Зэсийн үнэ ойрын хугацаанд буурна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ ойрын хугацаанд буурна

Зэсийн үнэ энэ долоо хоногт буурч магадгүй хэмээн шинжээчид таамаглажээ. “Bloomberg”-ийн эдийн засагчдын дийлэнх нь ийм дүгнэлт гаргасан байна. Өнгөрсөн баасан гарагт Лондоны Металлын бирж дээр арилжаа хаагдах үед ирэх гурван сард нийлүүлэлтэд гарах нэг тонн зэсийн үнэ 0.1 хувиар өсч, 9682 ам.доллар болжээ. Зэсийн арилжааг явуулдаг гол газар нь Лондоны Металлын бирж билээ. Тус биржийн зэсийн нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 36 хувиар өссөн байна. Үнэ буурч байгаагийн шалтгаан нь эрэлтэт зах зээлтэй холбоотой хэмээн шинжээчид дүгнэжээ. Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс худалдан авалтдаа тодорхой хязгаар тогтоосон явдал нь мөн нөлөөлсөн байна.

Энэ оны эхний хагасын байдлаар зэсийн үнэ 3.5 хувиар буурчээ. Дэлхийн олон оронд инфляци гаарч байгаа. Түүнчлэн Хятадын Засгийн газар эдийн засгаа хөргөх бодлого баримталж байгаа нь металлын зах зээлд нөлөөлж эхэлжээ. Хэдийгээр энэ оны эхний саруудад зэсийн үнэ таван хувиар өссөн ч өнгөрсөн тавдугаар сараас эхлэн зэсээс гадна цайр, цагаан алт зэрэг металлын үнэ огцом суларсан байна. Өнгөрсөн сарын эцсээр зэсийн үнэ бага зэрэг өсч, сүүлийн гурван долоо хоногийн турш харьцангуй эерэг үзүүлэлт ажиглагдсан юм. Үүнд, нийлүүлэлтийн хүчин зүйл нөлөөлж байв. Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад уурхайн осол гарч, уурхайчид ажил хаялт зарлахтай зэрэгцээд олон хоногийн турш үргэлжилсэн ширүүн бороо орсны улмаас нийлүүлэлт тасалдахад хүрээд байгаа. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Чилид сүүлийн хагас зуун жилд болж байгаагүй хүчтэй хүчтэй шуурга дэгдэж, томоохонд тооцогдох 12 уурхайг дайрч гарснаас үйл ажиллагаанд нөлөөлжээ. Харин зэсийн үйлдвэрлэлээр хоёрдугаарт ордог Перуд сонгууль болж, Олланта Хамула хэмээх шинэ Ерөнхийлөгчтэй болсон нь мөн л зэсийн үнийг хэлбэлзүүлжээ. Тэрбээр зэсийн бүтээгдэхүүнд ноогдуулах татвараа нэмэх эсэх нь тодорхойгүй байна хэмээн “Financial Times” сонинд онцолсон байна. Түүний шийдвэр энэ оны хоёрдугаар хагас дахь зэсийн үнийг тодорхойлно гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Эрэлтэт хүчин зүйлийн хувьд гэвэл зэс нь барилга, бүтээн босголтын ажилд хамгийн өргөн хэрэглэгддэг. Цахилгааны утас, эрчим хүчний үйлдвэрлэл, авто­машины радиатор, сэрүүцүүлэгч машинууд, усны хоолой зэргийг бүтээхэд зэсийг өргөнөөр ашигладаг билээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлсэн учраас зэсийн эрэлтээр дэлхийд тэргүүлэх болж. Өнгөрсөн онд тус улсын зэсийн хэрэглээ дэлхийн нийт эрэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлсэн билээ. Үүнээс болж Хятадын Засгийн газрын бодлогоос зэсийн үнэ нэлээд хамаарч эхэлсэн юм. Харин сүүлийн үед Хятадын эдийн засгийн эрүүл байдалд эргэлзэх хүмүүсийн тоо цөөнгүй болсон. Тиймээс зэсийн эрэлт буурч, үнэ нь багасах магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм.

Хятадын бүс нутгуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ харилцан адилгүй байгаа. Хятадын Засгийн газар томоохон хотууд дахь хөрөнгө оруулалтаа хязгаарлаж эхэлсэн бо­ловч энэ нь нийт зах зээлийнх нь 20 хүрэхгүй хувийг хангадаг газрууд юм. Тиймээс одоохондоо үндэсний хэмжээнд зэсийн эрэлтэд харьцангуй бага нөлөөлнө хэмээн зарим шинжээч дүгнэжээ. Хятадын Анкуинг, Гуйжоу, Лужоу, Муданжианг зэрэг жижиг хотуудын зэсийн эрэлт жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Өвөрмонголын нийслэл Хөх хотод орон сууцны худалдаа гурав дахин өссөн нь мөн л зэсийн үнэд эергээр нөлөөлөх юм. Хятадын Засгийн газраас явуулж буй иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд зэсийн эрэлт буурахгүй гэдгийг “Macquarie” хөрөнгө оруулалтын газрын ажиглагчид нотолсон байна. Харин үүнийг үгүйсгэж байгаа шинжээчдийн хувьд Хятад улс эдийн засгаа хөргөхийн тулд мөнгөний бодлогоо хумьж эхэлсэн нь зэсийн эрэлтийг бууруулна гэжээ. “Голдман Сакс”-ын эдийн засагчид энэ оны хоёрдугаар хагас дахь зэсийн үнийн талаарх тоймдоо “Хятадын эрэлт буурч магадгүй” гэх таамгийг гаргасан байна. Евро бүсийн орнуудад өрийн хямрал даамжрахтай зэрэгцээд еврогийн ам.доллартай харьцах ханш буурсан. Энэ нь зэсийн үнэд сөргөөр нөлөөлсөн юм. Хамгийн сүүлд Европын холбооноос Грект хоёр дахь удаагаа санхүүгийн тусламж өгөх асуудлыг албан ёсоор баталсны дараа зэсийн арилжаанд мөн л сөрөг нөлөө үзүүлжээ.

Гэхдээ энэ оны эцэс гэхэд нэг тонн зэсийн үнэ 11 мянган ам.доллар хүрнэ гэх таамгийг “Голдман Сакс”-аас гаргасан байна. Энэ нь Хятадаас гадна өсөн нэмэгдэж буй зах зээл бүхийн бусад орны зэсийн эрэлт нэмэгдэнэ гэх хүлээлт бий болсонтой холбоотой юм. Харин “Morgan Stainly” хөрөнгө оруулалтын газрын шинжээчдийн үзэж байгаагаар ирэх онд зэсийн эрэлт 6.4 хувиар өсч, 2007 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлттэй гарах юм. Мөн энэ оны эцэс гэхэд Лондоны Металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 9200 ам.доллар болно гэх таамаг ч гарчээ. Өөрөөр хэлбэл, зэсийн ханш урт хугацаанд өснө гэх хүлээлт бий болсон байна.

Т.ЭЛИСА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж