Орхон голын “уйлаан”

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Орхон голын “уйлаан”

Арын сайхан хангай нутгаар ургамал ногоо дэлгэрч, цэцэг навч нь чимээд энэ зуны хувьд зуншлага үнэхээр сайхан. Орхон голын бохирдол, цөхрөлийг эс тооцвол. Тус аймгийн Өлзийт сумын төвийн араар урсах Орхон голын тохойд түр саатахдаа бор ногоон өнгөөр урсаж байгааг нүдээр харахад зүрх шимширмээр. Голын сайр чулуу харагдах юм алга. Сумын төвийнхөнд Орхон гол хамгийн ойрхон. Гэтэл нэлээд зайтай орших нэгэн булгийг захлан сэрүүцэж байхыг анхлаад гайхаж байсныхаа учрыг одоо л ойлгох шиг. Урьд хэн нэгний энэ талаарх яриаг сонсч байсан ч бодит байдал дээр иймэрхүү дүр зураг угтана чинээ санасангүй. Голын ус их бохирдолтой үед мал ч ундаалахаа байдаг гэнэ. Мал гэдэг хүнээс ухаантай адгуус. Усны бохирдолыг мэдээд байгаа нь тэр.

Орхон гол ногооноороо эргэж байна. Эрх биш Орхон голын сав нутгаар урсч байгаа юм болохоор Орхон гол юм байна гэж танихаас өөр шинж тэмдэг үгүй. Тийм гэж хэлэхийн эцэсгүй, шар ногоон өнгөтэй, бохир ус Орхон голын ай саваар урсч байх юм. Хархориноос өгсөөд Орхон голын усыг ажиглалаа. Доогуураа ч яахав улаанаараа урваж байна. Эхэн үедээ ч үертэй байна гэж эндүүрлээ. Улааны голоос дээхнүүрээ ногооноор эргэж байна. Ус нь ч бага байна. Тэгэхээр яавч үер биш болж таарлаа. Ийм бага, гантай жилээс ч бараг татруу шахуу устай мөртлөө улаанаар урваж, ногооноор эргэнэ.

Өлзийт сумын малчин Г.Халтар “Наадмын дараа орсон борооны дараа л голын ус зэгэл саарал болчихлоо. Зарим үед элсний өнгөтэй шараар урсана. Ингэж урсаад эхэлбэл бүтэн сарын дараа урсгалаараа цэвэршинэ. Мөн удалгүй ахиад л голын эхэн хавьд олборлолт хийж буй уурхайн далан сэтэрч, Орхон голын урсгал бор ногооноороо эргэдэг юм. Уурхайн ажилтнууд бороо орохыг далимдуулаад далангаа сэтэлж, Орхон гол руу шууд урсгаж, шинэ усаар далангаа дүүргэдэг юм гэсэн. Хяналт тавих газар байдаг л баймаар юм даа. Жирийн бидний хэлэхийг тэд тоох биш. Орхон голын эхэн хавьд зундаа малчид сүүлийн жилүүдэд нутаглахаа байсан. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан энэ байдлаас болоод газрын гарц ч муу байх боллоо” гэх нь гурван аймгийн зааг нутагт олборлолт хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг буруушаах өнгө аяс түүний ярианаас илт анзаарагдана. Хаа байсан Өлзийтөд ийм өнгөөр урсч байгаа юм чинь эхэн хавьд амьд амьтан тогтох аргагүй болж байгаа биз. Хүний хэлээр ярьдагсан бол Орхон гол нэлээд зовлон хүүрнэж, уйлан хайлах байсан байх даа.

Таван аймгийн нутаг дамжин 1124 километр урсахдаа хэдэн мянган хүн, малыг ундаалж,  Сэлэнгэ мөрөнд цутгал нэмдэг байсан цаг саяхан. Гэтэл зургаан жилийн өмнөөс голын эхэнд “Монгол газар” компани олборлолт хийж эхэлснээс хойшхи хугацаанд нөхөн сэргээлт хийх нь бүү хэл хиймэл нууруудынх нь далан сэтэрч, химийн хорт бодистой ус Орхон гол руу урссаар байгааг нутгийн зон олон нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх юм билээ. Бороо орохыг далимдуулаад хиймэл нуураа цэвэршүүлдэг далд аргыг нь таслан зогсоох талаар ажил хэрэг болгосон ч тусыг эс олж байгаа гэдгээ Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Анхтуяа нуусангүй.

Алт олборлогчид Архангай аймгийн Цэнхэр сумын Шийртийн хөндий, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сөдөтийн хөндий, Уянга сумын Өлтийн хөндийг танигдахын аргагүй болтол өөрчилж, ухсан нүх, төнхсөн шороо л үлдэж. Өлтийн гол хэдэн жилийн өмнөөс огт урсахаа байж, тэнд гол байсан гэдгийг хожмын үеийнхэн мэдэхгүй өнгөрөх биз. Иймэрхүү жишгээр алт олборлох технологийг таслан зогсоохгүйгээр Орхон голыг аврах гарц тун маруухан үлдлээ гэхэд хилсдэхгүй л болов уу. Орхоны бохирдол Сэлэнгэ мөрнийг давхар бохирдуулж байгаа, цаашлаад урсгал нь тасалдвал Сэлэнгэ мөрнийг тэжээх цутгал бараг үгүй болсонтой адил. Энэ мэтээр алтны төлөөх шуналын дайн Орхон голыг сөхрүүлж туйлдуулах нь.

Олзуурхууштай нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Өвөрхангай аймагт хувийн ажлаар явж байх үестээ Орхон голын улаанаар эргэсэн урсгалыг хараад сэтгэл зовохгүй өнгөрч чадаагүй гэнэ. Тэрээр дээш, доош утас цохин байж, арга хэмжээ авах санал, хүсэлтийг хүргүүлснээр арайхийн ажил хэрэг болж, энэ сарын 19-нөөс Архангай, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Байгаль орчны газрын ажилтнуудаас бүрэлдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм байх. Харин ажлын хэсгийнхэн ажлаа туйлбартайхан шиг гаргаж, буруу зөрүү үйлдлийг таслан зогсоогоосой билээ. Хяналт шалгалтынхан тэдний үйл ажиллагааг нь зогсоосон ч төд удалгүй олборлох эрхийг нь тэднээс дээгүүр эрх мэдэл бүхий нөхдүүд олгодогт аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид бараг цөхөрч буйгаа энэ үеэр цухалзуулж байлаа. Хүн үйлах хормын ажил гэдэг. Харин байгаль уйлж буй дүр зураг хэдий болтол үргэлжлэхийг холбогдох яам, алтны компаниудын удирдлагуудаас асуухсан.

Ойн сан, голын ай савд уул уурхайн олборлолт хийхгүй байх тухай хууль баталчихлаа гээд л сайрхаад байсан. Батласнаас хойшхи хугацаанд өнөө урт нэртэй хуулийн үр дүн, хэрэгжилтийг үзэх гэж Орхоны хөндий улаанаар эргэсэн урсгал, овоолсон шороон дунд тийчилж байх шиг. Орхон голын яг эхэнд алт ухаж сүйтгэж буй нөхдүүдэд нутгийн иргэд эсэргүүцэл илэрхийлдэг ч юм хэлснийг нь бороохойтой цагдаа нар зодож дарамталдаг, барьж хорьдог гэлцэнэ. Эсэргүүцээд буудуулсан шархтсан улсууд ч байдаг бололтой. Ухаад л байдаг ухаад л байдаг. Сүйтгээд дуусчихсаны дараа Орхон голыг сэргээж болох эсэхийг хэлээд өгөх хүн байна уу. Орхоны хөндий хүн үүссэн өлгий энэ тэр гээд байдаг нь ч хаачлаа. Орхоны хөндийд Орхоны сайр л үлдэх вий.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж