“Mongolia Bike Challenge”-ын эхний гарааны ялагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

“Mongolia Bike Challenge”-ын эхний гарааны ялагчид тодорлоо

Монголын говь, хангай хосолсон нутгаар хоёр дахь жилдээ зохиогдож буй “Mongolia Bike Challenge-2011” уулын дугуйн олон өдрийн уралдааны эхний гараа өчигдөр болж, ялагчид тодорлоо. Энэ жилийн уралдаанд 12 багийн 59 тамирчин нийт 1200 км замыг есөн гараанд туулж, барианд орох юм. Өнгөрөгч ням гаригт Улаанбаатар хотын төв цэгээс аян замдаа гарсан дугуйчдын эхний гараа Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос эхэлж, 80 км замыг туулж Дундсайхан уулын энгэрт очсоноор өндөрлөсөн. Тус гараанд Канадын тамирчин Кори Уоллос гурван цаг, 33 минут, 04 секундын амжилтаар тэргүүлсэн бол түүний нутаг нэгт Крейг Ричи түүнээс таван минут, 57 секундээр хоцорч, удаахь байрт шалгарчээ. Харин өнгөрсөн жилийн аварга тамирчин, Италийн алдарт дугуйчин Марзио Дехо тэргүүлэгчээс найман минут, 40 секундээр хоцорч, 03:41:44 цагийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна. Сонирхуулахад, өчигдөр түүний 43 насны төрсөн өдөр тохиожээ.

Уралдааны эмэгтэйчүүдийн ангилалд Австралийн тамирчин Мелинда Жэксон 04:29:45 цагийн амжилтаар түрүүлснээр тамирчдын нийлбэр дүнгээр 19 дүгээр байрт бичигджээ.

“Mongolia Bike Challenge-2011” уралдаанд Монгол Улсаас “Аттила” багийн таван тамирчин хурд хүчээ сорьж буй. Тэгвэл өчигдөр болсон эхний гараанд Монголын тамирчдаас М.Батмөнх /04:28:05/ 17 дугаарт, н.Түмэндэмбэрэл /04:28:39/ 18 дугаар байрт, Д.Эрдэнэбаяр /04:45:49/ 23 дугаарт, М.Уламбаяр /04:45:49/ 24 дүгээрт, Л.Батбаяр /05:2314/ 40 дүгээр байрт тус тус бичигджээ.

Уралдааны хоёр дахь гараа өнөөдөр болж буй бөгөөд тамирчид Даланзадгад хотоос баруун хойш орших Дундсайхан уулын бэлээс хөдөлж, Gobi Discovery бааз хүртэл 126 км зайд уралдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж