Тавантолгойн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцсэн байна.

Тус хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг эцсийн байдлаар танилцуулжээ. Түүнд тусгаснаар оролцогч талууд хувь,  хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал,  урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь Монгол Улсын хувьд ашигтай хувилбар болсон гэж үзжээ. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ.

Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр тохиролцоонд хүрчээ. Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна лиценз эзэмшигч Эрдэнэс Тавантолгой компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.  

Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ.

Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж, хэлэлцүүлэн,  маргааш УИХ-д өргөн барихаар болжээ.
Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр Засгийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Гэхдээ одоогоор цаг хараахан тодорхой болоогүй байгаа юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж