МХХ хүүхдийн сайн сайхны төлөө нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

МХХ хүүхдийн сайн сайхны төлөө нэгдлээ

Монголын хөлбөмбөгийн холбооныхон /МХХ/өчигдөр Цусны төвд цус хандивлалаа. Монголын Хөлбөмбөгийн холбооны аппаратын ажиллагсад, шигшээ багийн төлөөлөл, шүүгч зэрэг нийт 20 гаруй залуусыг Цусны төвийн хамт олон найрсгаар хүлээн авсан юм. Харамсалтай нь очсон залуусын зарим нь хүндэтгэх шалтгааны улмаас цус нь донорын шаардлагыг хангасангүй. Цус шаардлагатай байгаа хүмүүст туслах чин хүсэлтэй байсан тэд “Яагаад болохгүй гэж” хэмээн асууж харагдлаа. Тодорхой шаардлага хангасан хүмүүс энэхүү үйлсэд нэгдэх учиртайг эмч, сувилагч нар сайтар ойлгуулсны үр дүнд тэд тайвширлаа. Монголд 80 мянган донор хэрэгтэй гэсэн судалгаа байдаг.

Хөлбөмбөгийн холбооныхон цусаа өгөөд зогсохгүй хүнд өвчтэй байгаа Т.Нямжаргал охинд туслахаар шийдэн хандив цуглуулсан байна. Нийт 552,000 төгрөг цуглуулсныг Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Баярцогт нар 3 дугаар эмнэлэгт очин охины эмчилгээний хандивт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Монголын хөлбөмбөгийн холбооны буяны үйлсийн аян үргэлжилнэ. Ирэх сарын 6-ны өдөр хөлбөмбөг тоглох хүсэлтэй байгаа бяцхан хүүхдүүддээ зориулан “Нийслэлийн багачуудын хөлбөмбөгийн өдөрлөг”-ийг харъяа клуб, багуудтай хамтран зохион байгуулах ажээ. Ингэснээр хөлбөмбөг тоглох хүсэлтэй байгаа хүүхдүүдийг мэргэжлийн клуб багуудтай холбож өгөх юм. Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгааг үүгээр дамжуулан уламжилъя.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж