“Ц.Шинэбаяр дэд дарга хэвээрээ”

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

“Ц.Шинэбаяр дэд дарга хэвээрээ”

МАХН-ын
Бага чуулганы II хуралдаан өчигдөр боллоо. Түүгээр тус намынхан
Монголын нийгэмд таван хувьсгал хийж, таван чанар нэмнэ гэжээ.
Хариуцлага, мэдлэг, мэдээллийн хувьсгал хийж аюулгүй байдал, иргэдийн
боловсрол, төр барих ёс зэрэгт чанар нэмнэ гэж үүнийгээ тайлбарлаж
байлаа.

МАХН-ын дөрвөн нарийн бичгийн даргын гурав нь бага
чуулганы өмнөх өдөр албан тушаалаасаа татгалзсан. Түүнийг тус намын
ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тайлбарлахдаа “Ю.Атар төрийн албан
хаагч, Д.Өрнөхбаяр ажил цалгардуулж, хариуцлага алдсан, С.Молор-Эрдэнэ
үзэл бодол таараагүй. Шаардлага, шалгалтын үеийг цөөн хүн давж
чадсангүй. Манай нам хүний орох, гарахыг цагддаггүй” гэлээ.

МАХН-ын
гишүүд намын дэд дарга Ц.Шинэбаяр хэрхэснийг асууж байв. Ерөнхий нарийн
бичгийн даргын хариулснаар Ц.Шинэбаяр гишүүн дэд даргын албыг өгч
буйгаа мэдэгдэн, МАХН-ын дарга Н.Энхбаярт өргөдөл өгчээ. Тэгэхдээ
“Монголын нийгэм албан тушаал дээр тогтдог. Албан тушаалаа өгөхдөө амиа
өгч байгаа шиг боддог. Би түүнийг эвдэх гэж, мянга мянган хүний эвлэлдэн
нэгдэх эрхийн төлөө энэ намд орсон. Одоо тэр зорилго биелсэн” гэж
өргөдөлдөө бичсэн байна. “МАХН-ын дарга Н.Энхбаяр түүний өргөдөлд хариу
өгөөгүй байгаа. Хэрэв намын дарга зөвшөөрөхгүй бол Ц.Шинэбаяр МАХН-ын
дэд дарга хэвээрээ үлдэнэ” гэж  ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал
хэлж байв. Тиймээс Ц.Шинэбаярыг намын дэд дарга хэвээрээ гэж үзэж буй
ажээ. МАХН Бага чуулганаараа намын шагнал болох Шударга үйлсийн медаль,
Тусгаар тогтнолын одонгийн загварыг баталсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж