Он гарсаар 152 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Он гарсаар 152 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Сэлэнгэ аймагт осол гарч гурван хүн нас баржээ, Булган аймагт зам тээврийн осол гарч хоёр хүний амь эрсдэжээ гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр та лав  сонссон байх. Дулааны улирлаа дагаад иргэд орон нутгийг зорих нь ихэсдэг.  Үүнээс болж  орон нутгийн зам тээврийн осол нэмэгддэг байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний зур­гаан сарын байдлаар зам тээврийн ослын 30 мянга 340 дуудлага Замын цаг­даагийн газарт ирснээс 9463 осол бүртгэгдэж, 152 хүн нас барж, 440 хүн гэмт­сэн байна. Зургаан сарын дотор зөв­хөн автомашины ослоор 152 хүн гэдэг харамсмаар тоо. Энд тэнд ийм тийм осол гарч тэдэн хүн нас барж, тэдэн хүн гэмтсэн байна гэсэн мэдээг та бүхэн бараг л өдөр бүр сонсч байгаа. Өчигдөр өглөө 06.00 цагт Булган айм­гийн  Дашинчилан сумын  замд зам тээв­­рийн осол гарч хоёр хүн амь на­саа алдаж, хоёр нь хүнд гэмтсэн ха­рам­ салтай хэрэг гарсан. Ослын шалт­гааныг тогтоохоор ажиллаж байгаа бө­гөөд замын эвдрэлээс болсон гэх урьдчилан таамаг байгаа. Энэ мэт цаг бусаар буюу хэн нэгний санамсар бол­гоомжгүйгээс нэгнээ алдсаар байх гэж үү.

Зөвхөн энэ оны эхний хагаст гарсан зам тээврийн ослыг сонирхоод үзье. Нийт ослын шалтгааныг тогтоож үзвэл  9876 буюу 94 хувь нь жолоочийн буруугаас болсон байна. Мөн 346 буюу 4,7 хувь нь явган зорчигчийн буруугаас болж авто тээврийн осол  гарсан байна. Зөвхөн оны эхний хагас жилийн дүнг харахад ийм байгаа юм. Нийт ослоос явган зорчигч нийслэлд  38 нас барж, 166 нь гэмтсэн байгаа юм. Орон нутагт 19 хүн нас барж, 50 хүн гэмтсэн байна. Харин Улаанбаатарт есөн жолооч нас барж, 26 нь гэмтсэн, орон нутагт 32 жолооч нас барж, 23 нь гэмтсэн гэсэн тоо байна. 

Үүнээс гадна бас нэг анхаарал татахуйц тоо байна. Хохирсон жолооч болон тээврийн хэрэгслээр зорчиж байгаад осолд орсон хүмүүсийн 16,4 хувь хамгаалалтын бүсгүй явсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн 80,6 хувь нь хамгаалалтын бүстэй байсан учраас амь нас нь эрсдээгүй байгаа юм. Сүүлийн үед жолооч нар тээврийн хөдөлгөөнд орохдоо хамгаалалтын бүс хэрэглэх нь ихэссэн гэж замын цагдаа нар хэлж байсан. Энэ нь жолоочийг мөн тээврийн хэрэгслээр зорчигчдийг аюул осол, гэмтлээс хамгаална гэдгийг иргэд ойлгодог болсон бололтой. Гэсэн ч зургаан сарын дотор ийм олон хүн, дэргэдэх найз нөхөд, ойр дотны нэгийгээ алдсан гэж бодохоор гашуун санагдах. Авто тээврийн ослын улмаас өдөрт  нэг хүн нас барж байна гэсэн үг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр өдөр бүр 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг нь хүн амын нийт нас баралтын 12 хувийг  эзэлж байна гэжээ. Ослын улмаас амиа алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан байдаг. Эдгээр осол гэмтлийн 25 хувь буюу дийлэнх нь зам тээврийн ослоос шалтгаалдаг байна. Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 50 хувийг 15-44 насныхан эзэлдэг. Зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 85, зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой хөдөлмөрийн чадвар алдалтын 90, хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын  96 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолддог байна. Өдөр бүр ийм хэмжээний осол зөвхөн санамсар болгоомжгүй, хэн нэгний буруугаас үүсч байна гэдэг нь харамсмаар. Тэр дундаа Улаанбаатар шиг замын хөдөлгөөнд олон машин оролцож, чанартай чанаргүй жолооны курс төгсөгчид, арын хаалгаар авсан жолооны үнэмлэхний эзэд энэ их ослын эзэд байхыг үгүйсгэхгүй.

Үндэсний баяр наадмын дараагаас нийслэлчүүд хөдөөг зорих нь нэмэгддэг. Нийт ирсэн дуудлагыг зургаан сард нь хуваагаад үзвэл өдөрт 50 гаруй авто машины осол, аваар гардаг байх нь. Нийт ослын ноцтой, том осол нь орон нутгийн замд гардаг гэх. Орон нутгийн зам хөдөлгөөн багатай учраас хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй байх зэрэг олон шалтгаан байдаг аж. Зөвхөн орон нутгийн замд явган зорчигч 19 хүн нас барж, 50 хүн гэмтсэн. Харин тээврийн хэрэгслийн зорчигч 43 нас барж, 95 хүн гэмтжээ.

Хамгийн сүүлийн харамсалтай мэдээ гэвэл Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараагаас баруун тийш таван км зайд зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн амь эрсэдсэн. Үндэсний их баяр наадмын дараа орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийг дагаад зам тээврийн осол зөрчил ч гардаг. Энэ сарын 17-нд Сэлэнгэ аймагт Hyundai Grace маркийн 35-80 УБР дугаартай автомашины жолооч Ч нь Hyundai Aero city-540  маркийн 06-62 УБН дугаартай автобустай мөргөлдөж, жолооч 37 настай Ч болон 41-53 насны гурван зорчигч нас барсан. Нэг өдрийн дотор гурван хүн замын ослоор хорвоог орхино гэдэг харуусалтай.

Өнгөрсөн 2009 оны судалгаагаар улсын хэмжээнд Замын цагдаагийн газрын мэдээгээр 0-16 насны нийт 564 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс  36 нь нас барсан байна. Насаар нь авч үзвэл, 0-6 насных 16,3 хувь, 7-16 насных  83,4 хувийг эзэлж байна гэжээ.  Ямар насны хүүхэд илүү их өртөж байгааг харж байна уу. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ хараа хяналтаас гарсан, өөрийгөө даах чадвартай гээд анхаарах нь ховор болдог. Гэтэл таны хүүхэд хаана, хэнтэй тоглож байгааг та анзаардаггүй. Жолооч нар цаг ямагт анхааралтай байж, иргэд ч сонор сэрэмжээ алдалгүй, бага насны хүүхдээ ч хаагуур тоглож байгаад нь нэг анхаарал тавиад үзвэл илүүдэхгүй биз. Ялангуяа дулааны улиралд хүүхдүүд осолд өртөх нь элбэг байдаг аж. Замын хөдөлгөөнийг хүн бүр мэддэг хэрнээ тэр бүр биелүүлдэггүй. Та ч бас хүүхэдтэйгээ замын хөдөлгөөний аюулгүй дүрмийн талаар нэг ярилцаад үзэхэд илүүдэхгүй биз.

Гурван сая хүрэхгүй хүмүүсээ өдөрт нэг нэгээр нь зуурдаар алдаад байхыг хэн хүсэхэв. Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал сэрэмжтэй оролцож байхыг таниас, таны гэр бүлээс хүсэгчид олон байх биз ээ.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж