Малайзад эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Малайзад эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараажээ

Малайзын Куала Лампур хотод олон мянган хүний эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн хүчээр тараасан байна. Цагдаа нар 1,650 гаруй хүнийг баривчилжээ.  Жагсагчид Засгийн газраасаа сонгуулийн системийг шинэчлэхийг  шаардаж байгаа юм. Цагдаа нар баасан гаригаас эхлэн Куала Лампур хотын төвийн гол замыг хааж, нийтийн тээврийн хэрэгслийг түр зогсоосон байна. Эсэргүүцлийн хөдөлгөөний зохион байгуулагчдын нэг Анвар Ибрахим шархадсан хүмүүсийн нэг бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. Эсэргүүцэгчид хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн авч Ерөнхий сайд Нажиб Разакийн засгийн газар жагсаал зохион байгуулахыг хоригложээ.

Куала Лампурт гарсан эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар хүчээр тараасан нь Малайзын ардчилал тогтвортой гэдэгт эргэлзэхэд хүргэлээ гэж ажиглагчид бичиж байна.  Малайзын цагдаа нар жагсаал цуглаанд оролцсон хэнийг ч баривчлах болно гэж мэдэгдээд байгаа юм. Сонгуулийг чөлөөтэй, шударга явуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал тус улсын ардчилал аюулд орсныг харуулсан шалгуур боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Ерөнхий сайд Нажиб Разак жагсагчдын саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгуулийн систем луйврын нэг арга болсон гэдгийг үгүйсгэж байгаа ажээ. Тэрбээр сөрөг хүчнийг төрийн эрх ашгийн төлөө нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэлээ гэж буруутгаж байна. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид 50,000 гаруй хүн жагсаалд оролцсон гэж мэдэгдсэн ч олон улсын ажиглагчдын таамагласнаар 10,000 гаруй хүн гудамжинд гарч жагссан байна.  Малайзад эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн гарах нь маш ховор бөгөөд 2007 онд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг мөн цагдаа нар хүчээр тарааж байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж