Сомалид онцгой байдал зарлаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Сомалид онцгой байдал зарлаж болзошгүй

НҮБ Сомалид нүүрлээд буй өлсгөлөнтэй холбогдуулан онцгой байдал зарлаж магадгүй байна.

Сомалид хүмүүнлэгийн тусламжийг хүргэх аян тасралтгүй үргэлжилж байгаа хэдий ч нөхцөл байдал маш хурдацтайгаар дордож байгаа талаар НҮБ-аас мэдэгджээ.

Сомалид сүүлийн 19 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй өлсгөлөн энэ жил нүүрлээд байна. Аль Кайдатай шууд хамааралтай Аль  Шабааб бүлэг Сомалийн төв болон өмнөд хэсгийн ихэнх газар нутагт 2009 оноос хойш хяналт тогтоож, гадны тусламжийн агентлагуудыг нэвтрэхийг хориглоод байсан ч, саяхнаас уг хоригийг цуцлаад байгаа юм. Гэсэн ч хориг цуцалсныг АНУ, НҮБ-ын талууд хангалтгүй гэж үзээд Сомалируу тусламжийн цувааг илгээхэд Аль Шабааб зэвсэгт бүлэглэл аюул занал учруулахгүй гэсэн баталгааг гаргуулахыг хүсчээ.

Одоогийн байдлаар Зүүн Африкт 10 орчим сая хүн ган гачигт өртөөд байгаагийн дотор Сомалийн хэдэн арван мянган иргэд өлсгөлөнгийн улмаас эх нутгаа орхин Кени, Этиопыг зорьж байгаа билээ. Сомали улсын нийт хүүхдүүдийн 30 орчим хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалд орж, өдөрт 10,000 хүүхэд тутмын дөрөв нь өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдлын улмаас амиа алдаж байна.

“Өлсгөлөн” гэх хөндүүр нэр томъёог хүмүүнлэгийн байгууллагууд маш хянуур, ховор тохиолдолд хэрэглэдэг бөгөөд 1992 онд хамгийн сүүлд Сомали улсад өлсгөлөнгөөс үүдэж онцгой байдал тогтоож байсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж