Хаан банк ”Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө олгохоос татгалзаагүй

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Хаан банк ”Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө олгохоос татгалзаагүй

ХААН БАНК “ХҮНИЙ ХӨГЖЛИЙН САН”-ГИЙН
МӨНГӨ ОЛГОХООС ТАТГАЛЗААГҮЙ

ХААН Банк хүний хөгжлийн мөнгө олгохгүй, хөдөөгийн иргэдээ алаг үзсэн хөдөө аж ахуйн банк гэх яриа гараад байгаа. Энэ талаар ХААН Банкны Бизнес, харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхантай ярилцлаа.

-Сүүлийн үед ХААН Банк хүний хөгжлийн мөнгө олгохгүй гэсэн мэдээлэл гарч, Хадгаламж банкинд энэ ажлыг шилжүүлээд байгаа. Энэ талаар та албан ёсны тайлбар өгнө үү?

-Манай банк сүүлийн 20 жилийн турш төрөөс иргэдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ болон “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг олгож ирсэн. Энэ хугацаанд бэрхшээл зовлон ч байсан, мєн амжилт ололт ч байсан. Тийм учраас бид “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг өгөхгүй гэж хэлэх эрх байхгүй. Энэ мөнгийг олгохгүй гэж огт хэлээгүй. Энэ мэдээлэл бол ташаа мэдээлэл. Харин бид  “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг хүмүүст олгохдоо илүү хялбар болгох санал тавьсан. Анх 2008 онд халамжийн байгууллагад бид  эх орны хишиг үйлчилгээг олгохдоо харилцах дансаар дамжуулж олгох санал тавьсан. Нэг банкаар энэхїї їйлчилгээг олгох нь иргэдэд чирэгдэл учрах, хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг чирэгдэл їїснэ. Энэ чирэгдлийг багасгах зорилгоор бид эх орны хишгийг аль ч салбараас мєн АТМ-ээс авдаг болгох саналыг тавьсан. Гэсэн ч энэхїї саналыг Хөдөлмөр халамжийн газар тухайн үед хүлээж аваагүй.

Өнгөрсөн оны есдүгээр сард бид нэмэлт санал тавьсан. Өнгөрсөн гуравдугаар сард НХХЯ болон холбогдох газар нь бидний саналыг хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн. Иргэд хаанаас мөнгө авах, дансандаа орсон үгүйг мэдэх боломжийг нь бид үнэгүй өгье. Єєрєєр хэлбэл АТМ, картаар үйлчлүүлэх тоог нь нэмье гэсэн санал тавьсан. Өглөө эрт босч дараалалд зогсч, чирэгдэл учруулахыг арилгах гэж. Энэ санал нь эх орны хишгийн үйлчилгээг харилцах данс руу оруулъя гэсэн. Банк виза картыг үнэгүй олгож, интернэт, мобайл, мессеж үйлчилгээг мєн үнэ төлбөргүй өгєх санал биелсэн. Үүний дагуу бид 870 мянган иргэнд шинээр данс нээж, 1,3 сая иргэнд гар утсаар мөнгө орсон үгүй мэдээллээ авах боломжийг нээж өгсөн. Мөн виза карт үнэгүй олгож, мессеж, интернэт банкийг үнэгүй болгосон. Энэ хэлбэрүүд нь банк өөрөө дотооддоо зохицуулж болох хэлбэрүүд байсан. Ингэсний дараа нийслэлд ч, орон нутагт ч ачаалал багассан. Харин олон хүн ам ихтэй хороодын хувьд ачаалал багасаагүй.

-Бусад арилжааны банкаар дамжуулан олгох санал тавьсан гэсэн үү?

-Хүн ам ихтэй хороодын хувьд ачаалал багасахгүй байсан учраас бид дараагийн саналаа тавьсан. Энэ санал нь банкны дарааллыг багасгахын тулд бусад банкныхаа тоог нэмэх санал тавьсан. Монгол Улсад 15 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гурван банк энэ мөнгийг олгож байна. Тиймээс ачаалал ихтэй дүүргийн бусад банкинд мөнгө олгож эхэлбэл иргэд дараалал үүсгэхгүйгээр мөнгөө авах боломж байгаа юм. Ингэснээр нэг иргэний банкин дээр дараалал үүсгэх хугацаа нь гурав дахин буурах боломжтой. Эх орны хишиг нь иргэн бүрт хамаатай  үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр. Үндэсний хэмжээний бүх банкийг оролцуулаач гэсэн санал тавьснаас биш бид татгалзаагүй. Энэ саналын дагуу Халамжийн байгууллага арилжааны банкуудтай уулзсан ч тэд зөвшөөрөгүй. Тэгээд хуучин өгч байсан гурван банк “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохоор болсон.

-Нийт хэдэн хорооны банкийг бусад банк руу шилжүүлэх санал тавьсан юм бэ?

-Нийт 33 хорооны 300 мянга гаруй иргэдийн мөнгийг бусад банк руу шилжүүлье гэсэн юм.  Энэ хороонд ихэвчлэн олон банкны салбар байдаг хороонууд. Гол нь иргэдэд чирэгдэл учруулж, олон цагаар дараалалд зогсохгүй байх нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор олон банкны салбартай 33 хороог өөр банкинд шилжүүлсэн.  Энэ гэрээгээр ХААН банк сая иргэнд мөнгө олгохоор болсон. 33 хороо буюу 300 мянга орчим хүний мөнгийг бусад банкаар дамжуулж олгох санал тавьсан. Нийт 33 банкнаас 12 нь захын дүүрэгт, үлдсэн нь хотын төвд. Их тойрууд нийт 14 салбар байгаа. 14 банкны салбартай байхад нэг салбараар мөнгө олгосноос 14-үүлэнгээр нь иргэнд үйлчилбэл иргэд дараалалд зогсч, чирэгдэл учрахгүй шүү дээ.  I хороололд найман байнк, Хайлаастад таван банк гэх мэт. Эдгээрийг бүх банкаар дамжуулж олгох санал л тавьсан. Үүний цаана бас цөөхөн салбартай банк байгаа. Жишээ нь Хонхорт хоёр, Гачууртад нэг, Биокомбинат  болон ганцхан манай банкны салбартай сумдад ч бид  мөнгө олгодгоороо олгоно гэсэн. Ихэвчлэн олон банкны салбар байгаа хороодод бид “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг олгох энэ хэлбэрийг илүү хялбар болгох саналыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Сангийн яаманд санал тавьсан. Манай банк сая 300 мянган хүнд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгодог. Иргэдийг удаан хугацаагаар дараалал үүсгэж, бухимдуулахгүй байх нь чухал.

-Энэ саналыг хүлээж аваагүй хэрэг үү?

-Хүлээж аваад бид гэрээ байгуулаад тавдугаар сарын 1-нээс  эхлэн 33 хорооны иргэд өөр банкинаас авахаар болсон.  Энэ гэрээгээр бид нэг сая иргэнд эх орны хишиг олгохоор болсон. Хуучин бид сая 300 мянган хүнд олгодог байсан бол үүний 300 мянга нь өөр банкинд шилжих байсан юм. Гэтэл тав, зургадугаар сард “Бусад банк бэлтгэл хангагдаагүй, техник, технологийн нөхцөл нь бүрдээгүй байна, тиймээс тав, зургадугаар сарын мөнгийг ХААН банк түр олгооч” гэсэн санал ирсэн. Бид зургадугаар сар дуустал мөнгө олгосон. Үүний дараа бид энэ сарын 1-нээс эхлэн сая иргэнд л олгох байсан. Гэтэл гэнэт хэвлэл мэдээллээр ийм мэдээллийг халамжийн байгууллагаас биш хэвлэлээс мэдсэн. Бид татгалзсан хариулт өгөөгүй. Хийсэн гэрээгээ зөрчөөд харин ч биднийг татгалзсан мэт мэдээллийг цацаж байгаа нь харамсалтай байна. Бид “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохгүй гэсэн юм огт яриагүй. Харин санал л тавьсан.

-Энэ сараас эхлэн ХААН банк мөнгө олгохгүй юу?

-ХААН банк бизнесийн үндсэн таван чиглэлтэй. Энэ таван чиглэлийн 80 хувь нь  иргэд рүү чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг. Нийт банкны системээс 80 хувь нь иргэдэд чиглэсэн байгаа учраас бид иргэдээсээ татгалзах эрх ашиг байхгүй.  Бидэнд энэ сард “Хүний хөгжил сан”-гийн мөнгө авах иргэдийн нэрс ирээгүй. Холбогдох газраас “Эх орны хишгийн мөнгийг олгож эхэл” гээд нэрсээ өгвөл бид одоо ч өгөхөд бэлэн. Гол нь холбогдох яам нь ямар шийдвэр гаргана, бид түүнийг л дагана. Гэхдээ нэг банкинд энэ эрхийг шилжүүлснээс иргэдэд чирэгдэл уруулахгүйн тулд олон банкинд олон төрлөөр буюу иргэд хаанаас ч мөнгөө авах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Бидэнд энэ сард олгох иргэдийн нэрсийг өгөөгүй. Тиймээс мөнгө олгохгүй байгаа.

-“Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгохдоо хүү авна гэсэн яриа бас гараад байгаа?

-Эх орны үйлчилгээ авч байгаа иргэд зээл олгох санал тавьдаг. Хуучин хүүхдийн мөнгө өгдөг байхад Засгийн газрын тогтоолд зээл олгохгүй гэсэн заалт байсан. Сая эх орны хишиг олгож эхэлснээс зээл авах хүсэлтэй олон хүн байгаа. Бид яамнаас зээл олгож болох талаар асуусан. Иргэд зээл хүсч байна. Бид тэдний хүсэлтийн дагуу ийм хэлбэрийн зээл олгож болох уу гэдэг асуултыг тавьсан. Яам олгохгүй гэсэн. Мөн Засгийн газрын тогтоолд “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг урьдчилж олгохгүй гэсэн байгаа. Үүний дагуу бид зээл олгохгүй байгаа. Банкаар үйлчлүүлдэг баримтын 100 төгрөг л авч байгаа өөр суутгал авахгүй байгаа.

-Орон нутагт “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг хэвийн олгож байгаа юу?

-Орон нутагт олгож байгаа. Зөвхөн тодорхой 33 хорооны иргэдийн мөнгийг хороонд нь байрлах бусад банк руу шилжүүлэх санал тавьсан. Орон нутаг болон бусад хороо салбарт мөнгө олгож байгаа. Бид 20 жилийн хугацаанд бүх төрлийн үйлчилгээг олгож байгаа болохоор бид нийгмийн хариуцлагаа хүлээгээд л үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлнэ.

-Танай банк нийт хэдэн салбартай юм бэ?

-Манай банк 21 аймагт 500 гаруй салбартай. Үүнээс 77 салбар нь Улаанбаатарт, 260 АТМ-ийн машин, 3000 гаруй карт уншигч байгууллагатай хамтарч ажилладаг. Нийт 400 орчим салбараар иргэддээ үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Ганцхан  банкаар олгосноор иргэдийн ачаалал маш их нэмэгдэж, чирэгдэл учирдаг.

-Нийгмийн хамгаалал хөдөл­мөрийн яам ямар санал өгсөн бэ. Одоо цаашид яах вэ?

-Уг нь бол өнөөдрийн хүчин тө­гөлдөр байгаа эрхзүйн гэрээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд, Сангийн дэд сайд нарын гарын үсэгтэй гэрээ байна. Энэ гэрээний дагуу ХААН банк нэг сая иргэнд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгохоор аймаг, сум, хороо, дүүргээр нь нэр, овогтойгоо байж байгаа юм. Үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хэрэв дундуур нь НХХЯ банкны оролцоогүйгээр гэнэтийн шийдвэр гаргаад өөр банкаар  мөнгө олгох шийдвэр гарсан гэсэн мэдээлэл байгаа. Хэрэв ийм шийдвэр гаргасан бол ХААН банк үүнд нь хүндэтгэлтэй хандана. Бид банкны эрх ашгийн төлөө бус иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана. Цаашид ч ажиллана. Гол санал маань одоо өдрийн халуунд банкин дээр дараалалд зогсч байгаа нэг иргэний ачааллыг хамгийн багадаа гурав, ихээр бодвол тав дахин багасгах санал. Нэг хүнд үйлчилж байгаа цагийг тав дахин багасгах  боломж байна. Одоогийн гаргаж байгаа шийдвэр бол магадгүй нэг хүний банкин дээр зарцуулж байгаа шийдвэр нь гурав дахин ихэсгэсэн шийдвэр гарч байна. Үүнд л бид санаа зовж байна.  Арилжааны банк ер нь төрийн болон иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага зөвхөн иргэдийн төлөө байх ёстой. Манай банк ч үйл ажиллагаагаа үүний тулд явуулдаг.

Ш.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж