Хакухо М.Даваажаргалд өргөмжлөл гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргалд өргөмжлөл гардуулав

Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордны албан өрөөндөө сумоч Хакухо М.Даваажаргалд  өргөмжлөл гардуулав. Хакухогийн аав, үндэсний бөхийн аварга Ж.Мөнхбат, Японы зарим төлөөлөгч түүнийг дагалдан ирсэн юм. Хакухо цайвар дээл өмсч, мөнгөн тоногтой бүс бүсэлж, сүр нэмсэн харагдав. Өргөмжлөл гардуулах ёслолд Засгийн газрын шадар сайд М.Энхболд оролцлоо.

Ерөнхий сайд Хакухо М.Даваажаргалыг хүлээн аваад тэгш дүүрэн олон ой давхацсан жилийн мэндийг дэвшүүллээ.  Ерөнхий сайд “Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиосон жилд Монголын ард түмэн үндэсний их баяр наадмаа сайхан тэмдэглэж, хөдөө орон нутагт ч ойн баярын арга хэмжээ үргэлжилж байна. Нар, хур тэгширсэн сайхан зун болж Монголын ард түмэн бүтээлч хөдөлмөрөөрөө улс орныхоо эдийн засаг, амьдралыг улам урагш ахиулсан амжилттай он жил болж байна. Монголчууд маань Монгол орныхоо нэр хүндийг олон улсын төвшинд өргөж, олон сайхан жишээ үзүүлж, спортын салбарт олон аварга төрж, урлагийн олон алдартан өндөр амжилт үзүүлсэн ойн жил болж байна. Монголынхоо нэр хүндийг олон улсын төвшинд, тэр дундаа бидний дотно харилцаатай Японы ард түмэнд үзүүлж, Японы сумогийн 69 дэх их аварга болж хоёр орны харилцааг хөгжүүлэх, зан заншил, соёлыг ойлгуулахад их хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж Засгийн газрын тэргүүний хүндэт өргөмжлөлөөр шагнахаар Засгийн газраас шийдвэрлэлээ” гээд цаашид улам их амжилт гаргахыг ерөөлөө.

Хакухо өргөмжлөлөө гардаад сэтгүүлчдэд сэтгэгдлээ товчхон  илэрхийлэв. Тэрбээр “Зуны энэ сайхан дэлгэр цагт эх орондоо ирлээ. Олон ой давхацсан сайхан жил болж байна. Энэ үеэр төрийнхөө нэр хүндтэй өргөмжлөлийг хүртсэндээ их баяртай байна” гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, түүний аав үндэсний бөхийн аварга Ж.Мөнхбат нар яриа хөөрөө өрнүүлж хууч дэлгэцгээв. Их аварга өчигдөр эх орондоо иржээ. Сая болсон Нагоя башёд түрүү байраа нэг их ухраагаагүйдээ баярлаж байгаагаа Хакухо хэллээ. Ерөнхий сайд ч монгол сумочид саяын башёд түрүү алдаагүй нь монголчууд хийморь лундаа сайтай байгаагийн шинж гэлээ. Нагоя башё наадамтай давхацдаг болохоор наадмын өдөр унахгүй гэж монгол бөхчүүд их хичээжээ.

Ж.Мөнхбат аварга хүүд нь 9-ийн тоо хатуу юм шиг байгаа юм гэж хажуугаас нь хэлж байв. “19 түрүүлээд байсан юм. 20 болгох гээд болохгүй байна аа даа. Өөрөө 69 дэх аварга. Ес дээр заавал бүдэрдэг. Тийм юм байгаа юм” гэж Ж.Мөнхбат аварга хошигнож суув.

Хакухо М.Даваажаргал Ерөнхий сайдын хүүтэй багын найз юм байна. Энэ далимд найзыгаа хаана байгааг лавлаад авлаа. Багын найз Түшиг нь Харвардын их сургуульд мастерын сургуульд орж байгаа гэнэ. Хакухо эх орондоо 10 хоног амраад буцах юм байна.

Монголдоо нэг гүүр барих санаатай байгаагаа Хакухо илэрхийллээ. Хаана гэдгээ одоогоор тохироогүй байгаа аж. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох санаа өвөрлөж ирсэнд нь Ерөнхий сайд их аваргад тадархал илэрхийллээ. Хакухо Монгол, Япон хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болж явдгийн хувьд, ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж яваагийнхаа хувьд бүтээн байгуулалтад оролцох санаа өвөрлөн ийнхүү эх орондоо иржээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж