О.Магнай: Залуу нас минь үр бүтээлтэй өнгөрч байгаа

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

О.Магнай: Залуу нас минь үр бүтээлтэй өнгөрч байгаа

Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Энэ зуныг хэрхэн өнгөрүүлж байна вэ. Амарч байна уу, эсвэл ажил ихтэй байна уу?

-Манайх шиг хүйтэн өвөл болдог газар зуныг амарч өнгөрүүлэх ёстой. Наадмын үеэр монголчууд бүгдээрээ л амрах шиг боллоо. Миний хувьд өнөөдрөөс /өчигдрөөс/ ажил эхэлж байна.

-Ингэхэд таныг хэн анх улс төрд оруулсан юм бэ?

-Би нийгмийн бодит байдалд санаа тавьдаг хүн. Түүнээс биш улс төрд орлоо, гарлаа гэсэн зүйл байхгүй. Харин өөрийгөө нийгмийн идэвхтэй шинэчлэгч хүн гэж тодорхойлно. Зайлшгүй хийх шаардлагатай өөрч­лөлтийг хийж, удирдах ёс­той хүмүүсийн нэг л гэж ойлгодог.

-Нийгмийн идэвхтэй гишүүн байгаадаа харамсаж байсан уу. Жишээ нь долоодугаар сарын 1-ний үймээнээс болоод ч гэдэг юм уу?

-Миний залуу нас маш үр бүтээлтэй өнгөрч байгаа. Өнгөрүүлсэн амьдралынхаа нэг өдөрт ч харамсдаггүй. Хийсэн зүйл болон цаашид хийх бүхнийхээ төлөө сэтгэл хангалуун байдаг.

-Залуучууд нам дагаж, улс төрд орвол амьдрал нь сайхан болчих юм шигээр төсөөлж байна. Залуу хүнийхээ хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь Хойд Америк, баруун Европт даатгалын ком­пани, арилжааны банкууд л өндөр, том, шилэн барилгатай байдаг. Учир нь тэнд бүх мөнгө эргэлддэг юм. Гэтэл Монголд улс төрийн намууд том барилгатай болоод байгаа биз. Энэ нь мөнгө улс төрийн намаар дамжиж буйг харуулж буй хэрэг. Тэгэхээр намыг сонгож байгаа залуусыг буруутгах арга байхгүй. Хаана сайхан амьдрах боломж байна, тийшээ тэмүүлдэг нь байгалиас заяасан хүний зөн совин шүү дээ. Хүмүүс түүн рүү ихээр тэмүүлж буй нь тэнд мөнгө, эрх мэдэл байна, түүнтэй ойртвол сайхан амьдрах юм байна гэдгийг олж хараад байгаа юм. Үүнийг зогсооё гэж хувь хүнтэй ярихын оронд улс төрийн намуудын дураараа авирладаг байдлыг хязгаарлаж, хариуцлагажуулах, иргэдэд тэдэнд хариуцлага тооцох боломжийг нь өгөх асуудал хамгийн чухал гэж боддог.

-Ид хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуусыг нам хэмээх улс төрийн байгууллага эвдээд байгаа юм шиг санагддаг?

-Би нэг л зүйл хардаг. Манай нийгэмд шударга ёс алга гэж. Шударга ёс бол шүүхээр хоёр талд хоёуланд нь таван жил өгч байгаагаар хэмждэггүй. Өнгөрсөн хугацаанд хувьсгал ялсан Арабын олон орнуудаар явж үзлээ. Тэндээс харахад шударга ёс бол боломж л юм байна гэж бодсон. Гудамжинд байгаа жирийн иргэн, ордонд сууж буй дарга хоёрт адилхан боломж байх ёстой. Гэтэл манайд наадмын үеэр гэхэд жирийн иргэнд “А” зөвшөөрөл ч олддоггүй. Морь үзье машин  бөглөрөөд үзэж болохгүй ийм л нийгэмтэй болчихож.

-Ийм байдлыг өөрчилж, улс төрийн намуудыг хариуцлагажуулахын тулд таныхаар юу хийх шаардлагатай вэ?

-Одоо сонгуулийн пропорциональ тогтолцооны тухай ярьж байна. Энэ нь өөрөө нам гэдэг институцийг төлөвшүүлдэг маш зөв зүйл. Гэхдээ одоо 1990 он биш. Хэрэв 1990 он байсан бол сонгуулийн тогтолцоог пропорциональ болгоод улс төрийн намыг төлөвшүүлэх хэрэгтэй байсан байж магадгүй. Харин 2012 оны тухай ярьж байгаа үед пропорциональ тогтолцоог яриад ч нам төлөвших нь хэцүү. Тиймээс юун түрүүнд хувь улстөрчдийг төлөвшүүлэх асуудал нь их чухал юм. Үүнийг хийхийн тулд УИХ-ын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэд шууд сонгохоос гадна нэгэнт сонгосон болбол эргүүлж татдаг эрхийг л өгөх ёстой.

-Сонгуулийн тогтолцоог хоёр намын бүлэг хэлэлцээд шийдэж чадахгүй байж ард нийтийн санал асуулга явуулна гэж өөрсдийн ажлаа иргэд рүү түлхэх хэрэг байгаа юу?

-Ард нийтийн санал асуулгыг байнга явуулах ёстой гэж үздэг. Ордон дотор орчихоороо ард түмнээс асуухаасаа айдаг, тэнэг гэж боддог ойлголт түгээмэл. Тиймээс иргэдээс асууж, санал асуулга авах хэрэгтэй. УИХ-д байгаа 76-г Монголын хоёр сая 700 мянган хүний хамгийн ухаантай нь гэж бодохгүй байна. Зарим нэг нь гэхэд луйвардаад орчихсон сууж байгаа байхгүй юу. Ардчилсан хувьсгалын дараагаас уг нь пропорциональ тогтолцоогоор явж байгаад улс төрийн нам нь нам шиг болсны дараа мажоритари элементүүдийг оруулаад хувь хүнээ төлөвшүүлэх байсан юм. Үүний хамгийн тод жишээ гэвэл Польш, Унгар, Чех улс байна. Чех Европын холбооны дөрөв дэх том эдийн засагтай улс болчихсон. Ер нь шилжилтийг яаж зөв хийдэг жишээ зүүн Европоор дүүрэн бий. Энэ бүгдээс бурууг нь бус зөвийг л сурах хэрэгтэй.

-Сонгуулийн аль ч тогтолцоог сонгосон будилаан, булхайтай болдог гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Энэ нь асуудлыг нөгөө талаас нь л ярьж байгаа хэрэг. Тогтолцоо гэдэг их чухал. Шилжилтийн үеийг зарим хүн дуусчихсан гэж яриад байна. Харин би дууссан гэж үзэхгүй байгаа. Нийгэмд өнөөдөр 60, 70 хувь нь ядуу, дундаж давхарга 10 гаруй хувийг эзэлж байгаа ийм үед шилжилтийн үе дууссан гэж хэлэх ямар ч боломжгүй. Бидэнтэй адил 1990 оноос хойш шилжилт хийсэн улс орнууд нийгэмд орлогоос нь хэрэглээг хасахад цаана нь хуримтлал үлдэж байгаа хэсэг нь 50-аас дээш хувийг эзлэсэн үед л шилжилт дууслаа гэж томъёолдог. Манай дарга нарын хувьд шилжилт дуусчихсан гэж байгаа. Гэтэл нийгмийн 70 хувь нь ядуу байна шүү дээ. Шилжилтийн үе нь өөрөө сонгуулийн тогтолцоотой зайлшгүй холбоотой. Онолоор яривал уг нь нийгэмд ямар үзэл, хэдэн хувьтай байна парламентад мөн тийм байх ёстой. Хэрэв сонгуулийн пропорциональ тогтолцоог өндөр хувьтайгаар оруулаад ирвэл арай хийж төлөвшиж буй Ардын нам, Ардчилсан нам задарна. Ирэх онд сонгуулийн тогтолцоог буцаад 1990 он руу ухраах хэрэг байгаа юм уу. Ер нь бол пропорциональ элемент байх хэрэгтэй. Гэхдээ чухам хэдэн хувь байх талаар нарийн судалгаа хийж байж ярих ёстой болов уу.

-Өнөөгийн нийгэм баян, ядуугийн туйлд хүрчихлээ гэх хүмүүс бий. Үүнээс болж халамжийн бодлого ч хавтгайрах болсон. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааг харуулж байна. Харин та энэ талаар үзэл бодлоо илэрхийлэхгүй юү?

-Баян, ядуугийн туйл бий болсныг шударга ёс байхгүйтэй л холбож тайлбарлана. Хотын захын гэр хорооллоор явж иргэдтэй уулзах үед “Архи, тамхи зарах зөвшөөрлийг авахын тулд заавал авлига өгөх хэрэгтэй юм байна” гэж байсан. Тэгэхээр шударга ёс бол боломж. Дарга, цэрэг хоёр хоёулаа адилхан боломжтой байх ёстой юм. Гэтэл нийгмийн олонхийг бүрдүүлж буй жирийн иргэдэд амьдрах боломж нь алга. Ний нуугүй хэлэхэд Монголд коммунизм байгуулагдчихлаа. Жишээ нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүний 40 хувь нь үнэгүй зорчдог, саяхан оюутнууд цалинтай боллоо бас 500 мянган төгрөг өгч байна. Энэ чинь юу гэсэн үг юм бэ. Хүмүүсийг ажил битгий хий, зүгээр гэдсээ илээд дээшээ хараад хэвтэж бай л гэж байгаа биз дээ. Үүнийг бага дээр нь өөрчлөх хэрэгтэй.

-Таныхаар чухам ямар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж?

-Миний харж байгаагаар хувьсгалт өөрчлөлт хийх шаардлагатай. Түүнээс биш улс төрийн аль нэг нам нь ялж, томоохон реформ хийгээд нийгэм сайхан болно гэдэгт итгэж байгаа хүн бараг алга. Урьд нь сонгууль гэдэг ардчиллын хамгийн том баталгаа байлаа. Гэтэл өнөөдөр сонгууль бол дэлхийн олон оронд нэгэнт үзэгдэл болчихсон. Ер нь бидний амьдарч байгаа энэ нийгэмд сонгууль нь ардчиллын баталгаа биш болсон. Тэгэхээр иргэдэд таалагдахгүй байгаа зүйлийг ард түмэн өөрсдөө өөрчлөх хэрэгтэй.

-Хувьсгал хийхэд Монголын ард түмэн бэлэн байгаа юу?

-Бидний судалгаагаар нийгмийн дөрөвний нэгийн дэмжлэг байна. Гуравны нэгийн дэмжлэгтэй болчихвол хөдөлдөг юм. Үүнийг хүлээж л байна.

-Тэр цаг хэзээ ирэх вэ?

-Удахгүй гэж бодож байгаа. Энэ байдлаараа бүр удахгүй. Ирэх онд дэлхий даяар эдийн засгийн хямрал болно. Евро бүсийг бүрдүүлж байгаа 17 улсын ихэнх нь хэцүүхэн байдалд орчихсон. Жишээ нь Америкийн өр 14 триллион ам.доллар болж, төсвөө баталж чадахгүй байна. Алтны үнэ 1600 хүрч байна гэдэг нь дэлхийн эдийн засаг хямарч байгаагийн илрэл юм.

-Хувьсгал хийхийн тулд эхлээд хүмүүст ойлгуулах шаардлагатай болох байх. Учир нь Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх үед хажуугаар нь зөрж өнгөрч буй хүмүүс “Ахиад л нөгөө хэд үү” гэж ярих нь сонсогддог?

-Зүгээр ээ. Хувьсгал чинь яг маргааш ялна гэсэн үг биш. Нэг л өдөр эхэлдэг юм.

-Шударга ёс алга гэж ярьж байна. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийн талаар дуугарч байгааг юу гэж бодож байна вэ?

-Маш сайн. Шүүх бол шударга ёсыг тогтоох томоохон үйл явцын нэг хэсэг нь л юм. Шүүх засаглал шударга болсноор  шударга ёс тогтоно гэсэн үг бас биш.

-Та УИХ-ын 2012 оны сонгуулиар өрсөлдөх үү?

-Сонгууль болбол өрсөлдөнө.

-Мэдээж сонгууль болох л байх?

-Харж л байя. Ямар сонгууль хэзээ болох нь вэ.

-Хэрэв та парламентад суувал юу хийх вэ. Гаднаас ярих нэг өөр. Дотор нь ороод ажиллах бас өөр байдаг болов уу?

-Би 2008 оны сонгуулиар ялсан хүн. Гэхдээ сонгуулиа луйвардуулсан. Аль ч улсын парламентад нийгэмд байгаа хүмүүсийн дуу хоолой байдаг. Парламент чинь маргалддаг, мэтгэлцдэг байх учиртай. Түүнээс бус бүлгийн дарга нар зөвшилцчихөөд кнопоо дарахыг парламент гэдэггүй юм. Италийн парламент гэхэд сөрөг хүчин нь эрх барьж байгаа намын гишүүнтэй нэг ширээний ард хоол иддэггүй. Үүнээс ёс зүйг харж болно. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хэчнээн хувийг сонгогчид хуучнаар МАХН-д дургүйдээ сонгосон гэж бодож байна. Нийт авч буй саналын 30-аас дээш хувь нь байдаг юм. Иймээс сонгогчдыг хүндлэх учиртай. Гэтэл хоорондоо ярилцаад л амлалт нэрийн дор мөнгө тараадаг болж.

-Амлалтаа биелүүлж бай­гаагийн нэг хэлбэр нь Тавантолгойн ордоос ард түмэнд хувьцаа олгоно гэж байгаа шүү дээ?

-Энэ олгосон хувьцаа бол зүгээр л цаас. Их Британи, Умард Ирландын хууль эрх зүйн бүсэд бүртгэлтэй компанийг Хонконгийн Хөрөнгийн бирж өөрийнхөө листэндээ бүртгэнэ. Тэгэхээр Улаанбаатарт бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа Хонконгийн Хөрөнгийн бирж дээр гарах Тавантолгойн хувьцаатай ямар ч хамаагүй. Тиймээс иргэдэд тараасан зүйл бол цаас. Жинхэнэ утгаараа ард түмнийг хульхидаж байгаа юм. Үнэхээр IPO хийгээд хувьцаа нь Хонконгийн Хөрөнгийн бирж дээр арилжаалсны дараа түүнээс нь Засгийн газар худалдаж аваад иргэдэд тараасан бол арай бодитой зүйл байж болох юм.

-Тэгвэл та Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газарт ямар дүн тавих вэ?

-Муу дүн тавина. С.Батболд өмнө нь ажиллаж байсан Ерөнхий сайд нараас хамгийн бололцоотой цаг үед Монгол Улсыг удирдаж байна. Урьд нь мөнгө санхүүгийн эх үүсвэрүүд хэцүү байлаа. Мөн ямар ч сөрөг хүчингүй ажиллаж байгаа хэрнээ нийгэмд дорвитой өөрчлөлт хийгээгүй. Уг нь хамтарсан дээрээ олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй шүү дээ. Гэвч харамсалтай нь С.Батболд юу ч хийсэнгүй.

-Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх цаг нь ирсэн үү?

-Хамтарсан Засгийн газраас гарах шаардлагатай. Ардчилсан нам өөрийгөө хүндлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж