Сайн эрийг сорви чимдэг гэлүү

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Сайн эрийг сорви чимдэг гэлүү

2008
оны сонгуулийн өмнө хэлж, УИХ-ын гурван гишүүн нэр холбогдсон
“Хадгаламж” банк, казиногийн хэргийн дуулианаар сэм алга болсон яруу
найрагч Ж.Мөнхбат дахин “төрөв”. Түүний шинэ төрх нь МАН-ын үзэл суртлын
дайчин зэвсэг намын “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч.

Оюутны
холбооноос улс төрийн карьераа эхэлж, УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах
байхдаа яруу найргийн “Болор цом” наадмын түрүүг аван ах нарынхаа урд
гишгэж байсан энэ залууг зарим нь “Намайг Амараа гэдэг” хэмээн эхэлдэг
“Соёмбо” архины рекламаар олонд танил болж, Ардчилсан намын
сурталчилгааны гол фон болж байсан жүжигчин Б.Амарсайхантай андуурах нь
бий.

Дуучин Т.Баясгалантай хэсэг хугацаанд “инаг амрагун” явдал
үүсгэж аваад салсных нь дараа бүсгүй нь түүнд зориулж “Санах тусам”
дуугаа дуулсны клипэнд нь жүжигчин Б.Амарсайхан тоглож байлаа. Хөгжмийн
зохиолч Ч.Мөнхжаргалаас сая төгрөгөөр үнэлж авсан уг дууныхаа клипэнд
жүжигчин Б.Амарсайханыг тоглуулсан нь санам­саргүй хэрэг биш. Тэр үеийн
үзэгчид Амараа, Мөнхбат хоёрыг андуурч эндүүрдэг байсантай холбоотой.
Ж.Мөнхбат тэр хоёрын хайр сэтгэлийн түүхээс ганцаар тогтохгүй дуу төрсөн
ба хожим нь дуучин бүсгүй яруу найрагчаас салахгүй гэхдээ “үхнэ хатна”
хэмээн айлгаж, Тэрэлж рүү машинтайгаа давхиж байсан гэдэг. Тэр үед
хэл­сэн­дээ хүрчихсэн бол Д.Батбаяр гишүүн одоо яана аа ч гэх шиг…

МАН-ын
залуу халаа, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч байгаад
одоо “хэвлэл мэдээллийн магнат” болохоор замнаж байгаа Ж.Мөнхбат
хүүхнүүдийн зүрхийг олон шархлуулсан шигээ өөрөө ч багагүй хал үзэж яваа
залуу. Хүүхнүүдийн зүрх сэтгэл, нүдийг унагаж, нэг хэсэг мандаж явсан
энэ залуу сэтгэл дотроо харин ямархан шархтай явдгийг чөтгөр л мэдэх
байх даа. Яруу найрагч, улстөрч, уран илтгэгч, ухуулагч тэмцэгч гээд нэг
биед баймгүй “авьяас онгод” нь хэтийдсэн түүнийг МАН-ын хоёр дахь
“улаан хамгаалагч” гэдэг нь оргүй зүйл биш. Хоёр жилийн өмнө ах
нартайгаа хамт “казино тог­ло­сон” хэргээр хариугүй хальтирдгийн даваан
дээр гадагшаа сургуульд явж амжсан билээ.

Харин сонгуулийн дараа
эргэж ирээд нэг хэсэг нам жим байснаа намынхаа залуустай нийлж “Шинэ
эхлэл” хөдөлгөөн байгуулан “авлигын загал­майлсан эцэг” Н.Энхбаяртай тун
чиг айхавтар тэмцэл хийсэн дээ. Намынхандаа гадуурхагдаж гудамжинд
гарчихаад нус нулимс болж явсан түүнийг хуучин нөхөддөө хатуурхаж хэд
гурван хатуу үг хэлснийх нь төлөө дарга нараа өмөөрөн босч “Авлигын хана
хэрмийг нураая” хэмээн зургийг плакат болгож байгаад урсан гэж байгаа.
Урах л байсан юм бол тэр өндөр үнэтэй плакат хэвлүүлж яана аа. Оронд нь
ордны коридорт өлгөөтэй байгаа хөргийг нь очиж маажихгүй юу.

Нөгөөх
нь ч гэж адилдаа адил. Өөрсдөөс нь санаа аваад өнгөрсөн хавар
Сүхбаатарын тал­байд суулт зохион байгуулж, “Монголын 15 олигархийг”
нэрлэхдээ хамгийн эхний байрт намын дарга, хуучин дарга хоёроо
тодруулсан. Ухаандаа “тусыг тусаар” гэдэг болж байгаа юм.

Ер нь
МАН-ын залуус дотор, ялангуяа карьер хийх сонирхолтой хэсэг бүлэгт нь
нэг л бичигдээгүй хууль үйлчилдэг шиг байгаа юм. Чадсан ч, чадаагүй ч,
буруу ч, зөв ч бай аль болох олон зүйл рүү сарвай. Аль нэгийг нь заавал
шүүрнэ гэж. Бусад хүмүүс юу гэж хүлээж авах, сайлах муулах, элэглэх
гоочлох огтоос хамаагүй байдаг нь бас нэг талаар атаархууштай. Сайн
эрийг сорви чимдэг гэдэг шиг, Ж.Мөнхбат ч бас улстөрч хүнд олон
тохиохгүй намтартай хүн шүү.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж