Шведийн тал ”мөрдөн байцаалтыг маргааш дуусгана” гэсэн

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Шведийн тал ”мөрдөн байцаалтыг маргааш дуусгана” гэсэн

Д.ГАНХУЯГ: ШВЕДИЙН ТАЛ “МӨРДӨН БАЙЦААЛТЫГ
МАРГААШ ДУУСГАНА” ГЭСЭН

Сүүлийн үед гадаадад байгаа монголчууд гэмт хэрэгт холбогдож, Гадаад харилцааны яамныхны чи­хийг халууцуулах болсон. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-тай байгуулах ялтан шилжүүлэх гэрээний төслийг Гадаад харилцааны яамнаас УИХ-д өргөн бариад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулсан юм.

-Шведэд  гарсан хүн амины хэрэгт Монголын ир­гэнийг сэжигтнээр татсан дуулиан намжаагүй байхад өөр нэгэн иргэн Болгар улсад хүн амины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ талаар Болгар улс дахь Элчин сайдын яамнаас албан ёсны мэдээлэл ирүүлээгүй байна. Хэрэв ийм хэрэг гарсан бол Болгарын тал Монголын Элчин сайдын яаманд 48-72 цагийн дотор албан бичгээр мэдэгдэх ёстой. Тэгэхээр энэ талаар ямар нэгэн мэдээлэл одоохондоо өгөх боломжгүй юм. 

-Швед улсад гарсан хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан Монголын ир­гэнийг “Аргагүй хамгаа­лалт хийсэн” гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Энэ үнэн үү?

-Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Бид Шведийн цагдаагийн байгууллагатай байнгын холбоотой ажиллаж байна. Хамгийн сүүлд “Мөрдөн байцаалтыг маргааш дуус­гаж, прокурорын га­зарт шилжүүлнэ” гэ­сэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Харин хэрэгт холбогдсон хүний талаарх мэдээллийг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр мэ­дээлэхгүй байхыг хүссэн юм. Тиймээс дээрх мэдээллийг өгсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баттай эх сурвалжгүй л болов уу.

-Хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэндээ Монгол Улсын зүгээс ямар анхаарал тавьж байгаа вэ. Энэ талаар нэлээд хөөцөлдөж байгаа гэж сонссон?

-Бидний зүгээс Шведийн цагдаа,прокурорын байгууллагатай байнга мэдээлэл солилцож, хамтарч ажиллаж байгаа. Орчуулагчийн асуудлыг бүрэн хариуцаж байна. Харин өмгөөлөгчийн тухайд эндээс авбал хэт их зардал гарах тул Шведээс өмгөөлөгч авч ажиллуулж байна. Тухайн улсад манай орны 3000 гаруй иргэн амьдардаг болохоор цаашид ялтан шилжүүлэх гэрээ хийх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм.

-БНХАУ-д хар тамхи хууль бусаар зөөвөрлөсөн хэрэгт холбогдон ялын дээд хэмжээ сонссон Ж.Дамдины ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан гэсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулчихвал түүнийг эх оронд нь авчрах боломжтой юу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Дамдины амийг хэлтрүүлж өгөхийг хүссэн захидлыг БНХАУ-ын Дээд шүүхийн даргад хүргүүлсэн. Үүний үр дүнд тус улсын Дээд шүүх Ж.Дамдины ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулсан болов уу гэж таамаглаж байгаа. Ялын гүйцэтгэлийг хойшлуулсан хоёр жилийн хугацаанд Ж.Дамдин шоронд биеэ хэрхэн авч яваа байдлыг нь харгалзсаны үндсэн дээр дараагийн шийдвэрийг гаргана. Өөрөөр хэлбэл, түүний сахилга батаас шүүх хурлын шийдвэр хамаарах юм. БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар Гадаад харилцааны яамны зүгээс УИХ-д гэрээний төслийг өргөн барьсан. БНХАУ-ын Ардын их хурал ч энэ асуудлыг хэлэлцэх шатанд байна. Уг гэрээнд “Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг шилжүүлнэ” гэж заагаагүй. Гэсэн ч энэ нь онц хүнд гэмт хэрэгтнийг эх оронд нь шилжүүлэх тухай  асуудал хаалттай гэсэн үг биш. Эхлээд ялтан шилжүүлэх гэрээг батлаад хоёр улс батламж жуух бичгээ солилцох ёстой. Үүний дараа онц хүнд гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэх талаар яриа,хэлэлцээр өрнүүлэх боломж бий.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж