Ж.Гантөгс: Тамирчин хүн ямар ч амжилтын оргилд хүрч болно

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Ж.Гантөгс: Тамирчин хүн ямар ч амжилтын оргилд хүрч болно

Италийн Турин хотноо өндөрлөсөн байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын байт харвааны амжилт дахин сэргэж байгааг харууллаа. Олон улсын хэмжээний мастер дөрвөн зайн нийлбэрээр 1346 онож, сар гаруйн өмнө өөрийн тогтоосон улсын дээд амжилтыг даруй 10 оноогоор ахиулав. Ингэснээр 77 орны 199 эрэгтэй харваачаас есдүгээрт эрэмбэлүүлэн халз харваанд өрсөлдөж, Ирландын Кейт Хэнлоныг 7:3-аар, Польшийн Петр Новакийг 6:4-өөр, Японы Хидеки Кикүчиг 7:3-аар ялж, Канадын Жейсон Лионд 0:6-гаар ялагдан есдүгээр байраа баталжээ. Энэ амжилтаараа Лондон-2012 олимпийн наадамд цэц мэргээ сорих эрх биелүүлсэн юм.

Байт харвааны үндэсний шигшээ баг болон “Нийслэл өргөө” компанийн тамирчин Жанцангийн Гантөгс 1972 оны дөрөвдүгээр сарын 12-нд төржээ. Улсын гарьд Б.Гантогтох, улсын заан О.Одгэрэл нартай яг нэг өдөр мэндэлсэн чацуутан, дэлхийн чансаагаар 38-д яваа түүнтэй та бүхнийг уулзуулъя.

-Юуны өмнө олимпийн эрх авсанд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Байт харвааны спортоор хэзээнээс хичээллэх болсон бэ?

-Би 1988 оноос эхлэн энэ спортоор хичээллэж байна. Тухайн үед зөвхөн сонирхогч гэдэг утгаараа явдаг байлаа. Харин сүүлийн таван жил их спорт талаас нь харж бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Анх Спортын төв ордны хажууд сургалтын төв гэж байсан, тэнд байтын анги нээгдэхэд анхны багш Н.Саранчимэгт шалгуулан орж байлаа.

-Тамирчин хүний амжилтын үндэс нь бэлтгэл сургуулилт байдаг. Таны хувьд?

-2008 оны Бээжингийн олимпоос эхлэн бэлтгэлдээ нэлээд анхаарч эхэлсэн. Тамирчин хүн бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл ямар ч амжилтын оргилд хүрч болно.

-Гаргаж байсан амжилтаасаа дурьдвал?

-2000 онд Малайз улсад болсон олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртэж байсан. Мөн өнгөрсөн жил Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд арван хэдэд орсон. Харин энэ жилийн хувьд ДАШТ-д есдүгээр байрт бичигдсэн.

– Энэ спортоор хичээллэснээс хойш шантрах үе гарч байсан уу?

-Анхнаасаа өөрөө зорьж хүсч энэ спортыг сонгосон учраас одоохондоо тийм зүйл тохиолдоогүй байна.

-Байт харваагаар хичээллэхэд юуг голлон анхаарах ёстой вэ?

-Аливаа спортын төрөл хүнээс эв дүй, эвсэл шаарддаг. Үүнтэй адил харвах эвсэлтэй хүн байт сураар хичээллэх боломжтой. Гол нь техникээ зөв эзэмших. Түүнээс хүний хараа, бяр чадал чухал биш юм аа. Үйлдлийг хэр сайн давтамж үүсгэн харвана, тэрнийхээ хэрээр онодог.

-2012 оны Лондонгийн олимпоос өмнө ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?

-Наймдугаар сарын эхээр АНУ-ын Огден хотод болох Дэлхийн цомын гуравдугаар шатны тэмцээн бий. Мөн есдүгээр сарын эхээр дөрөвдүгээр шат нь Шанхайд болно. Нийт дөрвөн шаттай явагддаг, одоогоор хоёрт нь оролцоод байна. Ойрын төлөвлөгөө гэвэл үлдсэн хоёр тэмцээндээ амжилттай оролцох.

Олимпийн наадамд оролцсон Монголын байт харваачид:

1.Должингийн Дэмбэрэл                1972
2.Натжавын Дариймаа                    1972, 1976
3.Галсангийн Бямбаа                      1972  эрэгтэй
4.Гомбосүрэнгийн Энхтайван          1976
5.Нямцэрэнгийн Бямбасүрэн          1976, 1980    эрэгтэй
6.Цэрэндоржийн Дагвадорж            1976, 1980    эрэгтэй
7.Цэдэндоржийн Базарсүрэн          1980
8.Шагдарын Бямбасүрэн                1980
9.Сувдын Туул                               1988
10.Самбуугийн Оюунцэцэг             1988
11.Доржсэмбээгийн Эрдэнэчимэг  1988
12.Жаргалын Отгон                        1992, 1996
13.Жанцангийн Гантөгс                  2012     эрэгтэй

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж