Нүхэн гарцыг засах хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Нүхэн гарцыг засах хэрэгтэй болжээ

Одоогоос хоёр жилийн өмнө УБИС-ийн өмнөх замд 29.7 метр урттай, 10 метрийн өргөнтэй нүхэн гарцыг барьж эхэлсэн. Ашиглалтад ороод жил гаруй хугцаа болж буй энэхүү нүхэн гарцыг дахиад л засварлах болжээ. Өнгөрсөн жилийн  наймдугаар сард суулт өгч, засвар хийсэн энэ гарц дахиад л хэл ам татлах нь. Албаныхны хэлдэгээр  “Йонсейн” нүхэн гарцын зарим хэсэг суулт өгч, ан цав гарчээ. Нийслэлээс 562 сая төгрөгийн өртгөөр хоёр сарын хугацаанд баригдсан нүхэн гарц хоёр жил хүрэлгүй чанараа таниуллаа. Аюулгүй байдлыг хангахаар баригдсан нүхэн гарц нурж унахад ойрхон болжээ. Тухайн үедээ судалгааны үндсэн дээр нарийн төлөвлөсөн зураг  төслийн хүрээнд гүйцэтгэсэн хэмээн таван жилийн баталгаа өгч байв. Таван жил нь нэг жил ч хүрэхгүй болоод суулт өгөхөд Авто замын газрын дарга Д.Од “ Сүртэй эвдрэл биш, 2-3 цагийн дотор л засна. Үүссэн суултыг  харахад 20-30 см л газар байна лээ. Ер нь бол энэ эвдрэл нүхэн гарцдаа нөлөөлөхгүй” гээд хээв нэг сууж байсан удаатай. Түүний хэлснээр хэдхэн өдөрт зассан. Харамсалтай нь дээрх байдал дахиад л үүслээ. Энэхүү нүхэн гарцыг “Хотын зам” компани  гүйцэтгэсэн. Анх удаа суулт өгөхөд тус компанид хариуцлага тооцолгүй, дахиад засчих гээд л орхисон. Засахдаа дахиад  хулхидав уу, анхнаасаа буруу зураг төслөөр барьсан уу, бүү мэд.

Нийслэлчүүдийн сайн мэдэх Улсын их дэлгүүрийн өмнөх нүхэн гарц  овоо хэдэн жилийг элээсэн ч дахин дахин эвдэрсэн нь үгүй. Одоо нийслэлийнхэн шинээр таван нүхэн гарц нэмэхээр зарим зураг төсөл нь бэлэн болсон талаар мэдээлсэн. Төв шуудангийн өмнө, 120 мянгатын автобусны буудал, Сансарын тунель, Ард кино театрын өмнө нүхэн гарц шинээр барихаар төлөвлөжээ. Дуулиан болж барьсан гарц нь эхнээсээ чанараа таниулж байхад дахиад тавыг барина гэдэг хэцүүхэн л сонсогдож байна.

Дахин суулт өгсөн Нүхэн гарцын асуудлыг хэн хариуцах вэ Д.Од даргаа? 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж