Б.Гарьдмагнай: Хоёр бөмбөгөөр илүүрхэж хожих зорилготой

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Б.Гарьдмагнай: Хоёр бөмбөгөөр илүүрхэж хожих зорилготой

“Бразил-2014” ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээний эхний шатны анхны тоглолт өнөөдөр Улаанбаатар хотод болж, Монголын шигшээ баг Мьянмартай тоглох юм. Харамсалтай нь “Талын хөх чононууд”-ын ахлагч Д.Лүмбэнгарав лигийн тэмцээний үеэр хүнд бэртэж, багтаа тусалж чадахгүй болсон. Тиймээс шигшээ багийн дэд ахлагч Б.Гарьдмагнай өнөөдөр багаа ахлан талбайд гарах юм. Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр МҮОХ-ны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд байрлаж байгаа бөгөөд бэлтгэл нь өндөрлөсний дараа Б.Гарьдмагнайтай уулзаж ярилцлаа.

-Мьянмарын шигшээ багийг хэр судалсан бэ?

-Монголд ирээд хоёр удаа бэлтгэл хийхийг нь харлаа. Тоглогчид нь бие жижиг ч хурдтай, техник сайтай юм билээ. Мьянмарын хөлбөмбөгийн шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансаанд 167 дугаарт байр яваа. Саяхнаас серб дасгалжуулагч /Милан Зивадинович/ удирдах болсон гэсэн. МХБХ “Мьянмарын шигшээ багийн тоглолтын бичлэгийг явуулна уу” гэсэн хүсэлтийг Азийн хөлбөмбөгийн холбоонд явуулсан ч хариу өгөөгүй. Тиймээс тоглолтынх нь бичлэгийг интернэтээс үзэж, судалсан. Сүүлд гэхэд Малайзад 0:2-оор хожигдсон. 

-Шигшээ багийн дасгалжуулагч нар юу гэж зөвлөж байна?

-Манай тоглолтын хувилбар 4-4-2. Хамгаалалтаас довтолгоонд, довтолгооноос хамгаалалтад хурдан шилжих тактик барина. Үүнд тохирсон бэлтгэл сургуулилалт сайн хийлээ. Манайх чацаар өндөр тул үүнийгээ ашиглаж тоглоно.

-Шигшээ багийн туслах дасгалжуулагч саяхан томилогдсон Жак Девисмегийн тухай ярихгүй юу?

-Франц мэргэжилтэн байгаа. Эх орныхоо шигшээ багийг 1998 оны ДАШТ-д түрүүлэхэд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэсвэрийн бэлтгэл хийлгэдэг. Энэ бэлтгэлээ биднээр ч хийлгэсэн. Боломжийн юм билээ.

-Саяхан Монголд ирсэн Гаёс Дарсазе гэж гүрж дасгалжуулагч бас зөвлөж байгаа юу?

-Тийм ээ. Европын хөлбөмбөгийн холбооноос ирсэн дасгалжуулагч бий. Тэр бидэнтэй илүү тулж, тактик тал дээр ярилцсан. Хувь хүний байрлал дээр их ажиллаж байна. Хэн нь довтлох вэ, хэн нь хамгаалах вэ, хэн нь хэнийгээ нөхөх вэ гээд. Дарсазе манай улсад хүүхдийн хөлбөмбөгийн сургалт зохион байгуулахаар ирсэн. Одоо зуслангуудад ажиллаж байгаа.

-Монголын шигшээ баг энэхүү тоглолтын өмнөх бэлтгэлээ ОХУ-ын Эрхүү хотод хангаж, тэндхийн багуудтай дөрөв тоглоод хожигдсон. Тоглолтын дүнг харж байхад бүх хүчээ дайчилж тоглоогүй санагдсан?

-Тоглогчид гэмтэхээс болгоомжилж, бүх хүчээ дайчлаагүй. Бас хэд хэдэн тоглогчоо туршсан тоглолт хийсэн. Яг 100 хувь зүтгээгүй ээ.

-Та Мьянмарын эсрэг Монгол Улсын шигшээ багийг ахалж тоглоно. Албан ёсны тоглолтод анх удаа ахлагчийн туузтай оролцох гэж байна уу?

-Тийм ээ. Үүрэг хариуцлага их байгааг сайн ухамсарлаж байна. Шигшээ багийнхаа төлөө албан ёсны 25-26 удаа тоглолтод оролцсон.

-Филиппинтэй хийсэн тоглолтоос хойш хэд хэдэн тоглогч солигдсон байна. Шинээр хэн хэн багтав?

-Хавар Филиппинтэй тоглоход хам­гаалалтын чиглэлийн тоглогчид түлхүү байсан. Дасгалжуулагч энэ удаа тоглогч сонгохдоо довтолгоондоо нэлээн анхаарч, хэд хэдэн хагас хамгаалагч, довтлогч авлаа. “Хоромхон”-ын Х.Цэнд-Аюуш, А.Батболд, “Хүлгүүд”-ийн Ц.Мөнх-Эрдэнэ, “Сэлэнгэпресс”-ийн А.Мөрөн, Г.Даваа-Очир ах зэрэг тоглогч нэмэгдсэн. Шигшээ баг нэлээн залуужлаа.

-Өмнөх тоглолтуудад Г.Төгсбаяраас өөр цэвэр довтлогчгүй байсан. Энэ удаа хэрхэх бол?

-А.Мөрөн АНУ-аас ирлээ. Мөн “Хангарьд”-ын О.Мөнх-Од байна. Г.Төгсбаяр энэ гурав довтолгоонд тоглоно.

-Гол довтлогч Г.Төгсбаярын шагай хэр байна. Бусад тоглогчид гэмтлийн асуудал байгаа юу?

-Г.Төгсбаяр эдгэрч байна. Эрхүүд очсон ч нэг их тоглоогүй. Тэнд хийсэн сүүлчийн тоглолтын эхний үед тоглосон. Бусад тоглогч бага сага бэртэлтэй байсан ч одоо эдгэрээд, формондоо орж байна.

-Шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав тоглохгүй болсон нь тамирчдын сэтгэлзүйд хэр нөлөөлж байна вэ?

-Лүмбээ ах бидэн дээр байнга ирж, ярилцаж, сэтгэл санааны дэм өгч байгаа. Бид хоорондоо ярьдаг юм. “Мьянмарыг ялж, Омантай хийх тоглолтод Лүмбээ ахыгаа оролцуулна шүү” гэж.

-Манайхан 2009, 2011 оны “Challenge Cup” тэмцээний урьдчилсан шатанд Макао, Филиппин зэрэг чансаа илүү багуудыг нутагтаа ялсан. Харамсалтай нь хоёр тоглолтын нийлбэрээр дараагийн шатанд хараахан шалгарч чадахгүй байгаа. Энэ юутай холбоотой вэ?

-Сэтгэлзүй. Мөн техникийн бага зэр­гийн алдаанаас болж хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Энэ алдаагаа гаргахгүй байх тал дээр их ажиллаж байна.

-Нутагтаа, олон мянган үзэгчийн өмнө тоглоход бие барих тал байдаг. Та залуу тоглогчдод хэр зөвлөж байна вэ?

-Шигшээ багт залуу тоглогч олон багтсан гэж дээр хэлсэн. Туршлагатай тоглогчид тэдэнд зааж, зөвлөж байна. “Гаднаас ингэж орилно. Тайван бай” гэх зэргээр. Манайхан сэтгэлээрээ их гоё дэмждэг. Өшөө дэмжээрэй, хөлбөмбөгийг зөв талаас нь харж, хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

-Улаанбаатарт болох тоглолтоор бүх зүйл шийдэгдчихгүй. Хариу тоглолт долду­гаар сарын 3-нд Мьян­март болно. Манайхан нутагтаа болох тоглолтыг ямар үр дүнтэй үдэхийг хүсч байгаа бол?

-Миний бодлоор тал­байдаа гоол алдахгүй байх, доод тал нь хоёр бөмбөгний илүүтэй хо­жих. Манайхан зочилж тоглохдоо ихэвчлэн 0:2-оор хожигддог. Өмнөх тэмцээнүүдийн хариу тог­лолт Монголд болсон. Харин энэ удаа нутагтаа эхэлж тоглоод, давуу байдалтай айлын талбайд очвол яахыг үзмээр байна.

-Ярилцлагын сэдвээ жаахан өөрчилж клу­бийн тухай ярилцъя. Өнгөрсөн жилийн Үн­­дэсний лигийн дэд авар­га “Улаанбаатарын мазаалайнууд” баг энэ жилийн тэмцээний эхний хагаст санасандаа хүртэл тоглосонгүй?

-Тийм ээ. Манайх хамгийн цөөн гоол хийж, мөн хамгийн багыг алдсан байгаа. Хэд хэдэн тамирчин гадаад руу явж, нэг тамирчин багаа сольсон. Доороос залуу тоглогчид нөхөж орж ирснээр бүрэлдэхүүн жаахан суларсан гэх үү дээ. Одоо лигийн хүснэгтийн зургадугаар байрт явж байна.

-Гэхдээ дээр явж байгаа багуудтайгаа оноо ойролцоо байгаа биз дээ?

-Тийм ээ. Бас доор яваа багуудтайгаа ч ойрхон байгаа /инээв/.

-Долдугаар сарын 1-нд солилцооны цонх нээгдэнэ. “Мазаалайнууд”-д ава­хаар сонирхож байгаа тоглогч бий юу?

-Одоохондоо нарийн төлөвлөсөн зүйл байхгүй. Ер нь манай клуб өөрсдийн бэлтгэсэн тамирчдаар л тоглодог. Нэг бол хуучин тамирчдаа эргүүлж авдаг. Би 1998 онд “Мазаалайнууд”-д элсч, 2005 он хүртэл тоглосон. Тэр жил гадаадад нэг жил суралцсан юм.

-Харин Монголд эргэж ирээд төрөлх багтаа биш, “Эрчим”-д гур­ван жил тоглоод өнгөрсөн жил “Мазаалайнууд”-д эргэн ирсэн. Эргэн ирэхэд юу нөлөөлөв
?

-“Мазаалайнууд” маань нэлээн муу тоглоод, би бодсон. “Би л буцаж очиж тоглох хэрэгтэй юм байна” гэж. Багаа жаахан сэргээх үүднээс буцаж ирсэн дээ. Хөлбөмбөгийг анх заасан Ц.Энхболдбаатар багшдаа их баярлаж явдаг. Бүх зүйл дээр зааж, зөвлөдөг. Цаашид ч олон жил хамт ажиллана гэж найдаж байна.

Эхсурвалж: “Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж