Төсвийн хууль түүхийрэх цондон

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Төсвийн хууль түүхийрэх цондон

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож тогтоолоор батлаад байна. Түүнээс харвал их цомхон жагсаалт гаргажээ. Өнгөц үзвэл уртаашаа наймхан хуулийн төсөл “өрсөн”  харагдана. Харин лавшруулбал нэг удаагийн хуралдаанаар илээд баталчихдаг 20-30 хуулиас ч нүсэр төслүүд.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг байрлуулсан байна. Төсөв бол дөрвөн хэлэлцүүлэг дамжиж батлагддаг цорын ганц хууль. Бас заавал арванхоёрдугаар сарын 1 гэхэд гараас бүтэн гаргасан байх хуулийн хатуу хугацаатай. Түүнээс хоцорвол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа зэргийг тооцоод ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх боломжгүй болно. Бүтэн хоёр сар “нухаж” баталдаг энэ хууль харин намрын чуулган руу ухраасан зарим хуулийн сүрд дарагдаад “түүхийрч” мэдэхээр байна. Учир нь гэвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийг намрын чуулганы эхэнд батална гээд хойш тавьчихсан. УИХ дахь Ардчилсан нам болон МАН-ын бүлгийнхэн холимог тогтолцоот сонгуулиа мажоритари дээр суурилуулах уу, пропорциональ дээр голлуулах уу гээд тохиролцоонд хүрч чадалгүй, сүүлдээ ард нийтээс санал асууж сонгуульгүй жил сонгууль явуулж арван хэдэн тэрбум төгрөг үрэхээ шахаад больсон. Ардчилсан намын бүлэг санал асуулгаас татгалзаагүй бол аймгуудын энэ олон тэгш ойн баяр наадмууд ард нийтийн санал асуулгын талбар болох шахсан л даа.

Ардчилсан намын бүлэг пропорциональ тогтолцоог давамгайлуулъя, эсвэл 38:38 гэсэн тэнцүү харьцаагаар хоёр тогтолцоогоо “хольё” гээд МАН-ыг нааш харуулж чадаагүй. Намын нэрээр санал хураахад өнгөрсөн жил гээж орхисон МАХН гэдэг нэр андуурал тарьж сонгогчдын толгой эргүүлэх тул МАН түүнээс эмээхдээ мажоритари давамгайлна гээд тас гэдийчихсэн хэрэг. Тэр нь “Пропорционалиар санал хураавал Үндсэн хууль зөрчинө” гэсэн том шалтагтай. Энэ гацаанаас УИХ тийм ч амархан гарч чадахгүй нь тодорхой. Намрын чуулган хүртэл хойшлуулсан нь “Сүх далайтал үхэр амар” гэдгийн үлгэр болсон л доо. Энэ хуулийн хөлд Төсвийн хууль чирэгдэж сэвэлгүй гаргачихсан бууз шиг юм болж хөөгөө тарьж мэднэ.

Тавантолгой гэж том асуудлыг бас намрын чуулган руу чихчихсэн. Хавар хүн болгон хувьцаатай боллоо гээд зарим хөөргөн нь хундага тулгаад байсан яалаа. Брокерийн пүүсүүд самбаа гаргаж “Ах аа, эгч ээ, тавхан мянгаар данс нээгээд өгье” гээд хаалга хамар тогшоод явсан ч хаачсан билээ. Юм болгоныг намрын чуулган руу шилжүүлсээр байтал авдар сав юм бол амаараа гарах дөхөөд байна.
Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ азаар хаврын чуулганы төгсгөлд баталсан. Гэхдээ завсарлаж, завсарлаж гарын үзүүрээр баталсан болохоор төсөв батлах үед илрэх “но” багагүй бий.  Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл гэж лут юм бас бий. Оюутнуудаа тэтгэлэгтэй болгочихсон. Одоо гурваас дээш хүүхэд төрүүлсэн ээжүүдээ хүүхдийн тооноос ннь хамаарч цалинтай болгоно гэж байгаа. Араас нь залгуулаад Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл орж ирнэ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл гэж намрын намарт хэлэлцдэг тогтоолын төслийг хэлэлцэх ёстой. Ирэх жилийн инфляци, үнийн ерөнхий хандлага, валютын нөөцийг тогтоох гээд амин чухал тогтоол л доо, уг нь.

Мөн ирэх намрын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Орон нутгийн засаг захиргааны бүтцээс эхлүүлээд ярих юм их байгаа дуулдсан. Шүүхийн тухай багц хуулийн төсөл гэж том асуудал байна. Дотроо тав, зургаан том хуулийн төсөлтэй. Үүнийг шийдчихвэл Монголын шүүх, хууль цааз орчин үетэй хөл нийлүүлэх юм гэсэн. Газрын тухай багц хуулийн төслийг шинэчилж найруулах гэж байна. Бас Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирнэ. Түүнийг баталчихвал 2012 онд УИХ, орон нутгийн сонгуулиа нэг өдөр зэрэг хийх гэж байгаа юм. Зун, намар хоёр сонгууль хийж байснаас тэр нь хэмнэлттэй л дээ. Гэхдээ луйвар, зальхай нь яадаг юм бол гэхээс.

Энэ намар иргэн болгоноо ухаантай иргэний үнэмлэхтэй болгоно гээд байгаа. Тэгээд ирэх жил энэ хоёр сонгуулиа цахим маягаар хийнэ гэж эрхэм гишүүд ам бардам суугаа. Иргэн Болд энд тэнд хэсээд дахин дахин сонгуульдах боломжгүй. Ухаантай үнэмлэх нь “ховлочих” юм гэнэ лээ. Аль 2000 оноос сольсон одоогийн иргэний үнэмлэхээ авалгүй хуучны улаан паспортоо бариад сонгуульд санал өгнө гээд ороод ирдэг нөхөд одоо ч байдаг. Эрх биш Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийн ачаар цэгцэрч байгаа байлгүй. Одоо л улаан паспортоо янзалж дуусч байгаа бидний нөхөд ирэх жил хүн болгон өөрөөсөө илүү ухаантай, эзнээ эзнээс нь илүү таньдаг үнэмлэхтэй болчихоод бараг онлайнаар сонгуульдана гэвэл арай барахгүй байх аа. Намрын чуулган нэг иймэрхүү даахгүй их ачаатай болох янзтай байна. Наймхан асуудалтай гэж басч болохгүй нь ээ, янз нь.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж