Уучлаарай, уур худалдаж авмааргүй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Уучлаарай, уур худалдаж авмааргүй байна

Би уг нь тал нутгийн хүн. Тал шигээ уужим сэтгэлтэй, уургүй хүн байгаа юм. “Тэнэгийн дотор уужуу” гэдэг шиг л уужуу. Гэтэл нэг л биш болчихлоо. Дээхнэ үед багш нарыг л хамгийн ууртай хүмүүс гэдэг байсан бол өнөөдөр өөр цаг ирсэн бололтой. Гол нь би хуруу, хумсаа хугалж, хумсны хутга ч хэрэглэх шаардлагагүй болт­лоо зовж олсон    мөнгөөрөө уур худалдаж аваад байгаа юм. Энэ юу гэсэн үг юм бэ. Болохгүй биз дээ (Уучлаарай жаахан уурлачихлаа).

Хотын гудамжаар дүүрэн хөмсөг зангидсан хүмүүс харагддаг. Гэтэл  хөмсөг зангидаж байгаагийн цаад шалтгаан нь бидний буруу биш юм шиг байгаа юм. Дандаа гадны нөлөөтэйгээр уурлах болжээ. Монгол хүний нэг өдрийг аваад үзье л дээ.  Жолоо барьдаг бол өглөө ажилдаа явахын тулд дуут дохиогоо байн байн дарж, “Чи наашаа, би цаашаа” гэж орилно. Ингэж орилохгүй гэсэндээ бид мөнгө төлдөг санагдах юм. “Зам засна, өргөсгөнө” гээд жил бүр л халаасаа тэмтрүүлдэг шүү дээ. Нийтийн тээвэрт үйлчлүүлбэл автобусны үнэ, архи үнэр­түүлсэн ах, өвөө нарыг бодож муухай царайлахад хүрнэ. Ядаж байхад кондуктор нь гэж надтайгаа таарсан ууртай хүн. Ингэж хамаг уураа барж явчихаад ажилдаа хоцорч барайна. Үдийн цайны үеэр юу болдог гээч. Хоол идэх газар олдохгүй Бага тойрууг, Их тойруутай нь бүтэн тойрч мэднэ. “Арай гэж нэг газар оллоо” гэтэл хоолоо авах гэсээр “наян жил” болно. Оройдоо бол бүр ойлгомжтой. Ёстой л нөгөө “Согтуучууд нааш ир гээд, шар такси дайрчих гээд” гэдэг шиг л юм болно доо. Шөнөдөө яана гээч. Аягүй бол хар дарна. Ер нь  мөнгөө төлж авсан зүйлдээ сэтгэл хангалуун байгаа хүн байна уу, та минь. Чанартай гэх үгэнд нь хууртаж, хулхи эд авна. Бүр улсын маань хамгийн нэр хүндтэй дэлгүүр ч ийм эд зарж дөнгөнө. “Болж өгвөл гүнзгий амьсгаа ав гэж эмч маань” зөвлөдөг. Гэтэл гүнзгий амьсгаа авахаар хотын шороо, утаанаас болж бүр их уурлахад хүрээд байна шүү дээ. Бас эмч надад “Сайхан амар, найз нөхөдтэйгээ хамт хотоос гарвал зүгээр” гэж хэлсэн. Сайхан амармаар санагдаж, аль нэг амралтын газрыг зорьдог ч байдал бүр бишидсэн. Энэ юу гэсэн үг юм бэ. Арай дэндэж байгаа юм биш үү. Ер нь энэ эмч надаас мөнгө авчихаад юу ч хийхгүй байх шиг байна. Ямар зэвүүн юм бэ.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж