Хуульчид өөрсдийн хуулийн төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хуульчид өөрсдийн хуулийн төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын төслийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл бэлтгэгдсэн билээ. Энэ хуулийн төслийг өмгөөлөгчдийн дунд  “Иргэний танхим”-д өнөөдөр хэлэлцүүллээ.

Хуулийн гол зорилго нь Шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудал болох хуульч боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах, хуульчдын өөрийн удирдлагын тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн үндсийг зохистойгоор тавих явдал юм. Хэлэлцүүлэгт оролцогчид олон асуулт асууж, хуулийн үзэл баримтлалын талаар тодорхой төсөөлөлтэй болов. Гэхдээ тэд хуульчдын танхимын ардчилал, тус танхимын ерөнхийлөгч, танхимын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа, танхимын санхүүжилт, хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага Их хуралд төлөөлөх хувь хэмжээ, гишүүдийн тоо, хорооны гишүүдийн тоо, өмгөөлөгчдийн аюулгүй байдал, хамгаалалт, тэдний ашиг сонирхлын зөрчил,  нэгдмэл улсад тойргийн системийн зохистой байдал зэргийг эргэн нягтлах, хуулийн төслийг дагаад ямар ямар хуульд өөрчлөлт орох талаар анхаарах шаардлагатайг дурьдан саналаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг нээж хуулийн төсөл, үзэл баримтлалыг тайлбарласан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хааж хэлэхдээ “Хуульчид бид эхлээд нэгдсэн ойлголттой болох, төслөө сайтар уншиж олон талаас нь бодолцон саналаа илэрхийлэх хэрэгтэй. Энэ хуулийн төсөл батлагдсанаар бид их зүйлийг цэгцрүүлэх болно. Олон хуульд өөрчлөлт орно. Тиймээс дахиад олон удаа хэлэлцүүлэг хийнэ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг бусаддаа ойлгуулах талаар нөлөөллийн ажил идэвхтэй хийх хэрэгтэй” хэмээлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж