Ц.Элбэгдорж Энэтхэгийн Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Энэтхэгийн Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил-тай албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил-тай албан ёсны хэлэлцээ хийв. Яриа хэлэлцээ ажил хэрэгч, бүрэн ойлголцсон, элэгсэг дотно уур амьсгалд болсон бөгөөд хоёр тал 2009 онд БНЭУ-д хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас хойш Монгол, Энэтхэгийн харилцаанд гарсан ахиц дэвшлийг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Хоёр Ерөнхийлөгч талуудын хүч чармайлтын дүнд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж, эрдэс баялаг, уул уурхайн салбарт бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг онцлон тэмдэглэж цаашид хоёр орны хооронд цөмийн эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд мөн шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, мөн нийгмийн хамгаалал, байгаль орчин болон орон нутаг хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээр тохиролцлоо.
 
 Хоёр тал Улаанбаатар хотод Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн Монгол-Энэтхэгийн хамтарсан төв байгуулахад зориулж БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.
 
 Энэтхэгийн тал хоёр орны хооронд соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог жилд 50 хүртэл нэмэгдүүлэх, мөн Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдагсдын тоог жилд 150-д хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Түүнчлэн хоёр тал Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургууль, Важпайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологийн төвийн сургалтын баазыг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
 
 Хоёр орон бүс нутаг, олон улсын тавцанд бие биенээ дэмжиж хамтран ажиллаж ирсэн уламжлалаа бататгахын хамт, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаанд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, ялангуяа ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

БНЭУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патилын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал амжилттай үргэлжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж