Холбоон дотор холбоо байгуулж болно

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Холбоон дотор холбоо байгуулж болно

Морин дээрээс Монголыг төвхнүүлэх гээд чадахгүй яваа Ц.Мөнхбаяр нарын до­лоон “баатар”-ыг нутаг чө­­лөөлөөд хөдөөгүүр явж бай­хад нь сая­хан цагдаа нар барьж ирээд  мөрдөнд хорьж буй. Тэгсэн тэд­ний эхнэр хүүхдүүд нь “Гал үндэстэн эмэгтэйчүүдийн хол­боо”-г байгуулж, тэмцлийг нь үргэлжлүүлэхээр болсноо зарлав. Эхний ээлжинд саяхан ашиглалтанд орсон “Цагаан ордон”-оос нөхрүүдээ ямар нэгэн аргаар гаргах нь тэдний гол зорилго бололтой. Харин дараа нь яах вэ гэхээр Засгийн газарт хаягласан таван зүйл, заалт бүхий шаардлагаа ажил хэрэг болгох аж. Гэхдээ алинаас эхлэх нь тийм ч тодорхой бус байна. Нөхрүүдтэйгээ дө­рөө харшуулан буу агсаж, хөдөөгүүр морин дэл дээр хийссэн ч чадахаар юм ярь­сан. Цаашид зөвхөн тэд­нийг суллах ажлыг гардан хариуцаж ч магадгүй юм. Одоо саатуулагдаад байгаа нөхрүүд нь мэдээж номхон төлөг шиг ноомой болоод гараад ирнэ гэдэг юу л бол. Бодвол дахиад л нутаг чөлөөлөх аян дайн шахуу юмаа үргэлжлүүлэх байх. Тэ­гэнгүүт эндээс цагдаа нар дав­хиж очоод дахиад бариад ирнэ. Хэдэн ч удаа ийм байдал давтагдахыг таашгүй учраас энэ бүхэнд эхнэрүүдийнх нь холбоо “ажилтай” байх нь л дээ. Байнгын ажиллагаатай парламент гэдэг шиг байнгын ажиллагаатай холбоо ч байж мэдэхээр байна.

Үүнээс гадна эзгүй байгаа Ерөнхийлөгчид ч тэд ханджээ. “Биднийг, эх орончдыг дэм­жиж байгаа эсэхээ 48 цагийн дотор хэлээрэй” гэсэн утгатай шаардлага ч хүргүүлэв. Гэ­тэл Ерөнхийлөгч заасан хуга­цаанаас өмнө тэдэнд хариу өгөх нь байтугай айлчлалаасаа ч ирээгүй байхаар байна. Тэгэхээр одоо яах юм бол доо. Ямар ч байсан жендерийн талаарх өргөн ойлголтыг ч “Гал үндэстэн” холбооныхон үйл хэрэгтээ ийнхүү тусгав. Уг нь бол аль нэг намын дэргэд залуучууд, эмэгтэйчүүдийн бай­гууллага бол байдаг бай­сан. Одоо ч бий. Харин жи­рийн холбоон дотор холбоо мэндэлж байсангүй. Тэгэхээр энэ эхлэлийг тэд тавьж чадлаа. Авто машин, мотоциклийн холбооныхон гэхэд л одоо эх­нэрүүдээ цуглуулаад дэргэдээ Авто машин8 мотоцикльчин эмэгтэйчүүдийн холбоо, Анч­­­дын холбоо болохоор хүүх­дүүдийнхээ эрх аш­гийг хамгаалуулахын тулд Анчдын эхнэрүүдийн хол­боо байгуулж болох нь ээ. Өөр ямар ч холбоо ийм бүтэц, зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжиж  болохоор боллоо. Маш их эрсдэлтэй “ажил” хийдэг тохиолдолд энэ нь бүр ч их хэрэг болж магадгүй юм.   

Н.МӨНХТӨВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж