Энэтхэгийн Ерөнхийлөгчийг угтаж авлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхийлөгчийг угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг Хатагтай Пратибха Девисингх Патилыг албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад Төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил, ноён Девинсингх Рамсингх Шекхават нарыг Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авав.

Угтах ёслолд монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд В.Энхболд, БСШУ-ны сайд бөгөөд Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ё.Отгонбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Үндэсний аюулгүй  байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид, Энэтхэгийн талаас Төрийн сайд Махадев С.Кандела, Парламентын гишүүн От Леча, Парламентын гишүүн Сушила Тирия, Парламентын гишүүн Маникрао Х.Гавит, ЕТГ-ын дарга Кристи Фернандес, ГХЯ-ны Төрийн сайд Санжей Сингх тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

Угтах ёслолын үеэр хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

 БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил Төрийн ордонд зочилж, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд  хүлээн авч, ёслолын уулзалт хийв. 

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж