Хөвсгөлд шагналын хур буулаа

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд шагналын хур буулаа

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Баярын нээлт өчигдөр болж, түүнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар оролцжээ. Баяр наадмын нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын эрхэм гишүүд гардуулан өгсөн байна.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Жадамба, Хүний гавьяат эмч цолоор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, их эмч Д.Шаравдорж нарыг, гавьяат тамирчин цолоор Г.Эрдэнэбаярыг шагнажээ.

Хэд хэдэн хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын явуулсан мэндчилгээг гишүүд баярын хурал дээр уншиж сонсгожээ. Монголын ардчиллын ууган өлгий нутгийнханд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчиллаа улам бэхжүүлэхийг хүссэн байна. Ерөнхий сайд ч МАН-ын олон сайн зүтгэлтэн Хөвсгөлд байдгийг дурдахаа мартсангүй. Ерөнхий сайдын мэндчилгээг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин уншиж сонсгоод “Ерөнхий сайд мэндчилгээг их сайхан уншиж өгөөрэй гэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон бид хоёрт даалгасан. Харин би сайхан уншиж чадав уу, яав” хэмээн хуралд оролцогсдыг хөгжөөв. Харин эрхэм гишүүн Л.Гүндалай нутгийнхаа баяр наадам дээр харагдсангүй.

Д.ОЮУН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж