Хятад улс Ирантай бараа солилцооны гэрээ байгуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Хятад улс Ирантай бараа солилцооны гэрээ байгуулж эхэллээ

Хятад, Иран улс газрын тосны худалдаа хийхээр бэлтгэж байна. АНУ-ын Засгийн газар Иранд эдийн засгийн хориг тавьсны дараа тус улс нэлээд хүндхэн байдалд орсон. Тиймээс Хятад руу 20 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тос нийлүүлж, оронд нь бараа, бүтээгдэхүүн авах тохиролцоо хийж эхэлсэн юм.

Барак Обамагийн засаг захиргаа хориг арга хэмжээ авсны дараа Иран дахь ам.доллараар тооцоогоо хийдэг бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсонги байдалд орсон гэхэд болно. Үүний дараа тус улсын албаны зарим эх сурвалжийн мэдээлснээр Хятадын та­лаас Иранд 30 тэрбум ам.долларын зээл олгож магадгүй болжээ. Тэгэхээр 20 биш 30 тэрбум ам.долларын тухай яриа гарсан гэсэн үг. “Financial Times” сонинд мэдээлснээр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Иран, Хятад улсын хооронд газрын тосны төлбөртэй холбоотой хэлэлцээр өрнөсөөр байгаа аж. Гэхдээ Ираны эрх баригчдын  хувьд хоорондоо харилцан зөрчилтэй байр суурийг илэрхийлж байгаа юм. Учир нь газрын тос бол тус улсын экспортын гол бүтээгдэхүүн. Харин үүнийг Хятадын бараа, бүтээгдэхүүний төлбөрт өгнө гэдэг ямар ч ашиггүй наймаа болно хэмээн үзэж байгаа бололтой.

Нөгөө талаас Ираны газрын тосыг худалдан авдаг гол харилцагч нь мөнгөн хэлбэрээр төлбөрөө хийхээ больж эхэлбэл тус улсын төв банкин дахь валютын нөөц хомсдох зэрэг олон асуудал гарч ирэх юм. Хамгийн сүүлийн мэдээгээр өнгөрсөн сард Ираны мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом унасан нь тус улсын төв банкны үйл ажиллагаанд нэлээд сөргөөр нөлөөлжээ.

 Хятад, Энэтхэг улс Ираны эдийн засгийн хөгжлийн гол  хөшүүрэг болсон газрын тосны бүтээгдэхүүний гуравны нэгийг худалдан авдаг. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар энэ он гарснаас хойш Хятад улс Иранаас авсан газрын тосны импорт 49 хувиар өсчээ. Өнгөрсөн долоо хоногт Иран улс Энэтхэг рүү гаргах газрын тосны экспортоо хязгаарлах шийдвэр гаргасан. Үүний шалтгаан нь Энэтхэгийн талаас худалдан авсан газрын тосныхоо төлбөр болох таван тэрбум ам.долларыг Тегеран руу шилжүүлээгүйтэй холбоотой юм. Энэтхэг улс Иран руу экспортын ямар ч бараа, бүтээгдэхүүн гаргадаггүй. Тиймээс ийм хязгаарлалт хийхэд амархан байжээ. Харин Хятадын хувьд арай өөр юм. Хятад улс Ираны бизнесийн салбарт томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс хоёр орны хооронд бараа солилцооны системийг бий болгох бүрэн боломжтой. Хятадын тал барилгын материалаас эхлээд хүүхдийн тоглоом гэх мэт бүхий л зүйлийг экспортлох бол хариуд нь Ираны газрын тосны салбар дахь нөлөөгөө ихэсгэх юм. АНУ-ын Засгийн газар Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаас болж Европын компаниуд Иран руу нэвтэрч, тэнд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломжоор хомс болж эхэлсэн. Тухайлбал, Иранд газрын тосны олборлолт хийж байсан Европын “Shell”, “Total” компаниуд үйл ажиллагаагаа хуучнаар нь хэвийн явуулахын тулд эдийн засгийг хоригийг зөрчих шаардлагатай болсон юм. Тиймээс тэдний хувьд АНУ томоохон хаалт болжээ.

Өнгөрсөн онд Хятад, Иран улсын хооронд хийгдсэн худалдаа 29.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2009 оныхоос 40 хувиар ихэссэн үзүүлэлт юм. Хоёр орны хооронд дэд бүтцийн томоохон ажлуудад хамтрах, хоёр талт худалдаа хийх, Хятадын компаниуд Ираны бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах боломжийг хангасан гэрээ, хэлэлцээрүүд олон хийгджээ. Саяхан Иранд газар доорх тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Хятадын компаниуд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын тал Иранд төмөр зам барихаар 13 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Хоёр орны худалдаа удахгүй 100 тэрбум ам.долларт  хүрнэ” хэмээн найдаж буйгаа нэгэнтээ хэлж байв. Түүнчлэн Ираны талаас их хэмжээний төмрийн хүдэр Хятад руу экспортлохоор болж байв. Ерөнхийдөө Хятад болон Энэтхэгийн эрх баригчид Ираны мөнгөний урсгалыг банкууд руугаа оруулж, тус улстай бүтээгдэхүүн солилцооны гэрээ байгуулах дуртай байгаа. Тэд ам.доллар, евро гэх мэт валютаас татгалзаж, юань, рупийн хэрэглээг нэмэх сонирхолтой болсныг шинжээчид онцолжээ. Харин тэдний саналыг Ираны тал зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.

Цөмийн хөтөлбөртэй хол­боо­тойгоор АНУ-ын зүгээс Ираны эсрэг дахин эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Ираны банкны салбарт хамгийн хүнд туссан билээ. Тус улсын банкууд бусад орны санхүүгийн байгууллагуудтай харил­цах боломжгүй болж эхэлсэн. Ира­ны албаны зарим эх сурвалжийн мэдээлснээр тус улс Хятадтай бүтээгдэхүүн солилцооны гэрээ байгуулсан ч гэсэн энэ нь газрын тосны үнэд төдийлөн нөлөөлөхгүй бололтой. Ямартай ч Хятад, Иран хоёрын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна.

АНУ-ын судлаачид Ираныг цөмийн зэвсэг бүтээх зорилгоор уран баяжуулж байгаа хэмээн хардах болсон энэ үед Хятадын эрх баригчид АНУ-тай сөргөөцөлдөхөөс эмээсэнгүй. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрийн ширээг орхин явсны дараа Хятадын Засгийн газар мөн л тус улсын эсрэг ямар ч байр суурь илэрхийлэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Өнөөдөр цөмийн зэв­сэгтэй цөөхөн орны нэг болох Хойд Солонгосын эдийн засаг Хятадаас бүрэн хараат болчихоод байгаа. Харин түүний халааг Иран улс авах бололтой. Ираны хувьд газрын тосны асар их нөөцтэй орон. Гэтэл Ойрхи Дорнодод дэгдсэн үймээн, Ливийн асуудал зэргийн цаана АНУ тэргүүтэй их гүрнүүдийн газрын тосны ашиг сонирхол байгаа гэх мэдээлэл олон цацагдсан. Тиймээс АНУ-тай таарахаа больсон Иран бол Хятадын эрх баригчдын хувьд сайхан боломж юм. Хиллари Клинтон Ираны эсрэг дахин эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсон нь Хятадын хувьд чухам аманд орсон шар тос болчихов уу гэлтэй.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж