Умардын удирдагчид тансаглаж, иргэд нь өлссөөр…

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Умардын удирдагчид тансаглаж, иргэд нь өлссөөр…

Умард Солонгосын удирдагч баячуудын хэрэгцээг дөнгөн данган өдөр тутмын хүнс хоолоо олж буй энгийн номхон иргэдийн хэрэглээтэй харьцуулшгүй бололтой. Тэдгээр эрх мэдэлтнүүд хувийн хэрэгцээндээ зориулж  Armani, Gucci гэх мэт тансаг зэрэглэлийн брэндээс хувцас хунар, Rolex, Omega брэндийн бугуйн цаг гээд дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн бүрийг шилж сонгон импортолж, олон улсын хоригийг зөрчсөөр байгаа талаар Өмнөд  Солонгосын нэгэн эх сурвалж “Иёнхап” агентлагт мэдээлжээ.

Зөвхөн бараа бүтээгдэхүүнээр тогтолгүй дарга нарын өдөр тутмын хоол хүнсний хэрэглээнд Умард Солонгосын далбаатай агаарын тээврийн хөлөг Хятад руу нисч, McDonald"s-ын гамбургер зөөдөг талаар хүртэл бичсэн байна.

Дээрхийг баримтжуулбал, 2011 оны эхний таван сарын байдлаар Умард Солонгос нийт 7,5 тэрбум ам.долларын өртгөөр Marlboro, Mild Seven тамхи, 2,4 сая ам.долларын өртөгтэй Hennessy конъяк, виски, Япон шар айраг зэргийг импортолжээ.

Умардуудыг 2006, 2009 онд цөмийн туршилт хийж байна гэж НҮБ-ын зүгээс үзээд гадны улсуудаас  үй олноор хөнөөх зэвсэг, энгийн галт зэвсэг мөн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон юм. 

2011 он гарсаар Умард Солонгосын нөхцөл байдал улам хүндэрч байгаа ба саяхан тус улсад удаан үргэлжилсэн борооны улмаас хэдэн арван мянган га тариалангийн талбай усанд автаж, их хэмжээний хүнсний хомсдол нүүрлээд байгаа билээ. Ард түмэн нь өлсгөлөнгөөр үхэж үрэгдэж байхад төрийнх нь тэргүүд тансаглаж суудаг нь аль ч улсад бичигдээгүй хууль болж тогтсон бололтой.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж