Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэв

Өнөөдөр “Үндэсний соёмбо” хөдөлгөөн болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 120 мянгатын 14,15 дугаар байрны оршин суугчид Монгол Ньюс  мэдээллийн төвд  хэвлэлийн  бага хурал хийлээ. Эдгээр хоёр байрны урд талд  нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар  ашиглан 13 давхар  хоёр барилгыг зочид  буудлын зориулалттай барьжээ.  Үүний улмаас оршин суугчид 2006 оноос хойш одоог хүртэл таван жил цонхоороо нарны гэрэл үзэлгүй, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадахгүйд хүрээд байгаа юм байна. Түүнчлэн нар үзэхгүйгээс болж байр нь дороосоо эвдэрч хагарал үүссэн зургыг бидэнд харуулсан юм. Хурлын үеэр  “Үндэсний соёмбо” хөдөлгөөний гишүүн, өмгөөлөгч Л.Гансүх хэлэхдээ барилгууд хоорондоо 45 см зайтай, барилгын норм дүрмийг зөрчсөн олон зүйл илэрсэн хэдий ч одоог хүртэл байсаар л байна. Шүүхийн болон холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хангалттай гарсан боловч тэдгээр нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр цонх хааж барилга барьсан газрын зөвшөөрлийг хүчингүй болгон газрыг чөлөөлөхийг шийдвэрлэсэн мөн Нийслэлийн засаг даргын захирамжаар зочид буудлын С блокын хэсгийг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн хэдий ч эдгээр шийдвэрүүд огт хэрэгжихгүй байгаа нь олон иргэдийн эрх ашгийг үл ойшоосон хэрэг болж байна гэлээ. Одоо дээрх асуудал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очсон бөгөөд нийслэлийн засаг даргын албан тоотоор бариулсан гэх Х. Анхбаяр, Л. Чимгээ нарыг нийслэлийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа гэх боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа аж. Энэ байдал удаан үргэлжилснээс үүдэн 14,15 дугаар байрны оршин суугчдын дунд ясны сийрэгжилт, амьсгалын замын өвчин ихээр гарч, биеийн эсэргүүцэл муудсан байдал түгээмэл ажиглагдаж байгаа гэнэ. Цаашдаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж, дүгнэлт гаргуулан холбогдох байгууллага албан тушаалтанд харицлага тооцож, бидний сэтгэл санаа болон эд хөрөнгө, эрүүл мэндэд учруулсан хохирлыг арилгуулах болно гэдгээ оршин суугчид энэ үеэр хэлсэн юм.

 Э.Энхчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж