Ц.Мөнхбаяр: Цагдаагийнхан нотлох баримтыг устгасан

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр: Цагдаагийнхан нотлох баримтыг устгасан

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг  нарыг  наадмын өмнөхөн буюу энэ сарын 10-нд батлан даалтад гаргасан юм. Тэднийг ойрын хугацаанд хэвлэлд ярилцлага өгч, мэдээлэл цацахгүй байхыг сануулжээ. Батлан даалтад гараад долоо хоносон тэднийг өнөөдөр  УМБГ-аас дуудаж, гар утас, бусад зүйлсийг нь өгсөн байна. Үйл явдлын эргэн тойрон дахь асуудлаар “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.


-Цагдан хоригдох хугацаанд таныг хэнтэй ч уулзуулаагүй. Холбооны гишүүд дэмжигчид  таны эрхийг  зөрчиж байж болзошгүй гэж хардаж байсан л даа?

-Хэдийгээр биднийг хууль бусаар цагдан хорьсон ч цагдан хорихын ажилтнууд миний эрхийг зөрчөөгүй. Тэд ажлаа хийж яваа бидэнтэй адил, эгэл жирийн хүмүүс, ард түмний хэсэг. Ирээдүйнхээ төлөө санаа зовдог хүн бүр биднийг дэмжиж байгаад баярлаж байна.

-Одоо та бүхэн нутаг чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлэх үү?

-Цагдан хорихоос гараад хэд хоног хөдөө байлаа. Манай хэд ойрын хугацаанд уулзаж, цаашдын арга хэмжээнийхээ талаар ярилцана. Ер нь сэтгүүлч та бүхэнд тухайн үед нь мэдэгдээд, мэдээлэл ч хийх болов уу.

-Та бүхнийг Өвөрхангай аймгийн төв дээр хууран мэхэлж авчраад баривчилсан гэсэн. Энэ талаарх  нотлох баримтыг устгасан гэдэг үнэн үү?

-Аймгийн засаг дарга хамтарч ажиллах санал тавьсан, ирж уулз гэж биднийг хууран мэхлэх замаар авчраад шууд баривчилсан нь үнэн. Цагдаагийнхны  хэлсэн санал, ярьсан  зүйлийг  бид баримтжуулж авсан юм. Хоёр хувь баримтжуулсан. Гэтэл тэр бичлэгийг өгөхгүй, нэгийг нь устгасан сураг байна. Бидэнд тэдгээр нотлох баримтыг буцааж өгөхгүй байгаа юм. Хэрэв устгах юм бол асуудал хүндэрнэ гэдгийг тэдэнд анхааруулж хэлсэн гэв.

Харин жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл  аваагүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай албадан саатуулагдаад  байсан  Г.Болдбаатарын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн бол Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нар өлсгөлөн зарлаад байсан ч бие нь муудан Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж