Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулья

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулья

МОНГОЛД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЬЯ

Шатахууны зах зээл тогтворгүй байдалд шилжээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ зуур дизель түлшний хомсдол үүсч нийтийн тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хүндрэл учирч эхэлсэн. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн АИ-92 шатахууны хомсдол зах зээл дээр эрс мэдрэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан манай сониноос “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя” цуврал хэлэлцүүлгийг явуулж буй юм. Өнгөрсөн удаад шатахуун, түлш хэрэглэгч иргэд, салбарын бодлого боловсруулагчдын байр суурийг хэлэлцүүлэгтээ тусгасан бол энэ удаад газрын тосны салбарын компаниудын удирдлага, эрдэмтдийн саналыг хүргэж байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбат:

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ЗААВАЛ ТОМ БАЙХ АЛБАГҮЙ

-Газрын тосны үйлдвэр бай­гуулъя гэхэд татгалзах хүн энэ оронд үгүй. АНУ-ын Техас мужийн Хьюс­тон хотод нефть боловсруулах үйлдвэрийн машин, тоног төхөө­рөмж бүтээдэг үйлдвэр байна. Тэнд ерөөсөө бэлэн үйлдвэр байдаг юм. Тухай бүртээ модулиудтай, сал­гаж, угсраад тээвэрлэчихэж бол­дог тийм эд байгаа юм. Том нү­сэр барилга байшин хэрэггүй, ав­саархан тоног төхөөрөмжүүд ха­рагдсан. Тэдгээрийг Монголд ав­чирч, угсраад л түүхий эдээ нэрж болно. Ингэснээр автобензин, ке­ро­син, дизель түлш, бетум бу­юу за­мын хар зэрэг тав, зургаан төр­лийн бүтээгдэхүүн гаргаж авах бо­ломжтой. 200 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг авсаархан нь ч бий. Гэхдээ зөвхөн 200 мянгаар хязгаарлагдахгүй. Янз бүрийн хүчин чадалтай болгож болно. Тийм учраас тэр үйлдвэрийг манайхан яаралтай авчирч ашиглах хэрэгтэй байна. Тэр үйлдвэрийг хаана ч байрлуулж болно. Тухайлбал, Тамсагийн нефтийн орд, Зүүнбаянгийн Цагаан элсний орд зэрэг газарт байгуулахад болохгүй зүйл байхгүй. Эсвэл бүр төвлөрсөн газар ч байгуулж түүхий эдээ зөөх маягаар ашиглаж болно. Үүнийг л хийх хэрэгтэй. Түүнээс биш манайхан дэл­хийд шинэ зүйл нээчих юм биш. Дэлхий дахинд л ашиглаж байгаа зүйл хэрэгтэй шүү дээ. Үнийн хувьд 500 сая ам.доллартай байхад ямар ч үйлдвэр барьж, байгуулж болно.

“Хэт” компанийн дэд захирал Б.Хүдэр-Ян:

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ НЬ ҮНДЭСНИЙ
ЭРХ АШИГТ ХАМААРАЛТАЙ

-Нефтийн бүтээгдэхүүнгүйгээр хөг­жинө гэж үгүй. Ялангуяа манай улсын хувьд энэ зах зээл дээр үйлд­вэрлэл хөгжүүлэхгүй л бол хараат бус байж чадахгүй шүү дээ. Харж байгаа биз дээ, өнөөдөр бид дангаараа шийдвэр гаргаж чадахгүй байдалд байна. Газрын тос боловсруулах үйлд­вэр байгуулна гэдэг угтаа бол үндэсний эрх ашгаа хамгаалах хэрэг­сэлтэй болохоор зорьж байна гэсэн үг. Манай компанийн хувьд холбогдох газруудаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хараахан авч амжаагүй байна. Гэхдээ төр, засгаас дэмжиж байгаа болохоор шийдэгдэх болов уу гэж бодож байгаа. Тиймээс үйлдвэр барих ажлаа эхлээд байна. Одоо­гоор дэд бүтцээ шийдэхээр ажлаа эхэлсэн.

“Монгол секью” компанийн захирал, Академич Т.Намжим:

ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ Ч БАЙ ҮГҮЙ Ч БАЙ, ҮЙЛДВЭР БАРИХ ЁСТОЙ

-Ер нь хомсдол нүүрлэсэн ч бай, үгүй ч бай бид газрын тос боловсруулах үйлдвэр заавал байгуулах ёстой. Өнгөрсөн болоод энэ зуунд хамгийн чухал стратегийн бүтээгдэхүүн бол нефть юм. Манай компани энэ салбарт үйл ажиллагаа явуулахаар сүүлийн дөрвөн жил хөөцөлдөж байна. Анх 2008 онд газрын тосны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ээ боловсруулсан. Улмаар 2009 он гэхэд үйлдвэрээ барьж эхлэн 2012 онд анхны бүтээгдэхүүнээ гарган авах байлаа. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөгөөр Олон улсын валютын сан зээлийн хэмжээгээ хязгаарласан. Үүнээс болж бидний энэ ажил хэсэгтээ зогсонги байдалд ороод байлаа. Ямар ч байсан Монгол Улсад газрын тосны үйлдвэр байгуулбал эдийн засгийн хувьд үр ашигтай, хараат бус болох тэргүүтэй олон давуу тал бий. Үүнийг үгүйсгэх хүн үгүй болов уу. Тиймээс одоо Японы томоохон компаниудтай хамтран Дархан-Уул аймагт энэ ондоо багтаан үйлдвэрийн барилгын ажлаа хийнэ.

ШУА-ын эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, шинжлэх ухааны доктор Б.Авид:

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХАД ЯАРЧ ХӨДӨЛЖ БОЛОХГҮЙ

-Нефть боловсруулах шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ амар асуудал биш. Эдийн засгийн хувьд ашигтай эсэхийг нь тооцоолох хэрэгтэй. 2008 онд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд ийм үйлдвэр байгуулах талаар амтай болгон ярьж эхэлсэн. Харин түүний дараа үнэ огцом буурахад ярих хүнгүй болсон. Эдийн засгийн хамаарлын хувьд боловсруулах үйлдвэр барих нь зайлшгүй асуудал. Гэхдээ Засгийн газар солигдох болгонд дахин дахин шинээр ярьдагаа болимоор байгаа юм. Нэгэнт хийхээр шийдсэн бол үйлдвэрээ байгуулах л хэрэгтэй. Бас нэг асуудал нь Монгол Улс нефтийнхээ нөөцийг хараахан бүрэн тооцоолоогүй. Одоо илрүүлээд байгаа нефтийн нөөц зах зээлийг хангаж чадахгүй. Цаана нь их хэмжээний газрын тосны нөөц байгаа гэж яриад л байдаг. Олборлож байгаа нь харагдахгүй л байна шүү дээ. Яахав, гаднаас түүхий нефть оруулж ирээд, нэрж болох л юм. Үнийн хувьд хямд байх талтай. Гэхдээ сайн тооцоолж, судалж байж хийхгүй бол улс төрийн юм уу, сэтгэл хөдлөлөөс үүдсэн шийдвэр сайн зүйлд хүргэхгүй.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж