Улсын төсвийн хөрөнгөөр ургац хураах техник авахаар болсон

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Улсын төсвийн хөрөнгөөр ургац хураах техник авахаар болсон

Д.ЕСӨН-ЭРДЭНЭ: УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР УРГАЦ ХУРААХ ТЕХНИК АВАХААР БОЛСОН

Саяхан л “Хаврын тариалалт дуус­лаа” хэмээн мэдээлж байсан. Тэг­вэл одоо ургац хураах цаг хаяанд ирсэн байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын хэлт­сийн дарга Д.Есөн-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

-Ургац хураалт эхлэх цаг дөх­сөн байна. Бэлтгэл ажлыг улсын хэм­жээнд хэрхэн хангаж байгаа бол?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн яам гээд холбогдох газ­рууд ургац хураах бэлтгэлийг тариа­лалт дууссан цагаас л хийж эхэлсэн. Ирэх сарын эхээр ургацын урьдчилсан баланс гарна. Ургац хураалт ирэх сарын 20-д гараад эхлэх байх. Одоо шаардлагатай тех­ник, хэрэгслийн бэлэн байдлыг хан­гах ажлыг улсын хэмжээнд хийж байна. Ургац хураах техник, буюу ком­байныг шинээр авч, хуучин техникээ засаж, сэлбэж байгаа.

-Ургац хураалтын улсын ко­мисс хуралдах үеэр техник, хэрэг­сэл ярианы гол сэдэв болдог. “Ул­сын хэмжээнд хангалтгүй байна” гээд л?

-Ерөнхийдөө ургац хураалтын гол техник болох комбайны хүрэл­цээ муу байдаг. Тиймээс энэ жил 19 комбайныг улсын төсвийн хөрөн­гө оруулалтаар авахаар болсон. Ургац хураалтаас өмнө оруулж ир­нэ. Түүнчлэн үтрэмийн техник, то­ног төхөөрөмж авахаар болсон. Үт­рэм дээр тариа, буудай нь буу­чихаад байхад техник хэрэгсэл нь хү­рэлцэхгүй хүлээгдэх тохиолдол их гардаг. Тиймээс үр тариа цэвэрлэх тө­хөөрөмж 34 ширхэгийг авахаар болсон юм. Шаардлагатай байгаа газ­руудад нь хуваарилж өгнө. Бас 300-500 тоннын  багтаамжтай үр тарианы агуулах 30 орчмыг шинээр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Агуу­лахыг угсардаг юм. Худалдаж авах хүсэлтэй компаниуд хүсэлтээ гар­гаад 30 хувийн урьдчилгаатай, гур­ван жилийн хугацаатай зээл авах бо­ломжтой.

-Тэгвэл тээвэрлэлтийн тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Энэ ч бас гол сэдэв болдог шүү дээ?
 
-Тийм. Тариалан эрхлэлтийг дэм­жих сан болон гурилын томоохон үйлд­вэрүүд тээврийн компанитай гэ­­рээ хийх замаар энэ асуудлыг зохи­цуулж байгаа.

-Энэ зун хур тунадас их орж бай­на. Үр тарианы ургалтад хэрхэн нө­лөөлж байна вэ?

-Энэ оны хувьд тариалалтыг өм­нөх оныхоос тодорхой хэмжээгээр их талбайд хийсэн шүү дээ. Улаан­буу­дайг л гэхэд өмнөх оныхоос 42 мянган га илүү талбайд тариалсан. Цаг агаарын хувьд зургаадугаар сард хур тунадасны хэмжээ их байсан  нь соёололт, бутлалтад эерэгээр нө­лөөлсөн.

-Ирэх жил тариалалт хийх тал­байд уринш хийж дууссан уу?

-Бэлтгэсэн талбайдаа нэгдүгээр бо­ловсруулалт хийж ерөнхийдөө дуус­сан. Одоо хоёрдугаар боловс­руу­лалтыг хийж байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн. Ерөнхийдөө нийт талбайд уринш хийж удахгүй дуусна.

-Намрын ургац хураалтад 9000 тонн түлш шаардлагатай гэсэн тоо­цоог гаргасан байсан. Хаанаас ямар, журмаар авах гэж байна вэ?

-Хаврын тариалалт болон уринш бэлтгэхэд зарцуулсан шатахууныг 30 хувийн урьдчилгаа төлөөд шатахуун зээлээр авсан. Үлдсэн төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр авах зохицуулалтыг хийсэн байгаа. Ургац хураалтын шатахууныг ч гэсэн орлогоос нөхөн төлөх нөхцөлтэйгээр зээлээр авна. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Т.УРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж