Төрийн сангийн зээл, тусламжийг тэтгэлэг хэлбэрээр олгоно

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Төрийн сангийн зээл, тусламжийг тэтгэлэг хэлбэрээр олгоно

ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ТЭТГЭЛЭГ ХЭЛБЭРЭЭР ОЛГОНО

Их, дээд сургуулийн оюутнуудад олгох мөнгөн тусламж, зээл олгох журам батлагдсанаар оюутан, сурагчид буцалтгүй тусламж, төрийн сангийн зээл, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөр гэх олон тэтгэлэг олгодог болсон. Төрийн сангийн зээл, тусламжийн хэдэн тэрбум төгрөгөөр оюутнууд суралцдаг. Төрийн сангийн зээлээр суралцагсад эргэн төлөх нөхцөлтэйгээр сурдаг бол буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн нэг хүүхэд үнэ төлбөргүй сурах эрхтэй гэсэн журмын дагуу байх жишээний. Товчхондоо тэд татвар төлөгчдийн мөнгөөр сурдаг гэсэн үг. Энэ зээл тусламжаар Монгол Улсын болон гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцах боломжтой. Харин энэ жил  “Хүний хөгжил сан”-гаас оюутан бүрийн сургалтын төлбөрийнх нь 500 мянган төгрөгийг олгосон. Үүний дагуу Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж олгох журмыг түр хугацаагаар зогсоосон юм. Төрийн сангийн зээл, тусламжийн талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга Б.Баасанжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Их, дээд сургуулийн оюутнуудад олгодог төрийн сангийн зээл, тусламжийг түр хугацаагаар зогсоосон байгаа. Ирэх онд дахин олгох уу?

-Өнгөрсөн намар “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгох шийдвэр гараагүй байсан учир төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж хэвийн олгогдож байсан. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар төрийн сангийн зээл, тусламж олгох журамд өөрчлөлт оруулахаар болсон. Тиймээс өнгөрсөн намар өөрчлөлт оруулах байсан ч эх орны хишиг 500 мянгыг олгох  болсон учраас журамд өөрчлөлт оруулахыг хойшлуулж, зээл, тусламжийг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Төрийн сангийн зээл, тусламжийн шинэ журам УИХ-аар батлагдахаар хэлэлцэгдэж байсан. Бид уг нь долдугаар сарын 1-нээс өмнө шийдэгдэх байх гэж бодож байсан ч сая сонгуулийн хуулиас болж хойшлоод байна. Шинэ журмыг батлах эсэх нь УИХ-аар шийдэгдэнэ. Мөн ирэх жил олгох үгүй нь бас УИХ-аар шийдэгдэнэ. Хэрэв “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг ирэх жил  олгоно гэвэл төрийн сангийн зээл тусламж түр хугацаагаар зогсох байх. Хоёр зэрэг мөнгө өгнө гэж байхгүй шүү дээ.

-Журамд өөрчлөлт орсон гэж байна. Яг ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Батлагдаагүй журам болохоор тийм, ийм гэж ярьж болохгүй байна. Гэхдээ 1980,1990-ээд оны үед оюутнуудад  мөнгөн тэтгэлэг олгодог байсан. Сайн сурвал их мөнгө авна, дунд бол дунд, муу бол мууг л авдаг байсан. Тэр үед онц сурсан, урлаг, спортоор бусдаасаа хошуучласан  авъяастай хүүхдүүд бас өндөр тэтгэлэг авдаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зарчмыг баримтлах санал гаргаж бид журам дээр нь ажиллаад УИХ-д өргөн барьсан. Энэ журам хойшлохгүйгээр батлагдвал сайн л байна. Бид хийх ёстой зүйлээ хийгээд өгсөн батлах, батлахгүй нь УИХ-ын  эрх.

-Ирэх жил Эх орны хишиг 500 мянган төгрөгийг оюутнуудад олгох шийдвэр гарвал төрийн сангийн зээл, тусламж олгохгүй юм байна?

– Нэгэн зэрэг хоёр төрлийн мөнгө олгох боломжгүй л дээ. Оюутны 500 мянга их, дээд сургуульд суралцагч өдрийн ангийн бүх оюутнуудад олгогдох журамтай. Тиймээс өдрийн ангид сурч буй оюутан нэг төрлийн хөнгөлөлт л эдлэх боломжтой. Учир нь их, дээд сургуулийн сургалтын төлбөр 500 мянган төгрөгнөөс дээш байдаг.  Эх орны хишиг болох 1,5 сая төгрөгөөс оюутнууд үүнээс 500 мянгыг нь авч чадсан. Хэрвээ ирэх жил боломжтой болоод үргэлжлүүлэх шийдвэр гарвал төлбөрөө төлүүлэх байх.

-Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжид жилд хэдэн хүүхэд хамрагддаг вэ?

-Зээл тусламжид жилд дунджаар 50  мянга орчим хүүхэд хамрагддаг. Гэхдээ жил бүр энэ тоо хэлбэлзэлтэй байдаг. Төрийн сангийн зээл, тусламжид хамрагдах оюутан бүрт тодорхой хэмжээ хязгаар тавьж, хамгийн гол нь суралцах идэвхид нь нөлөөлөх байдлаар хуучин журмыг шинэчлэсэн.

-Зээл тусламжаар гадаадын их дээд сургуульд суралцах боломжтой юу?

-Гадаадын өндөр хөгжилтэй оронд магистрын түвшинд хоёр, докторын түвшинд гурван жил суралцах үеийх  нь төлбөрийг төрөөс даах гэрээг суралцагсадтай хийдэг. Тухайн суралцагч эхний улирал хичээллээд дүнгийн тодорхойлолтоо явуулснаар монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж танилцаад зээл тусламжийг үргэлжлүүлэх эсэхийг шийддэг.  Төрийн сангийн  зээлийг нэгдсэн журмаар зогсоосон.

Ш.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж