Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Засаг ноёны улс төр

Монголын улс төр жалганд хөгждөг. Жалга ч гэж дээ, аймгийн нутгийн зөвлөлийг л ийн нэрлэж байгаа хэрэг. Хэрэв шууд утгаараа жалганд хөгждөг байсан бол одоогийнх шиг бохир, арчаагүй, увайгүй, бүдүүлэг, ичих нүүргүй байхгүй нь тодорхой. Ядаж л нүүдэлчдийн соёл иргэншлээр нь бодвол шүү дээ. Харин тэрхүү жалгын үзэл нь аймгийн нутгийн зөвлөлийг түшиж, улмаар аймгийн нутгийн зөвлөлийг удирддаг тэрхүү хэсэг бүлэг хүний эрхшээлд орсны илрэл юм. Үүнийг мэдэхийг хүсвэл та төрийн өндөр дээд албан тушаалтанд аль аймгийн хүн заларч байгааг анхааралтай ажиглаж хараарай. Хариулт нь эндээс олдоно. Тэрхүү хариултаа Монгол Улсын улс төрөөс бусад салбар руу чиглүүл. Спорт, урлаг гээд л…Адилхан л дүр гарна. Наад зах нь, нийтийн дууны нэгэн үеийн зах зээлийг Увс аймгийн залуус эзэгнэж байсан шиг төрийн албанд ч тэр адилхан.

Гэхдээ төрийн албанд нийтийн дуучид хүч түрээгүй нь ойлгомжтой. Харин гарын арван хуруунд багтах цөөхөн аймгийн нэр тодорхой нөхөд л дарга хэмээн өргөмжлөгдөх эрхтэй болчихсон аж.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн мэдэлд ямар агентлаг байдгийг та мэдэх үү. Мэдээж юун түрүүнд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг нэрлэж болно. Тэрбээр аймгийнхаа 80 жилийн ойд нисдэг тэрэг хөлөглөн очсон нь өдгөө шуугиан дэгдээгээд буй. Түүнчлэн түүнийг албанаас нь буулгах хүчтэй эр ойрын хоёр, гурван жилдээ л олдохгүй гэх яриа бий. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан. Хоёр ч удаа өөрийн албандаа улирч үлдсэн нэгэн. Түүнийг огцруулах саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд олонтаа оруулсан. Гэвч дийлээгүй. Шалтгаан нь Д.Лүндээжанцан хэмээх Өвөрхангайн лут ганц “шүтээн”-ий хамаатан гэх тодотгол. Гол нь дээрх хоёр эрхмийн нөлөөгөөр Санхүүгийн зохицуулах хороо болон Төрийн өмчийн хороонд Өвөрхангайн гаралтай албан тушаалтнууд олон болсны зэрэгцээ “Дарга солигдоход л би солигдоно” гэсэн лоозонгоор амьдардаг гэхэд болно. Д.Лүндээжанцан даргын нутгийн олондоо хүргэсэн дараагийн нэг том тус бол Монголын хууль, шүүхийн салбарт Өвөрхангайн бүлэг гэр бүлийг өнөр өтгөн болгосон гавьяа. Эхлээд хуульч болгоно. Дараа нь ажил олж өгнө. Болж өгвөл дээш нь татаж салбарыг атгах найдвартай ар талыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй гишүүнчлэлийн эрх нээнэ гэсэн үг. Энэ бол зөвхөн жишээ. Дээрх хоёр агентлагийн даргын тухайд ч адилхан.

Дараагийн нэг сонирхолтой аймаг бол Хөвсгөл. “Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар Санжаагийн Баярыг сонголоо” хэмээх мэдээ хэвлэлийн хуудаснаа гарахтай зэрэгцээд л Хөвсгөлийн хурган дарга нарын тоо огцом өссөнийг батлах нэг нь баримттай нь ярих нь бий. Наад зах нь, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон гэх мэт. Жагсаалт үүнээс ч урт үргэлжилж болно. Гол нь, бүгд л Ерөнхий сайд асан С.Баярын үед төрийн өндөр албанд буусан учраас энд илүүрхэж магтаад, шүүмжлээд байх хэрэггүй.

Өөр нэг сонирхолтой жишээ нь мэдээж Увс. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, тус яамны дэд сайд В.Удвал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр гээд л цааш явна. Дуусна гэдэг ч хол. Дуусгахгүйн төлөө ч Увсын нутгийн зөвлөл, аймгийн лидерүүд нь ихийг хийдэг. Энэ мэт дурдах аймаг, дурсах албан тушаалтнууд хангалттай олон.

Гагцхүү эндээс “Монголд улс төрөөс бусад нь хөгждөг” гэдэг асуултад тодорхой нэгэн хариу гарч ирэх юм. Бид цаг үргэлж л “Монгол Улс хөгжиж байна”, “Манай монголчууд мундаг байна” хэмээн ярилцдаг. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа…тэдний араас залгамжлан гарч ирж буй олон арван шилдэг тамирчид, дэлхийд үнэлэгдэж буй төгөлдөр хуурчид гээд л. Мэдээж тэдний амжилтаар бахархахын зэрэгцээ Монголынхоо бизнес эрхлэгчдээр ч тэр бахархахгүй байхын аргагүй. Дэлхийн технологийг Монголд нэвтрүүлж, олох орлогынхоо ашгийг улс орныхоо хөгжилтэй хамтад нь ахиулж буй тэд өнөөдөр Улаанбаатар хотын нүүр царайг өнгөтэй өөдтэй, итгэл дүүрэн болгож байгаа нь нууц биш. Ингээд бодохоор “Монголд улс төрөөс бусад нь хөгждөг” гэдэг хариулт гарч ирэх аж.

Улстөрчид л хөгжихгүй, өөрсдийн төлөөх орлого, зарлагынхаа тооцоон дээр мэтгэлзэж, улс орны удирдлагыг жалгын сэтгэхүйгээр хуваарилаад байгаа болохоор тэд бусдын хөгжилд тушаа болох болж. Хэрэв төр ийм хүчгүй бас ийм жижигхэн ашиг сонирхолд барьцаалагдаагүй байсан бол Монгол Улс илүү хол үсэрч, хөгжлийн түүхээрээ дэлхийд үлгэрлэх байсан биз. Яг л Сингапур шиг. Гэтэл бид нар өнөөдөр тэдний балгаар “Монгол Улс Сингапур шиг болоосой” хэмээх хий хоосон мөрөөдлийнхөө төлөөсөн дунд амьдарч байна. Тэр мөрөөдөлд ямар ч итгэл найдвар, хүсэл эрмэлзлэл гэж алга. Энэ бол улстөрчдөөс асуух гэм нүгэл.

Тэд асуудалд дээр онцолсон жишээ шиг нутаг нугын сэтгэхүйгээр ханддаггүй байсан бол Монголын мянга, мянган чадварлаг залуус төрийн албыг сэтгэхүйн хувьд өөрчлөх байсан уу гэвэл “Тийм” гэдэг хариулт өгмөөр байна. Хөгжлийг, чин сэтгэлийг, эрх ашгийг арай өөрөөр хардаг залуус Монголоос хайгаад олдохгүйдээ бус харин хайх нь бүү хэл харахыг ч хүсэхгүй байгаа учраас тэд итгэл найдвараа гээж байгаа юм. Учир нь, хэн ч хий хоосон руу тэмүүлэхгүй шүү дээ. Иймд хөгжил хаана байгаа тухай бус харин хөгжлийг бий болгохын тулд юун түрүүнд жалгын сэтгэхүйгээ өөрчлөхийг улстөрчдөөс гуймаар байна. Гэвч энэ гуйлтыг эрх мэдэлтнүүд авч хэлэлцэхгүй нь харамсалтай.

Энэ тохиолдолд дэлхийн хүчирхэг улс орны улстөрчид, төрийн тэргүүнүүд хөгждөг юм уу гэсэн асуултын хариу нь ямар гарах бол. Тэд итгэл үнэмшлээрээ “Би улс орноо хөгжүүлэх ёстой” гэдэгт итгэсэн учраас л улс нь хөгжөөд байгаа хэрэг. Мэдээж бүх улсад олонхийн суудал авсан нам нь засгийн эрхийг гартаа авч, албан тушаалын хуваарилалт явуулдаг ч өөрийнхөө төрж өссөн гудамжныхаа найзыг ажилд оруулах гэж зүтгэдэггүй гэдэг. Манайх шиг жишээг Египет, Хойд Солонгос, Ливи гэх мэт өнөөдөр удирдагчийнхаа эсрэг ард түмэн нь боссон тэр улсуудаас л хайхад олдоно. Харин Америк, Англи, Канадаас та бид хэзээ ч олж чадахгүй. Яагаад гэхээр ухамсартай удирдагчид, “Би ардчиллыг хөг­жүүлнэ” гэдэг амлалтандаа хүрч чаддаг лидерүүд манайхан шиг увайгүйтддэггүй юм. Тэд харин нийгмийг цэвэрлэхийг илүүд үздэг. Иймээс энэ их увайгүйтэл дунд урагшлан хөгжиж буй бизнесийн салбарынханд, Монголын урлаг, спортыг дэлхийд мандуулж буй шилдэг залууст тусгайлан баяр хүргэе. Харин улстөрчдөд хандаж “Ядаж засаг ноёны улс төрөө боль” хэмээн шаардах ёстой биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж