АНУ, Европын хувьцаа унасаар байна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

АНУ, Европын хувьцаа унасаар байна

Өнгөрөгч даваа гаригт АНУ болон Европын орнуудын хувьцаа огцом унасныг ISM судалгааны төв тэмдэглэлдээ дурьджээ. Хувьцаа унах болсон хамгийн том шалтгаан нь АНУ-ын өрийн хямрал аж. Тухайлбал, FTSE 100 гэх Английн компанийн хувьцаа 0,4 хувиар, DAX гэх Германий компанийн хувьцаа 1,9 хувиар, CAC 40 гэх Францийн компанийн хувьцаа 1,3 хувиар тус тус унасан үзүүлэлт ажиглагджээ. Энэ судалгаа гарсны дараа Вашингтон өрийн хямралын талаарх шинэ бодлогод гарын үсэг зурсан билээ. Энэ бодлогоор бол АНУ хоёр жилийн дотор үүсээд байгаа өрийн нэг триллион долларыг төлж барагдуулах юм. Мөн Азийн хөрөнгийн зах зээлд хувьцааны уналт ажиглагдаж байгаа бөгөөд цаашид ч дэлхий даяар хувьцаа унах үзэгдэл ажиглагдах болно гэдгийг ISM судалгааны байгууллага нотолж байна.

АНУ-д үүсээд байгаа өрийн хямрал жирийн иргэдэд хүндээр нөлөөлнө

АНУ-д үүсээд байгаа өрийн хямрал жирийн иргэдэд хүндээр нөлөөлөх тухай олон улсын ажиглагчид мэдэгдэж байна. Хоёр жилийн хугацаанд төлөх нэг тэрбум долларыг гаргахын тулд төсвөөс танах бөгөөд юун түрүүнд татвараа нэмэгдүүлж, зарим албан байгууллагууд өөрийн ажилчдаа цомхотголд оруулах хүртэл арга хэмжээг авах ажээ. Ажиглагчдын үзэж байгаагаар 2013 оныг дуустал АНУ-ын татвар өндөр хэвээр байх гэнэ. Хөрөнгийн зах зээлд үүсээд байгаа хямралаас шалтгаалж олон арван харилцагчид хөрөнгийн биржүүдээс хувьцаагаа татаж эхэлсэн учир хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага ажиглагдах аж. Мөн байшин, орон сууц, машины зээлийн хүү мэдэгдэхүйц өсөх хандлага ажиглагдаж байгаа юм. Энэ бүгдээс шалтгаалан энэ оны эцэс гэхэд АНУ-д ажилгүйдэл сүүлийн 10 жилд байгаагүйгээрээ нэмэгдэх төлөв байгааг сануулж байна.

АНУ-ын өрийн хямрал дэлхийн эдийн засагт хохирол учруулна

Даваа гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр Евро групын дарга Жан Клод Юнкер “АНУ-ын өрийн хямрал энэ чигээрээ үргэлжилбэл дэлхийн эдийн засагт хохирол учруулна. Хэрвээ саяхан баталсан бодлого нь хэрэгжээд АНУ өрийн дарамтнаасаа салбал Европ, цаашлаад дэлхийн эдийн засагт сэргэлт гарч ирэх гээд байна” гэж мэдэгджээ. Тэрээр өөрийн мэдэгдэлдээ Грекийн авлагыг хэрхэн барагдуулах, ямар үйл ажиллагааг хэрхэн хийх талаар олон талын яриа хэлэлцээрийн дүнд шийдэгдэхийг мөн онцолсон юм. Өнгөрөгч сард Брюссельд болсон Евро группын хуралдаанаар Грекийн авлагын тухай ярилцсан ажээ. Грек, Португальд үзүүлсэн мөнгөн тусламжийн асуудал нэмэгдээд АНУ-ын өрийн хямрал Европын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа хэдий ч Европын холбооы улсууд Грекийн авлагын талаар нухацтай ярилцаж, шинэ бодлого боловсруулах гэж байна.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж