Сэтгүүлчид нэг сая төгрөгийн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид нэг сая төгрөгийн шагнал хүртлээ

Дэлхийн Хавдартай тэмцэх холбооноос 2011 оныг “Бид хамтдаа хүчтэй” уриан дор хорт хавдартай тэмцэх олон арга хэмжээг зохион байгуулж байгаа.  Дэлхийн аяны агуулга, зорилтын хүрээнд Монгол орны хэмжээнд Хавдар судлалын үндэсний төв ХААН банк, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг хэрэгжүүлж буй юм. 

Мөн аяны хүрээнд эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас зохион байгуулагчидтай хамтран нийт сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдааныг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 25-ны хооронд зарласан. Уралдааны зорилго нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх, эрсдэлт  зан үйлээс сэргийлэх талаар  хүн амын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр болон, “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийн үйл явц, ач холбогдолын талаар олон нийтэд ойлголт мэдлэг өгөхөд оршиж байсан юм. 

Уралдаанд хот хөдөөгийн сонин хэвлэл, телевиз, радио, веб сайтын 30 гаруй сэтгүүлчийн 120 гаруй бүтээл ирснээс “Өнөөдөр” сонины сурвалжлагч Х.Болормаа, Э.Энхмаа нарын “Хавдар ихэссэнд би буруутай”, “Өвчлөхийг хориглоно” бүтээлүүд, “МОНЦАМЭ” мэдээ сонины сурвалжлагч Д.Лхагвамаа, Д.Өлзийсайхан нарын “Чимээгүй тахал”-ын үсэрхийлэл”, “Хавдраас ангижрахад хүчээ нэгтгэе” бүтээлүүд , TV-5 телевизийн сурвалжлагч С.Лхагвасүрэнгийн  “Өөрсдөөс шалтгаалах өвчнөөр өвдөхгүй байх боломж бий” бүтээл,  “Үнэн” сонины сурвалжлагч П.Түмэндэмбэрэл, чөлөөт сэтгүүлч Г.Мөнхнасан нарын “Хорт хавдар хэлж ирдэг өвчин”, “Хорт хавдар: Миний аюул та бүхнээс өөрөөс чинь, тэр дундаа гадаад орчноос түлхүү шалтгаалдаг” бүтээлүүд, “Амралтын шуудан” сонины сурвалжлагч Л.Тунгалаг, С.Ононтуул нарын “Хавдаргүй Монголын төлөө” цогц бүтээлүүд тус тус шалгарч тус бүр нэг сая төгрөгийн шагнал хүртлээ.

Шагналыг өнөөдөр ХААН банкны төв оффис дээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, МҮОНРТ-ийн ерөнхий продюсер Ц.Лхагвадаш, ХААН Банкны дэд захирал Д.Батсайхан, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Я.Сумъяа, “Оюуны Дархлаа” ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар гардууллаа.

Энэ удаагийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд хавдраас урьдчилан сэргийлэхэд иргэн хүний өөрийн идэвхи санаачлага хэрэгтэй байгааг онцолсны зэрэгцээ, хавдар бол эдгэдэг өвчин, үүнийг даван туулахад хувь хүний сэтгэлийн тэнхээ чухал гэсэн санааг олонх сэтгүүлч тусгасан байлаа. Сэтгүүлчид бүтээлдээ олон эх сурвалжаас бодит түүхэнд тулгуурлан маш сонирхолтой агуулга, хэлбэрийг шингээсэн нь онцлог байлаа.

Уралдааны бүтээлүүдийг “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг санаачлан зохион байгуулж байгаа эрх бүхий байгууллагуудаас томилогдсон тусгай комисс нэг бүрчлэн шүүн тунгааж, бүтээл тус бүр дээр өгсөн оноог нэгтгэсний үндсэн дээр гаргасан байна.

Мөн уралдааны шагнал гардуулах үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг зохион байгуулагчдын зүгээс аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг алслагдсан нутгийн ард иргэдэд хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулж, радиогийн 10 гаруй цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн МҮОНР-ийн сэтгүүлч Ю.Гантөмөрт талархал илэрхийлэн, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулсан юм.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн цагаас хойш Монгол орны 21 аймагт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн үзлэг шинжилгээний баг ажиллан, 18 мянга  орчим эрсдэлт бүлгийн иргэдийг үзлэг оношлогоонд хамруулж, 1296 эмч мэргэжилтэн, 600 орчим эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг сургалтанд хамруулж бэлтгэжээ. Үзлэгийн үр дүнд хортой хавдар хэмээн сэжиглэж буй 309, хоргүй хавдар 1744, хавдрын урьдал өвчин 1386, бусад өвчлөл 8939 илрүүлж, яаралтай 100 мэс ажилбарыг орон нутагт нь хийж гүйцэтгэсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж