мөнгөний хэнээ газар авч, бодлого тогтоогчид, амьдралд хэрэгжүүлэгчид аль болох эвдэх, сүйт­гэх дээр уралдаж байна. Жишээ нь, урт нэртэй хууль гээд нэршчихсэн хэрэг­жүүлэх нь байтугай нэрийг нь хэлэхээс залхуурсан нэгэн хууль байна. Энэ бол байгаль хамгаалахад хэрэгтэй тун чухал хуулиудын нэг юм. Зөв ч  байсан. Гэтэл харамсалтай нь бас л алтны хэнээтэй Доржтонгуудын балгаар амаа бариулах бололтой. Жишээ нь, Туулыг хар. Улаанбаатар хот бол зүйрлэвэл, навчин дээр суугаад цугласан хурын усыг ууж байгаа бяцхан цохтой адилхан. Гэтэл хурын ус бууж, тогтож байгаа тэр навчийг энд тэнд нь цоолж, хатаагаад байвал бяцхан цоход уух ус олдох уу? Үгүй шүү дээ. Гол, усны савыг хамгаалах нь зөвхөн урсаж байгаа бүх газарт нь биш, ус цуглуулж гол мөрнийг тэтгэх эх үүсгэвэр болдог уул, нуруу, хагалбаруудаас нь эхэлж хамгаалах ёстой юм. Харин хатан Туулын эх болсон Хан Хэнтий, Горхи Тэрэлжийг сүйтгэж хаячаад бургасны хогийг нь цэвэрлэсэнээр Туул сэргэхгүй. Нүглийн нүдийг гурилаар хуурсан ийм бодлого зөвхөн Доржтоны үйлдэл мөн.  

Харин үүнийг уншсан манай эрх баригчид юу бодож байгаа бол? Үнэндээ найр наадмаар дуу дуулж, бүжиг бүжиж уралдахыг нь харсан болохоос ном уншаад “ном хаялцаж” байгааг нь харж байсангүй. Гэхдээ хөөргө, хулны том, адууны хурданаар өрсөлддөг манай эрх баригчид бүгдээрээ биш юм гэхэд цөөхөн нь хамаагүй энэ номыг санамсаргүй ч гэсэн ядаж ганцхан  удаа, хальт ч хамаагүй уншсан байгаасай, уншаад ойлгосон байгаасай гэдгийг туйлаас ихэд хүсч байна. Яагаад гэвэл хэдийгээр Өвөрмонголын тухай боловч бидний өмнө ирсэн, амьдралд тулгамдсан “орших уу, эс орших уу” асуудлыг хөндөж, өвөр Монголчуудын алдсан алдааг уран зохиолын аргаар хэлж өгсөн нь бидэнд том сургамж болохоор байна. Үгэн дунд уянга хэлхэж, утга дунд амьдрал дайсан энэ зохиолын ач холбогдол уншигч та бид бүхнээс, уншаад ойлгосноос маш их хамаарна. Доржтонгууд цөөрөх болтугай. Монгол­чууд бид Билэгт өвгөний ухаан бодолтой байх болтугай.

Ц.Ганбат
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж